Спорт
12 бөхөөс допинг илэрчээ

Үндэсний 12 бөхөөс хориглосон бодис илэрчээ. Тодруулбал, Д.Отгонбаяр, Д.Оргилох, Г.Мөнхбаяр, А.Баяртогтох, Г.Пүрэвбаатар, Ч.Бямбадорж, Б.Ганзолбоо, Б.Бадамдорж, Э.Мөнхболд, Б.Цэрэнсумъяа, Б.Хаш-Эрдэнэ, Б.Буяндорж нараас допинг илэрсэн байна. Харин Б.Лхагварагчаагаас аналитик бус /шинжилгээний бус/ зөрчил илэрсэн гэсэн. Эдгээр 13 бөхөөс долоод нь шийтгэл ногдуулсан бөгөөд таван бөхийн шинжилгээний асуудал дуусаагүй гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Ингээд хориотой бодис илэрсэн бөхчүүдийг танилцуулъя.
СУМЫН ЗААН Д.ОТГОНБАЯР
Түүний хувьд 2024 оны арваннэгдүгээр сарын 28-нд шинжилгээ өгч, шээсний шинжилгээгээр допинг илэрсэн гэдгийг албаныхан мэдээлсэн байдаг.
СУМЫН ЗААН Д.ОРГИЛОХ
Увс аймгийн Малчин сумын харъяат, “Баатар хангарьд” дэвжээний бөх, сумын заан Д.Оргилохоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар албаныхан мэдээлсэн. Түүний хувьд 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд допингийн шинжилгээ өгч, 2025 оны гуравдугаар сарын 5-нд хариу нь гарсан байна. Урьдчилсан байдлаар түүний барилдах эрхийг түдгэлзүүлжээ.
Ингэснээр хориглосон бодис илэрсэн бөхчүүдийн хэргийг шийдэж дуусах хугацаанд аливаа спортын үйл ажиллагаанд оролцуулахгүй гэж түдгэлзүүлдэг байна.
Д.Оргилох нь үндэсний бөхөөр хичээллэхийн зэрэгцээ чөлөөт бөхөөр хичээллэж багагүй амжилт гаргаж, энэ жил чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 97 кг-ийн жингээс хүрэл медаль хүртсэн байна.
СУМЫН ЗААН А.БАЯРТОГТОХ
Дараагийн бөх бол Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, “Ажнай” бөхийн дэвжээний бөх А.Баяртогтох. Түүний хувьд 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд допингийн шинжилгээнд хамрагдаж, 2027 оны арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэл гурван жил барилдах эрхээ хасуулсан байна.
СУМЫН ЗААН Г.МӨНХБАЯР
Баянхонгор Өлзийт сумын харьяат, “Хонгор” бөхийн дэвжээний бөх, сумын заан Г.Мөнхбаяр. Тэрбээр 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд допингийн шинжилгээ өгч, хориотой бодис илэрчээ. Түүний барилдах эрхийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн урьдчилсан байдлаар түдгэлзүүлсэн байна.
АЙМГИЙН ХАРЦАГА Б.ГАНЗОЛБОО
Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат “Алдар спорт хороо”, “Эрхэм хүслэн констракшн” ХХК, Дүнжингарав дэвжээний бөх, аймгийн харцага Б.Ганзолбоо. Тэрбээр 2024 оны аравдугаар сарын 15-нд допингийн шинжилгээ өгч, хориотой бодис илэрчээ. Түүний барилдах эрхийг 2024 оны аравдугаар сарын 15-наас 2028 оны аравдугаар сарын 14-нийг хүртэл дөрвөн жилийн хугацаагаар хассан байна.
СУМЫН ЗААН Г.ПҮРЭВБААТАР
Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, сумын заан Г.Пүрэвбаатар нь 2024 оны арванхоёрдугаар сарын 13-нд шинжилгээ өгч, хориотой бодис илэрчээ.
Түүний барилдах эрхийг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн урьдчилсан байдлаар түдгэлүүлсэн байна.
Түүний хувьд 2024 онд сумын цолтон болон залуу бөхчүүдийн 119 дэх удаагийн ээлжит барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдаж, 10 даван анх удаагаа түрүүлж байв.
АЙМГИЙН АРСЛАН Ч.БЯМБАДОРЖ
Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Ч.Бямбадорж нь 2024 оны арванхоёрдугаар сарын 21-нд өгч, хориотой бодис илэрчээ. Тэрбээр 2025 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс 2027 оны гуравдугаар сарын 20-ны өдрийг хүртэл хоёр жилийн хугацаанд барилдах эрхээ хасуулсан байна.
Тэрбээр 2024 онд Ардын хувьсгалын 103, Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадмаар хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртжээ.
АЙМГИЙН ХАРЦАГА Б.БАДАМДОРЖ
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат бөх, аймгийн харцага Б.Бадамдорж 2025 оны нэгдүгээр сарын 1-нд допингийн шинжилгээнд хамрагдаж, 2025 оны нэгдүгээр сарын 24-нд хариугаа авчээ.
Түүний шинжилгээнээс хориотой бодис илэрсэн бөгөөд тэрбээр эмчилгээний журмаар чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлжээ. Тэрбээр 2019 онд аймгийнхаа улсын баяр наадмын 256 бөхийн барилдаанд тав давж, шөвгөрөн чимэг нэмсэн байна.
АЙМГИЙН ЗААН Э.МӨНХБОЛД
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, “Хур Харцага” дэвжээ болон “Алдар” спорт хорооны тамирчин, аймгийн заан Э.Мөнхболд нь 2025 оны нэгдүгээр сарын 24-нд допингийн шинжилгээ өгсөн бөгөөд хориотой бодис илэрчээ. Ингэснээр 2025 оны хоёрдугаар сарын 15-наас 2028 оны хоёрдугаар сарын 14-нийг хүртэл гурван жил барилдах эрхээ хасуулжээ.
СУМЫН ЗААН Б.ЦЭРЭНСУМЪЯА
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, сумын заан Б.Цэрэнсумъяагийн хувьд 2025 оны хоёрдугаар сарын 24-нд допингийн шинжилгээ өгч, хориотой бодис илэрсэн байна.
Түүний барилдах эрхийг энэ оны гуравдугаар сарын 14-нөөс эхлэн түдгэлзүүлжээ.
Ингэснээр хориглосон бодис илэрсэн бөхчүүдийн хэргийг шийдэж дуусах хугацаанд аливаа спортын үйл ажиллагаанд оролцуулахгүй гэж түдгэлзүүлдэг байна.
Б.ХАШ-ЭРДЭНЭ
Б.Хаш-Эрдэнэ нь 2025 оны хоёрдугаар сарын 24-нд допингийн шинжилгээ өгч, допинг илэрсэн байна. Тэрбээр 2025 оны гуравдугаар сарын 24-нөөс эхлэн 2027 оны гуравдугаар сарын 23-ныг хүртэл хоёр жилийн хугацаанд барилдах эрхээ хасуулжээ.
Б.БУЯНДОРЖ
Б.Буяндорж 2025 оны хоёрдугаар 24-нд шинжилгээ өгч, гуравдугаар сарын 10-нд хариугаа авчээ. Түүнээс хориотой бодис илэрсэн учраас энэ оны гуравдугаар сарын 24-нөөс 2028 оны гуравдугаар сарын 23-ныг хүртэл гурван жил барилдах эрхээ хасуулсан байна.
Б.ЛХАГВАРАГЧАА
Харин Б.Лхагварагчаа нь 2025 оны хоёрдугаар сарын 24-нд допингийн шинжилгээ өгчээ. Түүний хувьд хориотой бодис илрээгүй ч шинжилгээний бус зөрчил илэрсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.
Спорт
48 цагийн гүйлтийн Монголын анхны эмэгтэйчүүдийн рекорд эзэмшигч Н.Лхагва-Эрдэнэ

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Дугаарын зочин”-оор хэт холын зайн гүйлтийн ОУХМ Н.Лхагва-Эрдэнийг урилаа.
-Хэт холын зайн гүйлтээр хичээллэж эхэлсэн түүхээс тань яриагаа эхэлье?
-Долоон жилийн өмнө эрүүл мэндээ бодож гүйж эхэлсэн бол одоо 50-аас дээш километрт буюу хэт холын зайд гүйдэг тамирчин болжээ. Угтаа би англи хэлний багш мэргэжилтэй. Аав маань тэшүүрийн спортын тамирчин хүн байлаа. Аавтайгаа адилхан тамирчин болохыг хүсэх ч бие жижигтэй болохоор төдийлөн болдоггүй.
Харин сүүлд турах үүднээс хааяа гүйдэг байж байгаад 2018 оны Улаанбаатар марафоны 10 километрт гүйж, 56 минутад замаа дуусгасан юм. Түүнээсээ урам зориг авч, тууштай хичээллэхээр шийдсэн. Тэр дундаа хэт холын зайг сонгоход аавын маань зөвлөгөө нөлөөлсөн. “Миний охин бие жижиг, хөлийн тавилт ойрхон тул ойрын зай тохиромжгүй. Харин чи тэсвэр тэвчээртэй тул амархан сэргэлт авах холын зай тохиромжтой” гэж байв.
Тэр үүднээс дараа жил нь 21 километрт гүйж наймдугаар байр эзлээд зун нь 12 цагийн марафонд анх удаа оролцож анхны алтан медалиа, спортын нэгдүгээр зэрэгтэй авч байлаа.
-Тэгвэл энэ спорт таны биеийн онцлогт их тохирчээ?
-Тийм ээ. Миний зүрх хэм алддаг байсан тул огцом хурд авч болохгүй байсан юм. Арван хэдэн жилийн өмнө осолд ороод зургаан сардаа нэг удаа эмчийн хяналтад ордог байлаа. Би эм уух дургүй учир өөр ямар аргаар биеэ эмчилж болох уу гэж судалж байгаад ууланд алхаж эхэлсэн. Тэгээд зүрх хэм алдалт тогтворжоод ирэхээр гүйдэг болсон. 2020 онд эмчид үзүүлэхэд тамирчны булчинтай зүрх болжээ гэж байсан. Хааяадаа огцом хурдтай гүйхээр зүрхэнд ачаалал өгөх гээд байгаа нь мэдэгддэг. Тиймээс нэг хэмнэлээр хол зай туулах нь миний биед тохиромжтой байдаг.
-Танд арай эрт гүйж эхэлдэг байж дээ гэх бодол төрдөг үү?
-Амжилт гаргасны дараа болон залуу тамирчдыг хараад хааяа тийм бодол төрдөг байсан. Харин сүүлийн нэг, хоёр жил үгүй юм байна. Зөв цагтаа эхэлсэн гэж боддог. Холын зайн гүйлт тэсвэр тэвчээр их шаарддаг. Магадгүй залуу байхдаа эхэлсэн бол зүрх үхээд, халшраад одоо гүйхээ больчихсон байхыг үгүйсгэхгүй. Олон улсын бусад тамирчдыг судлахаар залуудаа ойрын зайд гүйж байгаад 40 гараад холд гүйж эхэлсэн байдаг. Дэлхийн рекорд эзэмшигч, амжилттай яваа тамирчид 40 гаран насных байх нь олонтой.
-Тэгвэл энэ хугацаанд гаргасан амжилтын түүхээсээ хуваалцвал?
-Монголдоо 24 цагт нэг, 12 цагт хоёр, зургаан цагт нэг, 100 километрт гурав, 50 километрт хоёр удаа гүйж байсан. Харин 2023 онд Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах 100 километрийн марафонд эх орноо төлөөлж ганцаараа оролцож 13 дугаар байр эзэлж олон улсын тэмцээнээ эхлүүлсэн юм. Түүний дараа 24 цагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийнхаа хамт явсан. Удалгүй 2024 оны нэгдүгээр сард Тайвань улсын Тайбэй хотод болсон 48 цагийн марафонд оролцож насны ангилалдаа тэргүүлж байлаа. Мөн түүгээрээ Монголын анхны 48 цагийн гүйлтийн рекорд эзэмшигч эмэгтэй тамирчин болсон.
-Хилийн дээс алхаж олон улсын шилдэг тамирчидтай өрсөлдөх мэдрэмж ямар байдаг вэ?
-Их өөр. Хэт холын зайн гүйлтийн спорт манай улсад дөнгөж хөгжөөд хөлөө олох гээд явж байна. Тухайлбал, холбоо байгуулагдаад 15 жил болж. Үүнээс өмнө олон өдөр гүйдэг сайн тамирчид байсан ч тэр нь тоотой цөөхөн. Тиймээс бид дотооддоо өөрсдийгөө андахгүй мэддэг байлаа. Харин олон улсад гарахаар өрсөлдөөн ширүүсдэг. Мөн байгаль цаг уурын онцлог их нөлөөтэй.
Жишээлбэл, манайх эрс тэс уур амьсгалтай орон учир ихэвчлэн хүйтэн, сэрүүн үед бэлтгэлээ хийдэг. Гэтэл халуун чийглэг, нам доор газар гүйхээр даралт ихсэхээс эхлээд асуудалтай тулгарах нь бий. Үүнээс гадна сэтгэл зүй чухал.
Анхны олон улсын тэмцээндээ оролцохоор очоод тамирчидтай хоолонд ортол миний хувцсан дээрээс “Mongolia” гэдэг бичгийг харчхаад “Монголчууд сайн, чадварлаг” гээд англиар хоорондоо яриад байлаа. Магадгүй намайг ойлгохгүй л гэж бодсон байх. Түүнийг сонссоны дараа хариуцлага, айдас мэдэрч байсан. Гэхдээ энэ бүхнээс илүү замаа амжилттай дуусгаад төрийн далбаагаа намируулаад барианд орж, үзэгчид эх орны минь нэрийг дуудахад хамгийн сайхан санагдаж, омогшил төрдөг.
-Монголын анхны 48 цагийн гүйлтийн рекорд эзэмшигч эмэгтэй тамирчин болох мэдрэмж бас бахархалтай сайхан байсан болов уу. Тэр тухайгаа эргэн дурсвал?
-Тэр тэмцээнд дасгалжуулагч багш маань баг, тамирчдаа авч явсан. Бид тус тусын ангилалдаа өрсөлдсөн бөгөөд минийх 48 цагийнх байлаа. Эхэндээ их сайхан байлаа. Тэмцээний үеэр зохион байгуулагчид “Чи эхний таван байрт багтаж байна” гэх мэдээ дуулгасан. Тэгээд дажгүй явж байтал замд бэлтгэсэн Тайванийн халуун ногоотой хоолноос идтэл гэдэс хямраад гүйж чадахааргүй боллоо. Багш маань замаасаа гар гээд би болохоор алхаад ч хамаагүй замаа дуусгана гээд гүрийсэн. Энэ миний анхны тэмцээн, надад итгэл хүлээлгээд үлдсэн сэтгэл, үүрэг хариуцлага бодогдоод сууж ч чадахгүй байсан.
Анхны 48 цагийн гүйлт гэдэг утгаараа туршлага их дутсан. Хэрвээ хоолон дээрээ алдаагүй байсан бол 252.560-аас илүү гүйх байсан гэх бодол төрдөг. Тэр бүхнээсээ суралцаад туршлага хуримтлуулаад явж байна.
Миний ажигласнаар монголчууд их гүргэр. Эхний 20, 30 километрийг юу ч идэхгүй гүйчихдэг. Тэгээд эрдэс бодис, энергиэ алдаад ядраад эхлэхээр юмаа идэж, уух гэхээр ходоод руу юм орохоо байчихдаг. Ийм алдаанууд миний хувьд анхандаа гарч байсан. Харин одоо дасгалжуулагчийнхаа зөвлөснөөр бага багаар ойр ойрхон идэж сурч байна.
-Энэ 24-нд олон улсын “Улаанбаатар марафон” болох гэж байна. Та энэ тэмцээнд гүйх үү. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хангаж байна?
-Хэт холын гүйлтийн холбооны С.Өнөрбаяр багш бидний бэлтгэл сургуулилтыг хангадаг. Харин би энэ хавраас бие дааж бэлтгэлээ хийж байна. Энэ сарын 24-нд Чэжү арлыг бүтэн тойрох 209 километрийн гүйлтийн тэмцээнд бүртгүүлчихсэн байгаа учир энэ удаа өнжинө.
-Олон улсын тэмцээн уралдаанд оролцоход улсаас эсвэл холбооноос дэмжих тохиолдол байдаг уу?
-Үгүй ээ. Бид бүх зардлаа өөрсдөөсөө гаргадаг. Биднийг ингэж дэмжээч гэж төрд хандаж үзээгүй. Нөгөөтэйгөөр манай холбоо төрийн бус байгууллага болохоор санхүүжилт байхгүй. Хувиараа компани, хувь хүмүүсээс хандив тусламж гуйхаар “Ингэж өөрийгөө зовоож яадаг юм” гэж хэлэх нь олонтой.
Гадаадын зарим тэмцээн дээр гүйж яваад амь насаа алдсан зэрэг мэдээ сонсчихсон хүмүүс гүйх чинь сайн зүйл биш гэж бодох нь олонтой байсан. Харин одоо мэргэжлийн түвшинд биш юм аа гэхэд эрүүл мэнддээ анхаарч гүйдэг хүмүүс нэмэгдсэн байна. Би өдрийн найман цаг ажил хийгээд амьдралаа залгуулахын хажуугаар бэлтгэлээ хийдэг. Үүнийг сонссон гадаадын тамирчид гайхдаг.
-Тэгвэл энэ спортын талаар сөрөг бодолтой байдаг тэр хүмүүст юу гэж хариулдаг вэ. Таны хувьд энэ спортын хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Энэ хэт холын зайн гүйлт миний амьдралын нэг хэсэг, дуртай хоббинуудын маань нэг болсон. Бид стресстэй энэ нийгмээс өөрийгөө чөлөөлж, эрүүл чийрэг болж чадаж байна. Хүн болгон ингэж холын зайд гүйх албагүй. Өөртөө тохируулж, эрүүл зөв хэмнэлийг бий болгоосой гэж хүсдэг. Гүйлт авьяас шаардах зүйл биш. Зүгээр туршаад үз гэж хэлмээр байна. Гүйгээд дууссаны дараа өөрийгөө даван туулсан, аз жаргалын гормон ялгардаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин, П.ЛХАГВАЖАРГАЛ
Спорт
Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Дэлхийн мэргэжлийн боксын холбооны чансааны 16-р байрт эрэмбэлэгдэж байгаа гавьяат тамирчин Э.Цэндбаатарын дараагийн тулаан болох газрын нэр тодорчээ.
Тэрбээр ирэх долдугаар сарын 12-д АНУ-ын Лос Анжелес хотын Калифорни мужад 13 дахь тулаанаа хийхээр болжээ.
Спорт
Боксын өсвөрийн Азийн АШТ-ээс манай тамирчид хоёр хүрэл, нэг мөнгөн медаль хүртлээ

Йордан улсын Амман хотод дөрөвдүгээр сарын 18-30-ны хооронд өрнөсөн сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин (хөвгүүд 250, охид 155) өрсөлдсөн юм.
Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Р.Жоланман, Ж.Баяр-Отгоны удирдлага дор долоон ширэн бээлийтэн тулалдахад нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, тэмцээний U17 насны охидын 46 кг-ын жинд А.Алтанзул мөнгө, U17 насны хөвгүүдийн 75 кг-д Т.Даваажав, U15 насны хөвгүүдийн 40 кг-д Н.Ахмейтхан хүрэл медаль хүртэв.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо
-
Нийгэм1 week ago
Сэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 days ago
Ковидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
-
Нийгэм4 weeks ago
Авлигатай тэмцэх газар Ү.Төмөрхуяг даргыг хараандаа авна уу!
-
Нийгэм4 weeks ago
Монгол иргэдийг БНСУ-ын хил дээр саатуулах, албадан буцаах, хувийн мэдээлэлд халдахаа зогсоохыг хүслээ
-
Спорт4 weeks ago
Л.Месси орлогоороо тавдугаарт бичигджээ
-
Улс төр4 weeks ago
ТББХ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Нийгэм4 weeks ago
Боомтыг боомилсон Б.Тулга сайдын үед энэ салбар ёроолдоо уналаа
-
Нийгэм4 weeks ago
Эрчим хүчний салбар сэхэл авдаггүйн учир нь Ү.Төмөрхуяг мэт сэтэртнүүдийн дураараа авирласан үйлдлээс үүдэлтэй