Connect with us

Улс төр

Б.Батцэцэг сайдын найрааны консул, Элчид сайдын цуваа Б.Хурцаар үргэлжлэх нь

Published

on

Олон жилийн өмнөөс тогтсон дүрэм, журмыг энэ Засгийн газар үл тоож, заримыг нь бүрмөсөн орхигдуулж, заримыг нь өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн өөрчилж, төрийн мерит зарчмыг үгүйсгэж эхэлсэн. Сүүлийн жишээ гэвэл, Дэлхийн олон улсад суух консул, Элчин сайд нарын томилгоо юм. Монгол Улсын нүүр царай болж, дипломат албаны нэр хүндийг өндөрт өргөж явах ёс зүй, мэдлэг чадвар, туршлагатай эрхмүүдийг эл албанд тохоон томилсоор ирсэн.Гэтэл Консул, Элчин сайдын томилгоог  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээс татгалзаж, бүрэн эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт бүрэн шилжүүлжээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ганц гялтайх сайд гэдгийг хүлээн зөвшөөрч болох ч эрх мэдлээр ингэтэл нь бялууруулж үл болно.

УИХ-ын чуулганаар хэлэлцэн, санаа оноогоо уралдуулан, сайн мууг нь хэлэлцэн, эцэст нь захиа даалгавраа өгч, нарийн шүүлтүүрээр оруулж байж консул, Элчин сайд нарыг томилдог  байсан бол өдгөө хатагтай Б.Батцэцэгийн үзэмжээр шийдэхээр болж байна. Үүнийг дагаад авлига, албан тушаалын хэрэг ч цэцэглэхийг үгүйсгэхгүй.  Б.Батцэцэг сайдыг тойрон эргэлдэн тал засаж,  гаднын хөгжилтэй аль нэгэн улсад хэдэн жил амар жимэр элбэг дэлбэг амьдрахыг хүсэхгүй хэн байх билээ.  Өмнө нь дипломат албанд төдөн жил ажилласан, гадаад хэлний яриа, бичгийн өндөр чадвартай, ял шийтгэл эдлээгүй зэрэг босго тавьдаг байсан бол өдгөө танил тал, хөрөнгө мөнгөтэй нь энэ алба руу шуурахаар болж байна. Эн тэргүүний жишээ гэхэд,гаднын улс орноос бусдыг хулгайлсан хэрэгтээ олон улсын шүүхээр орж байсан, иргэдийг эрүүдэн шүүсэн хэрэгтээ Монголын гурван шатны шүүхээс ял сонссон этгээд  Тайваньд консулоор очихоор болжээ.  Дипломат албаны залгамж халаа ийнхүү Б.Батцэцэг сайдын үед тасрах нь.  Үүний өмнө Үндсэн хуулийн Цэцийн дарга асан “өгзөг” хочит Д.Одбаярыг Хонгонкт консулаар томилсон бол АНУ-д суух дэд консулаар  АН-ын С.Эрдэнийг томилсон. БНСУ даяар хүчирхийллийн хэрэгт буруутган шуугьсан  хүнд хариуцлага тооцох нь бүү хэл дэвшүүлэн томилж буйг шоглон Солонгосын телевиз мэдээлсэн. Харин байнгын хэл аманд орж, улстөрчдийг талцуулж, танхай, албан тушаалын хэрэгт холбогдон дуулиан тарьж явдаг С.Эрдэнийг АНУ-д  дэд консулаар томилсон нь мөн л олныг бухимдуулсан. Тиймдээ ч  АНУ дахь монголчууд  хэчнээн эсэргүүцээд ч дийлээгүй. Энэ мэтчилэн шалгуур, босгогүйгээр чухал албаны томилгоог хийж эхнээсээ  шүүмжлэл дагуулсан ч үл тоон  өдгөө цааш Б.Хурцаар үргэлжлэх нь.  Б.Батцэцэг хатагтайн эрх ашгийн зөрчил, албан тушаалын найрааны эзэд удахгүй ар араасаа тодрох биз ээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

Published

on

Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд зургаар оруулсан үйл явдал нь энэ хаврын “хит” боллоо. Гэхдээ эцэг нь Ерөнхий сайд биш, бизнесийн салбарынх байсан бол тэгж их сонирхол татахгүй байсан биз. Тэр компанийн захирлын хүү сүй тавилаа. Сүйт бүсгүйдээ тийм маркийн ийм автомашин бэлэглэв гэсэн мэдээ энд тэндгүй л цацагддаг. Тэрэнд ач холбогдол өгдөггүй, баян тарганыг нь гайхаад л өнгөрдөг.

Энэ удаа Ерөнхий сайдын хүүг онцолж, найз бүсгүйдээ 20 саяын цүнх бэлэглэсэн үйлдэлд эцгийг нь огцруулах хөдөлгөөн өрнүүлж буйгаараа онцлог. Ингэхдээ Ерөнхий сайдын гаргасан  улс төрийн шийдвэрт нөлөөлөх, тасалдуулах, хааж боох зорилготой нь анхаарал татаж буй юм. Учир нь ийм үзэгдэл, баримт жишээ Монголын улс төрд бий болоод удаж байна.

 

ШИЙДВЭР ГАРГАГЧДЫГ “АВЛАХ” ХАР ТЕХНОЛОГИ МОНГОЛД НУТАГШЖЭЭ 

 

Нэг жишээ дурдая. Одоогоос хэдэн жилийн өмнө мөнгөтэй том компани нийслэлийн цэвэр усны сан дээр газар авч, олныг хамарсан томоохон бүтээн байгуулалт барина гэхэд олон нийтийн эрх ашгийн үүднээс, хотын ирээдүй, хөгжлийн төлөө  хотын удирдлагууд эсэргүүцэж байв. Гэтэл тэрхүү шийдвэрийг гаргаад байсан албан тушаалтны эхнэр рүү мөнөөх компани залуухан хархүүг хөлслөн илгээж, хувийн харилцаанд оруулаад зогсохгүй, зураг, дүрс бичлэгийг авч нөхөрт нь илгээснээр санасандаа хүрч байсан гашуун түүх бий. Үүнийг шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хэнд ч сургамж болох, гашуун жишээ гэж болно.

Эцэст нь тэр компани санасандаа хүрч, тухайн газарт төлөвлөсөн обьектоо барьсан. Нийслэлчүүдийн цэвэр усны эх үүсвэр дээр “тухалсан” тэр компанийн асуудал дахиж яригдаагүй, сөхөгдөөгүй. Хотын удирдлагууд “ногоон гэрэл”-ээр батлаад явуулчихсан.Шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүсийг тэгж л авладаг, аргачлал гэх үү, “авлалт” гэхүү нэг ийм арга, “хар технологи” Монголд аль эрт бий болсон юм билээ. Тийм л тохиолдол сая Ерөнхий сайд дээр давтагдав.Мега төслүүд хэрэгжиж эхэлж буй үйл явдлын огтлолцол дээр ийм зүйл тохиож буй нь санамсаргүй явдал биш гэдгийг зарим ажиглагч, тоймчид хэлж буй юм.

 

Тэгвэл Засгийн газрын Шуурхай штаб өнгөрсөн бямба гарагт Туулын хурдны замтай холбогдох нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-тэй танилцах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс  хүүтэй нь холбоотой дээрх асуудлаар сэтгүүлчид асуулт асууж хариулт авчээ. Хэдийгээр ажил хэргийн чанартай биш боловч нийгэмд нэлээн шуугиан дуулиан дэгдээсэн, дээр нь  жагсаал цуглаан хүртэл зохион байгуулагдаад буй тул Ерөнхий сайд тайлбар өгсөн байна. Түүний хариултыг товчлон хүргэж байна.

 

“ОРЛОГОО НОТЛОХ ЁСТОЙГ ХҮҮДЭЭ ХЭЛСЭН”

 

Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ  “Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд ийм асуудал болсон, мэдээлэл авсан. Ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн байна. Найз охиных нь аав, ээжтэй уулзаж, танилцаж амжаагүй явна. Манай хүү хүнд хайр сэтгэлтэй болж, сүй тавих бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн зүгээс гаргаж байгаа шүүмжлэл зөв, зүйтэй зүйл. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах, орлогоо нотлох ёстой. Хүү маань “Хүнтэй сүй тавих гэж байгаа надад мөнгө төгрөг хэрэгтэй” гэж өмнө нь надад яриагүй. Миний завгүй явсан сул талтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Найз охиных нь аав, ээжтэй уулзаж, ярилцах аав хүний үүрэг надад ногдож буйг ухамсарлаж байгаа. Бөгж авснаа хүлээн зөвшөөрч байна, орлогоо нотлох ёстойг хүүдээ хэлсэн” гэсэн юм.

 

МИНИЙ ХОМ”-Д СОЛИГДООГҮЙ ХОЁР КОМПАНИ БАЙДАГ, НЭГ НЬ “ХЕРО”, НӨГӨӨ НЬ “ХҮЛЭГ”

 

Мөн тэрбээр “Анх удаа том хүүгийн минь мэдээлэл нийтэд гарч байна. “Янз бүрийн зүйлд орооцолдов, хүний нүдэнд харагдав” гэж байнга үглээд байдаг байсан нь буруу ч юм шиг байгаа юм. Насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө хүмүүст  танигдаад явах нь зөв зүйтэй зүйл болж магадгүй. Манай хүү багаасаа аялах дуртай, Монголдоо энэ чиглэлээр сурах сонирхолтой. Студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, “Херо”-той хамтарч ажилладаг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт солигдоогүй хоёр компани байдаг. “Херо” энтертайнментийн 50 хувь, нөгөө нь “Хүлэг” контент компани. Үүнтэй холбоотой контент хийгээд явж байгаа залуу. Яваандаа олон нийтэд мэдээлэл өгөөд явах нь өөрийнх нь асуудал. Хүүгийнхээ амьдрах орон зайд аав хүний хувьд халдахыг хүсэхгүй. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстойг хүүтэйгээ зарчмын хувьд илэн далангүй ярьсан” гэсэн юм.

 

“БИ БҮХ ОРЛОГОО ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГУУЛЖ, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШААРДАНА”

 

Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс  “Олон нийтийн зүгээс тавьж байгаа шаардлагад хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандаж байна. Олон нийтийг талцуулах асуудал болсонд хүлцэл өчиж, уучлалт гуйя. Засгийн газраас авлигын ялын бодлогыг чангатгаж, 12 жилийн хорих ял оноодог болсон. Төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Хууль батлагдвал улс төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүд Хүн амын орлогын албан татварыг бүртгүүлдэг болно. Татвар бүртгэгдэхээр датанууд ойлгомжтой болно. Орлогоо нотолж чадахгүй бол хураагддаг болно. Олон нийтийн зөвлөл болон бусад хяналтууд орно. АТГ болон хуулийн байгууллагуудтай хамтарч бүх нийтээр шалгаж, эргэлзээг тайлна. Миний хувьд нэгэнт ийм асуудал гарсан тул бүх орлогоо хуулийн дагуу шалгуулж, олон нийтэд танилцуулахыг хуулийн байгууллагаас шаардана” гэлээ. Харин өөрийн тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ товч дурдсаны дотор “Намайг янз бүрээр л хэлдэг. “Данх” гэх жишээний. Ард түмнээсээ дахин уучлалт гуйя. Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой хууль бус орлогоо нотолж чадаагүй “сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг” дээр асуудал үүсээд нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Баялгийн сангийн хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрхзүйн орчин, асуудалтай холбоотой асуудлыг зориудаар улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ялаанууд бий. Энэ “ялаа”-нуудад хандаж хэлэхэд: Та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй. Битгий горьд. Үүнтэй холбоотой асуудалд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна” гэсэн юм.

Дэлгэрэнгүй

Улс төр

Б.Энхбаяр: Төрийн ордонд хошин шог цаашаа юм болж байна

Published

on

УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН-ын Зөвлөл Засгийн газрын асуудлыг хаалттай хэлэлцсэн.  МАН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хагас сайн өдөр хийсэн тайлбараа л бүлгийн хурал дээр ярьсан. Миний хувьд бүлгийн хурлын эхэнд намын дарга, удирдлагуудыг оролцуулж байж залуусын тавьж байгаа шаардлага, түүнийг тойрсон улс төрийн асуудлыг ярья гэсэн санал дэвшүүлсэн. Улстөрчийн үг, үйлдэлд ёс зүйн хариуцлага нэхэх, шаардах эрх ард түмэнд нээлттэй. Парламентын хувьд намын Бүлэг, намын Их хурлаас байгуулсан бүтэц нь намын төлөөллийн дээд байгууллага буюу намын Бага хурал, түүнээс байгуулсан Удирдах зөвлөл гэсэн гурван үндсэн улс төрийн шийдвэр гаргадаг бүтэц ажилладаг. Намын даргын хувьд Удирдах зөвлөл болон Бага хурлыг ойрын үед хуралдуулъя гэдэг асуудлыг хөндөж ярьсан.
Миний хувьд энэ асуудлыг тодотгож “Энэ хурал дээр юу ярих вэ. Хэрвээ таны гэр бүлийн болон үр хүүхэдтэй буюу улс төрийн ёс зүйтэй холбоотой үүссэн асуудлыг намын Удирдах зөвлөл эсвэл Бага хурлаар ярих гэж байгаа бол үүнийг зөвшөөрөхгүй. Намын хамт олон таны гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой ёс зүйн асуудлыг нийтээрээ яриад санал хураадаг байгууллага биш. Биднийг бүгдийг татаж оруулаад, өөрөө магадгүй улс төрийн хүрээнд шийдвэр гаргах ёстой асуудалд парламентыг, намын гишүүдийг татан оруулж болохгүй. Энэ бол намын гишүүдийн асуудал биш. Намын гишүүд хариуцлага үүрэх ёсгүй. Үүнийг зөвшөөрөхгүй шүү” гэдгээ илэрхийлсэн.
 Ордонд хошин шог цаашаа юм болж байна. Хачин тайлбар тавиад эхнээсээ бүгд онигоонд орлоо. МАН, АН, ХҮН дарга нар бүгдээрээ юу болоод байна вэ. Засгийн газрын асуудал болохоос ард түмний төлөөлөл болсон парламентын асуудал биш шүү. Сүүлдээ “Би үхэхдээ  тулбал бүгд үхнэ шүү” гэдэг зарчим барих гэж байгаа бол үүнийг зөвшөөрөхгүй шүү л гэдгээ хэлсэн. Энэ хамтын зовлон юм уу. Яагаад хамтын хариуцлага үүрэх хүртэлх түвшин рүү оруулах гээд байгаа юм бэ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж, Засгийн газар нь огцордог байж болохгүй

Published

on

Шадар сайд, ХҮН-ын  дарга Т.Доржханд Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Орлогоо нотлох хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй юм байна. Бүх улстөрч орлогоо нотлуулъя. Ингэж бүгдээрээ энэ асуудалд цэг тавъя. Нотолж чадаагүй нь орлогоо улсдаа тушаах, нотолж чадсан нь цаашаа явах хэрэгтэй. Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй. Хуулийн байгууллагаас бие даасан байдлаар хэргийг хянаж шалгах үүрэгтэй. Цөөн монголчууд нэг талдаа гарахгүй зөрчил хуваагдал үүсвэл бүр хэцүү. Хэрүүл маргаантай айлд ямар зочин ирэх вэ. Өнөөдөр муу хэлүүлж, адлуулж болно. Ард нь улс орны эрх ашиг байх ёстой. Өнөөдөр Т.Доржханд, Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ муу хүн байж болно. Ерөнхийлөгчийн засаглал руу битгий ороосой гэж хүсэж байна. Ингэснээр бид парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой. Бид үйл хэргээсээ огт ухраагүй. Хэн нэгний өөдөөс цэх хараад үгээ хэлж чадна. Дэд бүтцийн төслүүдээ явуулж, ардчиллаа хөгжүүлнэ. Бид зөөлөн суудал, халуун хөнжил хүсээгүй” гэв.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.