Эдийн засаг
Бензиний үнийг нэмж, хууль зөрчсөн аж ахуй нэгжүүдийг шалгана гэв
Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахуун түгээх станцууд бензин, түлшний үнийг урьдчилан мэдэгдэхгүйгээр нэмээд буй. Иргэд шатахууны үнийг аж ахуй нэгжүүд санаатайгаар нэмж байна гэж хардаж байгаагаа ч илэрхийлсэн. Тодруулбал, бензиний үнэ нийслэлд 200 төгрөгөөр нэмсэн бол орон нутагт 300-500 төгрөгөөр нэмээд байгаа юм. Харин үнэ нэмэх талаар холбогдох яаманд урьдчилан мэдээлсэн эсэх талаар тодруулахад дараах хариултыг өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өгсөн мэдээллээр, аж ахуй нэгжүүд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасан. Аж ахуй нэгжүүдийн гаргасан үйлдэл нь Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулна гэлээ.
Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг тавдугаар сарын 23-нд Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмсэн.
Ямартай ч одоогоор бензиний үнэ буураагүй байгаа бөгөөд дизель түлшний үнийг хуучин хэвээр худалдаалж байна.