Connect with us

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Published

on

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой энэ удаагийн хурал давхцаж буйгаараа онцлогтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхэд, гэр бүл, боловсролын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, Үндэсний зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлж, ойн баярын мэнд хүргэлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Л.Энх-Амгалан хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого, тогтолцоо, эрх зүйн шинэчлэл, Хүүхдийн төлөө сангийн шинэчилсэн журам, үйл ажиллагааг танилцууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчилж, хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохицуулалт, үйлчилгээний төрөл болон санхүүжилт, хяналтын зохицуулалтыг сайжруулж баталсан. Хүүхэд хамгааллын төсвийг жил бүр нэмэгдүүлж 2020 онд 6 тэрбум байсан төсвийг 2024 онд 13,9 тэрбум, 2025 онд 20,8 тэрбум төгрөг болгоод байгаа аж.

Цаашид Засгийн газар хүүхэд хөгжлийн үндэсний тогтолцоог боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна. Хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж буй орчин, нөхцөл дийлэнхдээ гэр бүлээс шалтгаалж буй тул Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Тухайлбал, Гэр бүлийг дэмжих хуульд хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих, гэр бүлд үзүүлэх санхүүгийн болон орон сууцны дэмжлэг, аюулгүй орчин, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, гэр бүлд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ зэрэг олон асуудлыг тусгах шаардлагатай болжээ.

Засгийн газрын 2024 оны 139-р тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн журмыг шинэчлэн баталж, сангийн хуримтлалын зарцуулалтыг илүү тодорхой болгоод байна.

Шинэчилсэн журамд хүүхдэд зориулсан барилга, байгууламж шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, тухайн орон нутгийн хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, аюулгүй, таатай зорчих орчныг бүрдүүлсэн байх, эдгээрт санал авах, судлах, эрэмбэлэх асуудлыг тусгажээ. Өнөөдрийн байдлаар тус санд 25 тэрбум төгрөгийг орлого хуримтлагдсан бөгөөд 781,4 сая төгрөгийг амжилт гаргасан 217 хүүхдийг шагнаж урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна. 2025 онд тус сангаас санхүүжүүлэх төсөл арга хэмжээний саналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүлээн авсан бөгөөд нийт 19 санал ирснийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд энэ жил тэмдэглэж байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Монгол Улсын хүүхдийн байгууллага, үйл ажиллагааны онцлогийг танилцуулав.

Цаашид Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөр дамжуулж бүх салбарт хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг хэрэгжүүлэх, таван жилээр стратеги төлөвлөгөө гаргаж тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд хүүхэд хөгжлийг дэмжих ажлуудыг өрнүүлэх нь үр дүнтэй байгаа талаар хэллээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжил, оролцоо, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тодорхой төсөв гаргаж, бодлогоо чиглүүлж буйг сайшаагаад цаашид үүнд чиглэсэн салбар дундын зохицуулалтыг сайжруулах, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын статусыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв. Түүнчлэн Үндэсний зөвлөлийн гишүүд гэр бүлийн асуудалд онцгой анхаарах, хүүхдийг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх бүтээн байгуулалтуудыг улс орон даяар өрнүүлэх, Сурагчийн зөвлөлийг сургууль, орон нутгийн удирдлагатай уялдаа холбоотой ажиллуулах, бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж буй асуудалд анхаарах, хүүхэд хамгааллыг цогцоор нь харах, хүүхдийн асуудал эрхэлсэн болон төрийн бусад байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатайг хэллээ.

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын сайн, сайхны төлөө Засгийн газрын бүх бодлого чиглэх ёстойг тэмдэглээд хүүхдийн эрх ашгийг бүх шатанд анхаарч, уялдаа холбоотой, төр, хувийн хэвшил төдийгүй олон нийт ч оролцоогоо нэмэгдүүлж хамтран ажиллахыг уриаллаа. 

Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулж гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, бүх хүүхдэд боловсролыг тэгш, хүртээмжтэй олгоход онцгой анхаарч нийт ЕБС-ийг улсын хэмжээнд нэг ээлжээр хичээллүүлэхийн тулд хэрэгцээтэй сургуулиудыг шинээр барих, санхүүжилтийг шийдвэрлэх тооцоо судалгааг гарган ажиллаж байгааг хэллээ. Мөн Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй, шилэн байлгах ёстойг холбогдох албан тушаалтнуудад сануулж сангийн санхүүжилтээр 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгааг сайтар хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, улмаар дараагийн хуралдаанаар хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэхээр тогтлоо.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

Published

on

Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 оны тавдугаар сарын 14-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа. Энэ үеэр “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй бараалхав.

            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү төмөр зам нь хоёр улсын уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний худалдааг нэмэгдүүлэх, урт хугацаанд нийлүүлэлтийг тогтвортой үргэлжлүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж, энэ хүрээнд манай хоёр улсын хооронд яриа хэлэлцээрийн түвшинд явж байсан төслүүдийг бүрэн шийдвэрлэхээр тохирсон. Эдгээрийн нэг болох хамтарсан Засгийн газрын 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төсөл бодит ажил болж, бүтээн байгуулалтыг эхлүүлж буй нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн амжилт болохыг онцоллоо.

Талууд Монгол Улсын говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний нөөц боломжийг ашиглаж, энэ чиглэлд хамтран ажиллах, Чайна-Энержи групп компанитай хамтран эрчим хүчний салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллахаар болов.

БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын нүүрс худалдан авагч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, нүүрсний худалдаанд тулгарч буй хүндрэл бэрхшээл, эрх зүйн зохицуулалт, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урт хугацаанд, тогтвортой,  харилцан ашигтай хамтран ажиллах хэлбэрээр тулгарч буй асуудлыг шийдвэрлэх нь чухал болохыг илэрхийллээ. Мөн нүүрс худалдаанд борлуулалтын олон төрөлт аргачлалыг нэвтрүүлж, хоёр талын бизнес эрхлэгчид эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэдгийг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав

            Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг БНХАУ-ын Ганцмод боомтод ажиллах үеэр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны дарга Сүнь Шаочөн бараалхав.

            Талууд хоёр улсын хооронд 1955 онд байгуулсан төмөр замын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр байгуулж, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замыг холбосноос хойш хийгдэж буй хоёр дахь төмөр замын холболтын бүтээн байгуулалт, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэн үйл явдлын гэрч болсонд баяртай байгааг илэрхийлэв.

            Энэ үеэр нүүрс экспорт, импортын хамтын ажиллагааг урт хугацаанд, тогтвортой явуулах, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалал, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр санал нэгдэв. Мөн хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа машинтай аяллын эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлаар санал солилцов.

            Талууд Монгол, Хятадын ЭКСПО-5 арга хэмжээний бэлтгэлийг сайтар хангаж, амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй

Улс төр

Б.Энхбаяр: Хар тамхичдын тоо ихэслээ гэхээр эмнэлэг бус шорон л баръя гэдэг

Published

on

УИХ-ын АБГББХ-ны өнөөдрийн хуралдаанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонссон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ял шийтгэлийн бодлого сул байгаагаас болоод хар тамхины хэрэг өссөн гэж ярих нь маш буруу. Цагдаагийн байгууллагын өгч байгаа мэдээлэл буруу, зөрүү агуулгаар явчихвий. Эмнэлгээ барихгүй байгаа хэр нь шорон л бариад байя гээд  байгаа. Ингэснээр гэмт хэрэг буурна гэж хаана ч байхгүй. Тиймээс хар тамхитай тэмцэх бодлогод хатуу, зөөлөн аргыг хослуулан хэрэглэж байж үр дүнд хүрнэ. Харин зохион байгуулагчдыг огт барихгүй байгаа. Хэрэглэсэн урлаг соёлын оддыг урдаа гаргаж, том гэмт хэрэгтэн мэт харагдуулж, бараг олон нийтийн сурталчилгааг хүртэл хийгээд байгаа мэт харагддаг. Хар тамхитай тэмцэхэд илүү ухаалаг бодлого барих ёстой. Ухаалаг бодлого гэж яриад байгаагийн цаана ялыг нь нэмээд хорино гэсэн ойлголт байхгүй шүү” гэв.

Дэлгэрэнгүй

Улс төр

АБГББХ-гоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар хэлэлцлээ

Published

on

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, Засгийн газарт чиглэл өгөх асуудлыг хэлэлцэн дэмжив.

Байнгын хорооны тогтоолоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын судалгаа, тандалтыг явуулах, жагсаалтыг шинэчлэх, эмийн хяналтыг чангатгах, уг бодисыг хэрэглэсэн болон хамааралтай иргэдэд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд, залуус руу чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн байгууллага, орон нутаг болон хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан байгальд ургадаг ургамлын тархцыг тогтоох, устгах ажлыг оновчтой хэрэгжүүлэх арга хэмжээг авч, дээрх ажлын хэрэгжилтийг 2025 оны дөрөвдүгээр улиралд багтаан Байнгын хороонд танилцуулах чиглэл бүхий үүргийг Засгийн газарт өглөө.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.