Хэв маяг
Мишель Обама нөхөр Барак Обаматай холбоотой салалтын цуурхалд тайлбар хийлээ

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама нөхөр Барак Обаматай салсан гэх цуурхалд хариу өгч, үнэн мөнийг тайлбарлалаа.
“Work in Progress” подкастын хоёрдугаар хэсэгт жүжигчин Софиа Буштай хийсэн ярилцлагынхаа үеэр тэрээр энэ сэдвийг хөндөв. Барак Обама энэ оны эхээр хэд хэдэн арга хэмжээнд ганцаараа оролцсон нь хүмүүсийн дунд салалтын тухай яриа тараахад хүргэсэн байна. Өөртөө зориулан шийдвэр гаргах тухай ярихынхаа хүрээнд Мишель Обама “би” гэж хэлж, хувийн сонголтоо хийх болгондоо бусдын таашаалд нийцэхгүй байх тохиолдол гардаг тухай дурссан юм.
“Сонирхолтой нь, би ямар нэг зүйлд ‘үгүй’ гэж хэлэхэд ихэнх хүмүүс ойлгодог, би ч бас зүгээр хүлээж авдаг. Гэхдээ энэ бол бид, эмэгтэйчүүдийн хувьд ихэнхдээ хэцүү байдаг зүйл — бид бусдын урам хугалахгүй байхыг хичээдэг шүү дээ, тийм биз?” хэмээн Мишель ярьсан байна.
Тэр цааш нь ингэж хэлсэн юм:
“Ингэж өөрийн төлөө шийдвэр гаргаж байхад хүмүүс үүнийг ойлгож чадахгүй байсан. Тэгэхээр нь тэд миний нөхөр бид хоёр салж байгаа гэж бодсон. Зүгээр л өөрийнхөө амьдралд сонголт хийж байхад шүү дээ.”
Мишель Обамагийн энэхүү мэдэгдэл нь түүний гэр бүлийн амьдрал хэвийн үргэлжилж байгааг баталж, сүүлийн үед цахим орчинд тархсан ташаа мэдээлэлд хариу болсон юм.
Хэв маяг
Хүүхдээ хөгжүүлэхийн тулд багаас нь ачаалах ХЭРЭГТЭЙ ЮУ!

Хүүхдүүдийг багаас нь хөгжүүлж эхэлдэг. Тэдэнд ном уншиж, оюуныг нь хөгжүүлдэг тоглоом авч өгч, янз бүрийн сургалтад явуулдаг. Энэ нь ч зөв. Гэтэл нэг л өдөр хүүхдийн сонирхол буурч, дургүй болно.
Сурган хүмүүжүүлэх ухааны мэргэжилтнүүдийн ярьснаар, хөгжил, эрх чөлөө хоёрын тэнцвэрийг хадгалах шаардлагатай. Амьдралын эхний жилүүд нь асар их өсөлт, хөгжлийн үе байдаг.
Зургаа хүртэлх насанд хүүхдийн тархинд олон тэрбум мэдрэлийн холбоос үүсэж байдаг байна. Энэ үед хүүхдэд ярих, сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх, ертөнцийг танин мэдэх чадвар хөгждөг бөгөөд энэ үеийг л алдвал нөхөх бараг боломжгүй байдаг аж.
Бага наснаас нь хөгжүүлэх гэдэг нь сургуульд сургах гэсэн үг биш.
Тоглох замаар хүүхдийг өөртэй нь, ертөнцтэй, боломж нөөцтэй нь танилцуулж болдог. Энэ бол түүний итгэлтэй, бие даасан байдалд хөрөнгө оруулж байгаа хэрэг гэж шинжээч тайлбарлажээ.
Хүүхдийнхээ онцлогт тааруулалгүй эцэг, эхчүүд алдааг нь хүндээр хүлээн авах эсвэл тодорхой хүлээлт тавьдаг. Улмаар хүүхдэд онц сурлагатны хамшинж буюу төгс байх хүсэл төрж, алдаанаас айх, бусдад таалагдах хүсэл төрдөг.
Бусдын итгэлийг даахгүй байхаас эмээж, хөгжих үйл явцад баярлахаа больдог байна.
Нөгөө туйлд нь “үгүй” гэсэн хамшинж бий. Хүүхэд сурах дургүй, сонирхолгүй болж, эсэргүүцнэ. Энэ үед эцэг, эх айж, хүүхдээ тайван орхиж, буулт хийдэг. “Хүсэхгүй” байна гэдэг нь тэр бүр хэт их ачаалал гэсэн үг биш гэдгийг эцэг, эх ойлгох ёстой. Зарим тохиолдолд энэ нь насны хямрал байдаг байна. Гурав, тав, эсвэл долоон насандаа хүүхэд өөрийгөө илэрхийлж, зөвшөөрөгдөх хил хязгаар, үйлдлийн загвар, томчуудыг айлгахын тулд муухай аашлах хязгаарыг шалгадаг.
Хэрэв хүүхдийг зөвхөн үр дүнгийнх нь төлөө магтаж байсан бол шинэ зүйл эхлэхээс айдаг болдог байна.
Хөгжил бол үйл явц. Дардан байх албагүй ч урагшлах ёстой. Хичээл, сургалтын тоо бус харин үйл явцыг буруу зохион байгуулахад хэт их ачаалал өгдөг байна. Маш их даалгаврыг хүлээн авахад хүүхдийн сэтгэл зүй бэлэн бус байдаг тул хүлээн авахаас татгалзаж, сурах хүслийг бууруулдаг аж.
Өнөөдөр хуваарьгүй хүүхэд насны тухай их ярьдаг болсон. Гэхдээ эрх чөлөө гэдэг нь хийцгүйрэх гэсэн үг биш. Энэ бол хүүхдийн туршиж үзэх, алдах, сурах боломж юм. Хүүхэд тоглож, уйдах, мөрөөдөх ёстой. Гэхдээ тэр аливаад хүчин чармайлт гаргаж, даван туулж, дуусгаж сургах хэрэгтэй.
Хүүхдэд аюулгүй гэсэн мэдрэмжийг өгөх зүг чиг, дүрэм, хил хязгаар хэрэгтэй. Эцэг, эх байна гэдэг нь тэнцвэрийг олох гэсэн үг. Эцэг, эх бол тав тухыг нийлүүлэгчид биш харин хүндрэл, бэрхшээлийг даван туулахад тусалдаг дэмжигчид юм гэж шинжээчид онцолсон байна.
Хэв маяг
Шведийн “зөөлөн охин” трэнд: Ажил амьдралаас татгалзах бүсгүйчүүдийн шинэ үзэл

Швед улс нь хүйсийн тэгш байдлыг дэмжигч орон гэдгээрээ дэлхий даяар алдаршсан. Гэвч яагаад залуу бүсгүйчүүд ажил, карьер хөөцөлдөхөөс илүүтэйгээр “ажлаа орхих” тухай сурталчилсан цахим трэндийг дагаж байна вэ?
25 настай Вилма Ларссон өмнө нь хүнсний дэлгүүр, асрамжийн газар, үйлдвэрт ажиллаж байсан нэгэн. Харин нэг жилийн өмнөөс ажил хийхээ больж, “гэрийн найз бүсгүй” болохоор шийджээ. Тэрбээр үүнээсээ болж өмнөхөөсөө илүү жаргалтай, тайван амьдарч байгаа гэжээ.
“Миний амьдрал илүү зөөлөн болсон. Би өөрийгөө зовоож амьдрахаа больсон. Нэг их стресстэхээ ч байсан.”
Түүний найз залуу санхүүгийн салбарт зайнаас ажилладаг. Харин Вилма өдрүүдийг бясалгал хийж, кофешопоор ороод, гэртээ хоол хийж өнгөрөөдөг. Хосууд Шведийн төв хэсгийн жижиг хотуудаас гаралтай ч одоо байнга аялдаг болсон бөгөөд энэ өвлийг Кипр улсад өнгөрүүлж байна.
“Тэр сар бүр өөрийн олсон мөнгөнөөс надад цалин мэт өгөх бөгөөд хэрвээ илүү хэрэгтэй бол би түүнээс асуудаг. Харин бага хэрэглэвэл үлдсэнийг нь хадгалдаг” гэж Вилма тайлбарлав.
Тэр өөрийн амьдралын хэв маягийг Instagram, YouTube, TikTok дээр хуваалцаж, 11,000 дагагчтай болжээ. Зарим бичлэг нь 400,000 орчим лайктай ч, тэрбээр контентоосоо орлого олоогүй байна. Тэр “hemmaflickvän” (гэрийн найз бүсгүй) болон “hemmafru” (гэрийн эзэгтэй) гэсэн hashtag ашиглаж, өөрийгөө “зөөлөн охин” гэж тодорхойлдог. Энэ нь ажил, карьер хөөцөлдөхийн оронд эмэгтэй хүний уламжлалт, зөөлөн амьдралын хэв маягийг сонгосон гэсэн утгатай.
“Зөөлөн охин” амьдралын хэв маяг нь 2010-аад оны сүүлээс хойш дэлхий даяар цахим орчинд бага багаар дэлгэрсэн микро трэнд юм. Гэвч сүүлийн 50 жил хоёр орлоготой өрхийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж ирсэн Швед улсад энэ трэндийн тархалт нь хүмүүсийн гайхшралыг төрүүлж, олон нийтийн дунд маргаан дагуулж байна. “Ungdomsbarometern” буюу Шведийн залуучуудын хамгийн том жил тутмын судалгаа 2023 онд энэ трэндийг анх олон нийтийн анхаарлын төвд оруулсан. Судалгаанд оролцсон 15–24 насны залуучуудын дунд “зөөлөн охин” хэв маяг 2024 оны тренд байх магадлалтай гэж нэрлэгдэж байсан.
2024 оны 8-р сард “Ungdomsbarometern”-оос гаргасан өөр нэг судалгаагаар 7–14 насны охидын 14% нь өөрийгөө “зөөлөн охин” гэж тодорхойлсон нь энэ үзэл санаа улам залуу насныханд ч нөлөөлж байгааг харуулж байна.
“Сүүлийн жилүүдэд хүчтэй эмэгтэй, бүх талаар амжилт гаргах ёстой гэсэн ‘girl boss’ идеалаас залуус татгалзаж эхэлсэн. Зөөлөн охидын трэнд бол үүний эсрэг хандлага” хэмээн тус байгууллагын судлаач Йоханна Ёранссон тайлбарлав. Гэрийн найз бүсгүй болж, ажил хаяж, найз залуугийнхаа орлогоор амьдарч буй бүсгүйчүүдийн тоо одоогоор тодорхой албан ёсны тоон баримтаар бүртгэгдээгүй ч, ийм хэв маягийг сонгож буй эмэгтэйчүүд цөөн хувь гэдэг нь ойлгомжтой байна. Гэсэн хэдий ч энэ үзэгдэл Шведэд томоохон сэдэв болоод буй. Улсын хэмжээнд нэр хүндтэй сонин хэвлэлд нийтлэл гарч, улс төрийн гол арга хэмжээ болох Almedalen-д хүртэл хэлэлцүүлэг өрнөж, олон нийтийн телевизээр ч хөндөгдөж байна.
Шведийн феминист нам “Feministiskt initiativ”-ийн үүсгэн байгуулагч, хуучин удирдагч Гудрун Шюман энэ сэдвийн эргэн тойронд өрнөж буй хэд хэдэн хэлэлцүүлэгт оролцжээ. Тэрээр эмэгтэйчүүд эрчүүдийн орлогоос хамааралтай амьдрах нь “маш аюултай” бөгөөд “хүйсийн тэгш байдлын хувьд ухралт” гэж үздэг ажээ. Шюманы хэлснээр, залуу шведүүд улс орны баруун жигүүрийн эвсэл болон үндсэрхэг үзэлтэй Шведийн Ардчилсан Намын нөлөөнд автаж байна. Мөн Европ болон АНУ-д дэлгэрч буй популист хандлагууд ч нөлөөлсөн байх магадлалтай гэжээ. “Өнөөдөр залуу эмэгтэйчүүд өнгөрсөн түүхийг мэдэхгүй байна – эмэгтэйчүүд ажлын байр, цалин, эдийн засгийн хараат бус байдлын төлөө хэрхэн тэмцэж ирснийг тэд ойлгодоггүй” хэмээн Шюман онцлов.
Харин улс төрийн эсрэг туйлд байр суурьтай Шведийн Ардчилсан Намын хувьд энэ трэндийг эерэгээр харж байна.
“Хүн өөрийн амьдралын замыг өөрөө сонгох эрхтэй. Хэрэв хэн нэгэнд гэртээ байх эдийн засгийн боломж байгаа бол сайн хэрэг” хэмээн намын залуучуудын байгууллагын үндэсний төлөөлөгч Денис Вестерберг хэлэв. “Бид карьер хөөцөлдөх бүрэн боломжтой, эрхтэй оронд амьдарч байна. Гэхдээ уламжлалт байдлаар амьдрахаар сонгох эрх ч бас бидэнд бий.”
Итгэл үнэмшлийн маргаанаас гадна, эмэгтэйчүүдийг ажил хаяхад хүргэж буй нийгмийн болон соёлын хүчин зүйлс ч анхаарлын төвд байна. Швед улс ажил ба амралтын тэнцвэрийг сайн хадгалдаг орны нэг. Ихэнх ажилтнууд зургаан долоо хоногийн амралттай, 50 цагаас дээш ажилладаг хүн 1%-иас бага байдаг. Гэсэн хэдий ч “Ungdomsbarometern”-ийн судалгаагаар залуу үеийнхэн дунд стресс нэмэгдсээр байгаа аж. Судлаач Ёранссоны хэлснээр, “зөөлөн охин” трэнд нь “quiet quitting” буюу ажлаа хэтрүүлэн хийхээс зайлсхийдэг дэлхий нийтийн хөдөлгөөнтэй холбоотой байж болох юм гэжээ.
Хэв маяг
К-поп хамтлаг BLACKPINK-ийн хоёр гишүүн Coachella наадамд ганцаарчилсан тоглолтоо хийв

Солонгосын поп хөгжмийн BLACKPINK хамтлагийн гишүүд болох Лиса, Женни нар Coachella хөгжмийн наадамд анх удаа ганцаарчилсан уран бүтээлчээр оролцож, олон мянган үзэгчдийн өмнө тайзан дээр гарч, өөр өөрийн өвөрмөц хип-хоп өнгө төрхөө харууллаа.
Лиса улаан гэрний доор улаан хувцастайгаар өөрийн “MONEY” дууг хүчтэй хэмнэлд тааруулан бүжиглэж, үзэгчдийг догдлуулсан. Coachella-д оролцсон бусад К-поп хамтлагуудаас дурдвал долоон гишүүнтэй Өмнөд Солонгосын эрэгтэй хамтлаг ENHYPEN нь бямба гарагт тоглосон, охидын XG (Xtraordinary Girls) хамтлаг ням гарагт (орон нутгийн цагаар) тайзнаа гарсан байна.
АНУ-д К-поп хөгжим сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгааг нотлох баримт нь BLACKPINK нь Coachella-д хоёр удаа түүхэн амжилт гаргаж оролцсон явдал билээ. 2019 онд уг наадамд оролцсон анхны эмэгтэй голлох К-поп хамтлагаар, мөн 2023 онд анхны К-поп гол тайзны хөтлөгчөөр сонгогдсон юм.
Анх 2016 онд хип-хоп трио Epik High хамтлаг\ оролцсоноор Coachella-д Солонгосын уран бүтээлчид байнга оролцох болсон бөгөөд үүнд Aespa, DPR (Dream Perfect Regime) хамтлагийн зарим гишүүд, LE SSERAFIM, ATEEZ, The Rose зэрэг хамтлагууд багтдаг.
“Alter Ego” бол Лисагийн 2025 оны анхны бие даасан цомог бөгөөд Тайланд гаралтай дуучин маань 2023 онд YG Entertainment-ийг орхиж, Sony Music-ийн охин компани болох RCA Records-д нэгдсэний дараа гаргаж буй бүтээл юм.
Хэдийгээр 28 настай дуучин маань бие даасан уран бүтээл хийж байгаа ч гэсэн BLACKPINK хамтлагийн Женни, Розэ, Жисү нарын хамтаар Interscope-д хамтлагын бичлэгээ үргэлжлүүлэн хийсээр байгаа. Уг цомог нь хип-хоп, электропоп, трап урсгалыг хослуулсан 15 дуунаас бүрдэх бөгөөд Raye, Doja Cat, Tyla, Rosalía, Future, Megan Thee Stallion зэрэг уран бүтээлчид хамтарсан байна.
Лиса мөн жүжигчний карьер эхлүүлж, Max телевизийн “The White Lotus” цувралд анхны дүрээ бүтээжээ.
Женни ч мөн адил бие даасан уран бүтээлдээ анхаарч, 2018 онд YG Entertainment болон Interscope-оор дамжуулан “Solo” нэртэй анхны синглээ гаргаж байв.
29 настай дуучин 2023 онд Max сувгийн “The Idol” цувралд жүжигчний дебютээ хийжээ.
-
Нийгэм3 days ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм3 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм3 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт3 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр3 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм3 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм3 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй
-
Нийгэм3 weeks ago
Б.Ангирмаа: Ах маань ус уух гэж яваад зүрх нь хаагдсан байна