Улс төр
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан тус бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны тавдугаар сарын 14-нд багтаан эхлүүлж, төлөвлөгөө гарган ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаны хүмүүст даалгаж, төмөр замын барилгын бүсэд техник, тоног төхөөрөмж, барилгын болон өдөр тутмын бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэх зохицуулалт хийж, БНХАУ-ын талтай уялдаа холбоог хангаж, бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг анхаарууллаа.
Улсын Их Хурлаар баталсан “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т бодлогын үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барина гэж тусгасан. Тус төслийг хэрэгжүүлснээр манай улсын нийт экспорт болон, зорчигч, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал нэмэгдэж, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчид ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлаа хангах, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн товлолын дархлаажуулалтын хамралтын байдалд эрүүл мэндийн байгууллагатай хамтран хяналт тавьж, нөхөн дархлаажуулалтыг дэмжих, анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус үүрэг болголоо. Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгалаа
Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрыг тус тус татан буулгалаа.Татан буугдсан байгууллагуудын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэгт шилжуулэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зуй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус даалгалаа.
Ноолуур худалдан авах нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана
Малчдын орлогыг тогтвортой байлгах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор 2025 онд улсын хэмжээнд бэлтгэх ноолуур худалдан авахад шаардагдах санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж вексель гаргана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 2025 оны ноолуур бэлтгэлийн эргэлтийн хөрөнгийн зээлд зориулан 230 тэрбум төгрөгийг 30 гаруй компани авч 1525 тонн ноолуур бэлтгээд байна.
Дотоодын боловсруулах үйлдвэрүүд энэ жил 3500 тонн самнасан ноолуур эскпортлож, 2,5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн борлуулан, салбарын нийт орлогыг 1,8 их наяд хүргэж борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үйлдвэрлэлийн жигд үйл ажиллагааг хангах, малчдын мөнгөн орлогыг бууруулахгүй байх зорилтын хүрээнд 5600 тонн түүхий ноолуур бэлтгэх шаардлагатай ба энэ асуудлыг шийдвэрлэх санхүүжилтийн бүтээгдэхүүн болох векселийг гаргах боломжтой бөгөөд тулгарсан асуудлыг даван туулахад томоохон түлхэц болно. Ингэснээр үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж дэлхийн ноолуурын зах зээлд өрсөлдөх боломжоо алдахгүй, малчдын орлогыг бууруулахгүй байх боломжтой гэж үзэж Монголбанканд вексель гаргахыг зөвлөлөө.
Уул уурхайн бус экспортын гол бүтээгдэхүүн ноос, ноолуурын боловсруулалтын түвшинг үе шаттай ахиулж дотооддоо бүрэн боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдүүлнэ.
Улс төр
Б.Пүрэвдорж: Бүх шатанд авлига хээл хахууль газар авсныг эсэргүүцсэн иргэд Төв талбайд жагсаж байна

УИХ-ын чуулганы ээлжит хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Дунд шатанд хулгай хэрээс хэтэрчихсэн. Үүнтэй тэмцэх ажилдаа УИХ, ЗГ манлайллаа үзүүл л дээ. Бүх шатанд авлига, хээл хахууль болчихсон байдлыг чинь эсэргүүцсэн иргэд Төв талбай дээр гарч ирээд жагсаж байна ” гэлээ.
Улс төр
Ч.Лодойсамбуу: УИХ-ын даргын үүдэнд ажлаа өг гэж зогсож байсан Л.Оюун-Эрдэнэ одоо өөрөө хэлсэн үгэндээ эзэн болж харуулах ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаглал иргэдийн шүүмжлэлийг дагуулаад буй. Хэдэн зуун саяын машин, хэдэн арван саяын цүнх найз охиндоо бэлэглэж, төрсөн өдрөөр нь 20 сая төгрөг шилжүүлсэн нь 20 гаруйхан настай хүүхэд ямар орлогоороо тансаглаж байна вэ гэх асуудлыг дагуулж эхэлсэн. Тиймээс Ерөнхий сайд болон түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотлохыг шаардсан иргэд Сүхбаатарын талбайд “Огцрох амархан” жагсаалыг зохион байгуулж байгаа юм. Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “УИХ-ын даргын үүдэнд албан тушаал мөнх биш.Ажлаа өг гээд зогсож байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо өөрөө хэлсэн үгэндээ эзэн байж, харуулах хэрэгтэй” гэв.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын 14-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа. Энэ үеэр “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү төмөр зам нь хоёр улсын уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний худалдааг нэмэгдүүлэх, урт хугацаанд нийлүүлэлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж, энэ хүрээнд манай хоёр улсын хооронд яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан төслүүдийг бүрэн шийдвэрлэхээр тохирсон. Эдгээрийн нэг болох хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн амжилт болохыг онцоллоо.
Талууд Монгол Улсын говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж, энэ чиглэлд хамтран ажиллах, Чайна-Энержи групп компанитай хамтран эрчим хүчний салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллахаар болов.
БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, нүүрсний худалдаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, эрх зүйн зохицуулалт, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урт хугацаанд, тогтвортой, харилцан ашигтай хамтран ажиллах хэлбэрээр тулгарч буй асуудлыг шийдвэрлэх нь чухал болохыг илэрхийллээ. Мөн нүүрс худалдаанд борлуулалтын олон төрөлт аргачлалыг нэвтрүүлж, хоёр талын бизнес эрхлэгчид эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-ын Ганцмод боомтод ажиллах үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав.
Талууд хоёр улсын хооронд 1955 онд байгуулсан төмөр замын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замыг холбосноос хойш хийгдэж буй хоёр дахь төмөр замын холболтын бүтээн байгуулалт, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгааг илэрхийлэв.
Энэ үеэр нүүрс экспорт, импортын хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой явуулах, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалал, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр санал нэгдэв. Мөн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа машинтай аяллын эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар санал солилцов.
Талууд Монгол, Хятадын ЭКСПО-5 арга хэмжээний бэлтгэлийг сайтар хангаж, амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар боллоо.
-
Нийгэм3 days ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм3 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм3 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт3 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр3 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм3 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм3 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй
-
Нийгэм3 weeks ago
Б.Ангирмаа: Ах маань ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна