Эрүүл мэндийн салбар дэнчигнэж байна. Т.Мөнхсайхан гэх гаднаа гяланцаг, дотроо паланцаг нөхөр энэ салбарыг толгойлж эхэлснээр эмнэлгүүд, эмч нар учраа олохоо байж, иргэд ч хөлд нь чирэгдэж гүйцлээ. 13А гэгчийг гарган ирж иргэдийн аргыг барсан. Өдгөө Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт байхгүйгээс хувийн болоод улсын эмнэлгүүд үзлэг, хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээндээ хязгаарлалт тогтоогоод байгаа. Харин энэ талаар Эрүүл мэндийн сайд нь “Эрүүл мэндийн даатгалын сан одоогоор хүнд нөхцөлд орсон зүйл байхгүй. Энэ онд тус сангийн төсөв 320 тэрбумаар нэмэгдэж, 2.3 их наяд төгрөгийн санхүүжилттэй байгаа. Түүнээс 700 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Одоо эрүүл мэндийн даатгалын санд 1.6 их наяд орчмын олгох санхүүжилт байгаа. Үүнийг бид он дуустал бүх сард, бүх эмнэлэгт тэгш хуваарилж олгоно гэв.
Эмнэлгүүдийн санхүүжилтийг хасаж, эмчилгээний төлбөрөө иргэд 100 хувь төлөх болсныг нийтэд мэдээлчих ээ, Т.Мөнхсайхан сайд аа!
Гэвч бодит байдалд ямар байгааг салбарт нь олон жил ажилласан эмч Э.Алтандөш шүгэл үлээсэн юм. Тэрбээр “Эрүүл мэндийн эрхэм сайд Т.Мөнхсайхан хөгшөөн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар эрхэм дарга Сэрээжавын Энхболд ах аа!
Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын эмнэлгүүдээс 20-40 хувь, хувийн эмнэлгүүдээс 40-50 хувийн санхүжилтийг нь хасаж байгаа тухайгаа, үлдсэн санхүүжилт буюу эмчилгээний төлбөрийг иргэд 100 хувь төлөх болсон тухайгаа, энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол 2026 онд гэрээ хийхгүй гэж эмнэлгүүдэд тулгаж байгаа тухайгаа нийтэд мэдээлчих ээ. Тэгэхгүй бол бид чинь үнэндээ барьж идүүлэх нь байна шүү. Юм үнэнээрээ сайхан. Дараа дараагаа бодоод хэдэн эмнэлгийн дарга нар чинь энэ тухай ярихгүй л дээ. Дарга биш болохоороо би биччихлээ. Худлаа гэхгүй байлгүй дээ баримттай юм чинь” хэмээв. Ганц Э.Алтандөш эмч бус бусад нь ч үгээ хэлчихсэн, сайдаа харааж зүхэн суугаагаа хэлж байна.
Нэг хэсэг 13А маягттай холбоотой чирэгдэл гомдол гаарч, уран сайхны кино хүртэл зохиомжилж хийсэн. Эмч нар үнэндээ эрүүл мэндийн салбарынхаа тогтолцоог ойлгохоо болилоо гэцгээж байна. Тухайлбал, Чих хамар хоолойн өвчнөө үзүүлэхээр цаг авахад 13А-гүй байхад болно. Гэтэл тухайн өвчнийг зөв оношилж, оношдоо тохирсон эмчилгээ хийхийн тулд MRI, компьютерт томографийн шинжилгээ хийлгэхээр цаг авахад 13А шаардлагатай. Иргэд дугаар оочер хэдэн сар хүлээсний эцэст мэс засалд орох гэж эмнэлэгт хэвтэхэд 13А шаардахгүй. Гэтэл өвчтөн маань сайхан эдгээд эмнэлгээс гарах болоод лист авах гэхэд 13А заавал хэрэгтэй. Энэ мэт ойлгомжгүй, өвчтөнөө, эмч нараа чирэгдүүлсэн, хагаралдуулсан сайдын шийдвэр бишгүй.