Connect with us

Улс төр

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Published

on

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл 2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцуулж, танилцуулгатай холбогдуулан:

-Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг арвижуулах саналаа бэлтгэж дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх,

-Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,

-Хүүхэд өөрсдөө оролцдог оролцооны байгууллагуудын зөв оролцоо, хамтын ажиллагааны механизмыг зөв тодорхойлж, хамтран ажиллах,

-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, түүнийг таслан зогсоох, авч хэрэгжүүлэх саналыг дараагийн хуралдаанд танилцуулах,

-Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, танилцуулах,

-Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэх,

-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эрүүл мэндэд нь анхаарах, жирэмсний хяналт, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах, одоо хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас тогтоол гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуульд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж заасны дагуу ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа, түүний үр дагавар, нөлөөллийн талаар бодит мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх, ураны төслийн үр нөлөө, ач холбогдлыг үнэн зөвөөр таниулж ойлгуулах ажлын хүрээнд дараах шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо.

Тус тогтоолоор, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өнөөг хүртэл хийгдсэн ураны геологи, хайгуулын ажлын үр дүн болон уран олборлолтын техник, технологийн орчин үеийн шийдэл, аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх арга хэмжээ авна.

Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг олборлох, боловсруулахтай холбоотой хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөллийн талаар олон улсын болон үндэсний мэргэжлийн судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын хийсэн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан холбогдох мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэхийг тогтоолоор үүрэгжүүллээ.

Зөөвч-Овоо, Дулаан-Уулын ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар нийгэм, эдийн засаг, орон нутагт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлын талаар тодорхой мэдээлэл бэлтгэн олон нийтэд хүргэх, ураны төслийн үйл ажиллагаанд ил тод, хариуцлагатай байдлыг хангуулах, олон нийтийн хяналтын механизмыг бүрдүүлэх зорилгоор орон нутгийн иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллага, мэргэжлийн хараат бус судлаач, шинжээчдээс бүрдсэн орон тооны бус Иргэдийн хяналтын зөвлөл байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхээр боллоо. Цацраг идэвхт ашигт малтмалын цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулах асуудлыг судалж танилцуулна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

Published

on

Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд зургаар оруулсан үйл явдал нь энэ хаврын “хит” боллоо. Гэхдээ эцэг нь Ерөнхий сайд биш, бизнесийн салбарынх байсан бол тэгж их сонирхол татахгүй байсан биз. Тэр компанийн захирлын хүү сүй тавилаа. Сүйт бүсгүйдээ тийм маркийн ийм автомашин бэлэглэв гэсэн мэдээ энд тэндгүй л цацагддаг. Тэрэнд ач холбогдол өгдөггүй, баян тарганыг нь гайхаад л өнгөрдөг.

Энэ удаа Ерөнхий сайдын хүүг онцолж, найз бүсгүйдээ 20 саяын цүнх бэлэглэсэн үйлдэлд эцгийг нь огцруулах хөдөлгөөн өрнүүлж буйгаараа онцлог. Ингэхдээ Ерөнхий сайдын гаргасан  улс төрийн шийдвэрт нөлөөлөх, тасалдуулах, хааж боох зорилготой нь анхаарал татаж буй юм. Учир нь ийм үзэгдэл, баримт жишээ Монголын улс төрд бий болоод удаж байна.

 

ШИЙДВЭР ГАРГАГЧДЫГ “АВЛАХ” ХАР ТЕХНОЛОГИ МОНГОЛД НУТАГШЖЭЭ 

 

Нэг жишээ дурдая. Одоогоос хэдэн жилийн өмнө мөнгөтэй том компани нийслэлийн цэвэр усны сан дээр газар авч, олныг хамарсан томоохон бүтээн байгуулалт барина гэхэд олон нийтийн эрх ашгийн үүднээс, хотын ирээдүй, хөгжлийн төлөө  хотын удирдлагууд эсэргүүцэж байв. Гэтэл тэрхүү шийдвэрийг гаргаад байсан албан тушаалтны эхнэр рүү мөнөөх компани залуухан хархүүг хөлслөн илгээж, хувийн харилцаанд оруулаад зогсохгүй, зураг, дүрс бичлэгийг авч нөхөрт нь илгээснээр санасандаа хүрч байсан гашуун түүх бий. Үүнийг шийдвэр гаргах түвшинд ажиллаж буй хэнд ч сургамж болох, гашуун жишээ гэж болно.

Эцэст нь тэр компани санасандаа хүрч, тухайн газарт төлөвлөсөн обьектоо барьсан. Нийслэлчүүдийн цэвэр усны эх үүсвэр дээр “тухалсан” тэр компанийн асуудал дахиж яригдаагүй, сөхөгдөөгүй. Хотын удирдлагууд “ногоон гэрэл”-ээр батлаад явуулчихсан.Шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүсийг тэгж л авладаг, аргачлал гэх үү, “авлалт” гэхүү нэг ийм арга, “хар технологи” Монголд аль эрт бий болсон юм билээ. Тийм л тохиолдол сая Ерөнхий сайд дээр давтагдав.Мега төслүүд хэрэгжиж эхэлж буй үйл явдлын огтлолцол дээр ийм зүйл тохиож буй нь санамсаргүй явдал биш гэдгийг зарим ажиглагч, тоймчид хэлж буй юм.

 

Тэгвэл Засгийн газрын Шуурхай штаб өнгөрсөн бямба гарагт Туулын хурдны замтай холбогдох нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ-тэй танилцах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс  хүүтэй нь холбоотой дээрх асуудлаар сэтгүүлчид асуулт асууж хариулт авчээ. Хэдийгээр ажил хэргийн чанартай биш боловч нийгэмд нэлээн шуугиан дуулиан дэгдээсэн, дээр нь  жагсаал цуглаан хүртэл зохион байгуулагдаад буй тул Ерөнхий сайд тайлбар өгсөн байна. Түүний хариултыг товчлон хүргэж байна.

 

“ОРЛОГОО НОТЛОХ ЁСТОЙГ ХҮҮДЭЭ ХЭЛСЭН”

 

Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ  “Говийн бүсэд ажиллаж байх хугацаанд ийм асуудал болсон, мэдээлэл авсан. Ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон нь үнэн байна. Найз охиных нь аав, ээжтэй уулзаж, танилцаж амжаагүй явна. Манай хүү хүнд хайр сэтгэлтэй болж, сүй тавих бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн зүгээс гаргаж байгаа шүүмжлэл зөв, зүйтэй зүйл. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах, орлогоо нотлох ёстой. Хүү маань “Хүнтэй сүй тавих гэж байгаа надад мөнгө төгрөг хэрэгтэй” гэж өмнө нь надад яриагүй. Миний завгүй явсан сул талтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Найз охиных нь аав, ээжтэй уулзаж, ярилцах аав хүний үүрэг надад ногдож буйг ухамсарлаж байгаа. Бөгж авснаа хүлээн зөвшөөрч байна, орлогоо нотлох ёстойг хүүдээ хэлсэн” гэсэн юм.

 

МИНИЙ ХОМ”-Д СОЛИГДООГҮЙ ХОЁР КОМПАНИ БАЙДАГ, НЭГ НЬ “ХЕРО”, НӨГӨӨ НЬ “ХҮЛЭГ”

 

Мөн тэрбээр “Анх удаа том хүүгийн минь мэдээлэл нийтэд гарч байна. “Янз бүрийн зүйлд орооцолдов, хүний нүдэнд харагдав” гэж байнга үглээд байдаг байсан нь буруу ч юм шиг байгаа юм. Насанд хүрсэн хүн өөрийнхөөрөө хүмүүст  танигдаад явах нь зөв зүйтэй зүйл болж магадгүй. Манай хүү багаасаа аялах дуртай, Монголдоо энэ чиглэлээр сурах сонирхолтой. Студийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, “Херо”-той хамтарч ажилладаг. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт солигдоогүй хоёр компани байдаг. “Херо” энтертайнментийн 50 хувь, нөгөө нь “Хүлэг” контент компани. Үүнтэй холбоотой контент хийгээд явж байгаа залуу. Яваандаа олон нийтэд мэдээлэл өгөөд явах нь өөрийнх нь асуудал. Хүүгийнхээ амьдрах орон зайд аав хүний хувьд халдахыг хүсэхгүй. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстойг хүүтэйгээ зарчмын хувьд илэн далангүй ярьсан” гэсэн юм.

 

“БИ БҮХ ОРЛОГОО ХУУЛИЙН ДАГУУ ШАЛГУУЛЖ, ОЛОН НИЙТЭД ТАНИЛЦУУЛАХЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААС ШААРДАНА”

 

Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс  “Олон нийтийн зүгээс тавьж байгаа шаардлагад хүндэтгэлтэй бөгөөд талархалтай хандаж байна. Олон нийтийг талцуулах асуудал болсонд хүлцэл өчиж, уучлалт гуйя. Засгийн газраас авлигын ялын бодлогыг чангатгаж, 12 жилийн хорих ял оноодог болсон. Төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Хууль батлагдвал улс төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүд Хүн амын орлогын албан татварыг бүртгүүлдэг болно. Татвар бүртгэгдэхээр датанууд ойлгомжтой болно. Орлогоо нотолж чадахгүй бол хураагддаг болно. Олон нийтийн зөвлөл болон бусад хяналтууд орно. АТГ болон хуулийн байгууллагуудтай хамтарч бүх нийтээр шалгаж, эргэлзээг тайлна. Миний хувьд нэгэнт ийм асуудал гарсан тул бүх орлогоо хуулийн дагуу шалгуулж, олон нийтэд танилцуулахыг хуулийн байгууллагаас шаардана” гэлээ. Харин өөрийн тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ товч дурдсаны дотор “Намайг янз бүрээр л хэлдэг. “Данх” гэх жишээний. Ард түмнээсээ дахин уучлалт гуйя. Эцэст нь хоёр зүйлийг хэлье. Надтай холбоотой хууль бус орлогоо нотолж чадаагүй “сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг” дээр асуудал үүсээд нотлогдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна. Баялгийн сангийн хууль, улстөрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрхзүйн орчин, асуудалтай холбоотой асуудлыг зориудаар улс төрийн зорилгоор ашиглах гэж байгаа ялаанууд бий. Энэ “ялаа”-нуудад хандаж хэлэхэд: Та нар яагаад ч миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй. Битгий горьд. Үүнтэй холбоотой асуудалд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна” гэсэн юм.

Дэлгэрэнгүй

Улс төр

Б.Энхбаяр: Төрийн ордонд хошин шог цаашаа юм болж байна

Published

on

УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН-ын Зөвлөл Засгийн газрын асуудлыг хаалттай хэлэлцсэн.  МАН-ын бүлгийн хуралдааны дараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хагас сайн өдөр хийсэн тайлбараа л бүлгийн хурал дээр ярьсан. Миний хувьд бүлгийн хурлын эхэнд намын дарга, удирдлагуудыг оролцуулж байж залуусын тавьж байгаа шаардлага, түүнийг тойрсон улс төрийн асуудлыг ярья гэсэн санал дэвшүүлсэн. Улстөрчийн үг, үйлдэлд ёс зүйн хариуцлага нэхэх, шаардах эрх ард түмэнд нээлттэй. Парламентын хувьд намын Бүлэг, намын Их хурлаас байгуулсан бүтэц нь намын төлөөллийн дээд байгууллага буюу намын Бага хурал, түүнээс байгуулсан Удирдах зөвлөл гэсэн гурван үндсэн улс төрийн шийдвэр гаргадаг бүтэц ажилладаг. Намын даргын хувьд Удирдах зөвлөл болон Бага хурлыг ойрын үед хуралдуулъя гэдэг асуудлыг хөндөж ярьсан.
Миний хувьд энэ асуудлыг тодотгож “Энэ хурал дээр юу ярих вэ. Хэрвээ таны гэр бүлийн болон үр хүүхэдтэй буюу улс төрийн ёс зүйтэй холбоотой үүссэн асуудлыг намын Удирдах зөвлөл эсвэл Бага хурлаар ярих гэж байгаа бол үүнийг зөвшөөрөхгүй. Намын хамт олон таны гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой ёс зүйн асуудлыг нийтээрээ яриад санал хураадаг байгууллага биш. Биднийг бүгдийг татаж оруулаад, өөрөө магадгүй улс төрийн хүрээнд шийдвэр гаргах ёстой асуудалд парламентыг, намын гишүүдийг татан оруулж болохгүй. Энэ бол намын гишүүдийн асуудал биш. Намын гишүүд хариуцлага үүрэх ёсгүй. Үүнийг зөвшөөрөхгүй шүү” гэдгээ илэрхийлсэн.
 Ордонд хошин шог цаашаа юм болж байна. Хачин тайлбар тавиад эхнээсээ бүгд онигоонд орлоо. МАН, АН, ХҮН дарга нар бүгдээрээ юу болоод байна вэ. Засгийн газрын асуудал болохоос ард түмний төлөөлөл болсон парламентын асуудал биш шүү. Сүүлдээ “Би үхэхдээ  тулбал бүгд үхнэ шүү” гэдэг зарчим барих гэж байгаа бол үүнийг зөвшөөрөхгүй шүү л гэдгээ хэлсэн. Энэ хамтын зовлон юм уу. Яагаад хамтын хариуцлага үүрэх хүртэлх түвшин рүү оруулах гээд байгаа юм бэ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Т.Доржханд: Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж, Засгийн газар нь огцордог байж болохгүй

Published

on

Шадар сайд, ХҮН-ын  дарга Т.Доржханд Ерөнхий сайдтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Орлогоо нотлох хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй юм байна. Бүх улстөрч орлогоо нотлуулъя. Ингэж бүгдээрээ энэ асуудалд цэг тавъя. Нотолж чадаагүй нь орлогоо улсдаа тушаах, нотолж чадсан нь цаашаа явах хэрэгтэй. Хэн нэгний хүүхдийн асуудлаас болж Засгийн газар нь огцорч болохгүй. Хуулийн байгууллагаас бие даасан байдлаар хэргийг хянаж шалгах үүрэгтэй. Цөөн монголчууд нэг талдаа гарахгүй зөрчил хуваагдал үүсвэл бүр хэцүү. Хэрүүл маргаантай айлд ямар зочин ирэх вэ. Өнөөдөр муу хэлүүлж, адлуулж болно. Ард нь улс орны эрх ашиг байх ёстой. Өнөөдөр Т.Доржханд, Л.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ муу хүн байж болно. Ерөнхийлөгчийн засаглал руу битгий ороосой гэж хүсэж байна. Ингэснээр бид парламентын засаглалаа бэхжүүлэх ёстой. Бид үйл хэргээсээ огт ухраагүй. Хэн нэгний өөдөөс цэх хараад үгээ хэлж чадна. Дэд бүтцийн төслүүдээ явуулж, ардчиллаа хөгжүүлнэ. Бид зөөлөн суудал, халуун хөнжил хүсээгүй” гэв.

Дэлгэрэнгүй

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.