Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлд бага насны хүүхдийн хүчирхийлэл, бие болоод сэтгэл зүйн дарамт, осол гэмтлээр жилд хэдэн зуун хүүхэд хохирогч болдог тухай тоон мэдээ дурдлаа.Тодруулбал, хүчирхийллийн гэмт хэргээр 2020-2024 онд 14-17 насны хохирогч 66 байснаа 119 болж хоёр дахин өссөн бол бага насны хохирогч хүүхдийн тоо 138 байснаа 247 болж өсчээ.
Хэдийгээр бага насны хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг гэмт хэрэгт холбогдох ял шийтгэлийг чангатгасан ч энэ тоо буурахгүй эсрэгээрээ өссөөр байгаа энь анхаарал татаж буй юм. ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан энэ талаар “Энэ төрлийн гэмт хэргийг бүр нарийвчлан судлах шаардлагатой байна. Өмнө нь энэ чиглэлээр хийсэн судалгааг цагдаа, прокурор, цол хамгаалах үүднээс хийж, хязгаарлагдмал хүрээнд ашигладаг байсан. Холбогдох байгууллагуудын төлөөллийн ажлын хэсэг гаргаж, бага насны хүүхдийн хүчирхийлэхийн эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх ажлыг хийх шаардлагатай” хэмээн онцолсон.
Мөн тэрбээр “Статистик мэдээллийг харахад үнэхээр харамсмаар. Монгол Улс өнөөдөр хүүхдээ хамгаалж чадахгүй байна гэж дүгнэсэн.
Хүүхдийн бэлгийн бойжилт эрт эхэлдэг болсонтой холбоотойгоор 13, 14 настай хүүхдүүд хоорондоо үерхэж, бэлгийн харилцаанд орох тохиолдол их гарч байна. Энэ тохиолдолд хуулийн заалтаар гэмт хэрэгтэн болох явдал нийтлэг болж, өсч байна. Хүүхдүүдэд бэлгийн боловсролыг багаас нь олгож, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бусдыгаа хамгаалах сургалт мэдлэгийг олгох шаардлагатай байна. Үүнээс гадна бага насны хүүхдүүдтэй холбоотойгоор бэлгийн гаж зан үйлтэй хүмүүсийг Монголд оношилж тогтоодог зохицуулалт байхгүй. Тэгэхээр бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж таашаал авдаг хүмүүсийг шинжилж, оношилдог баймаар байна” гэдгийг чуулганы хуралдаан дээр хэлсэн юм.
ЭМЯ-наас осол гэмтлийн сүүлийн таван жилийн статистикийг гаргажээ. Үүнд,
-2019-2023 онд ослын улмаас эмнэлэгт хандсан 844 мянган хүн байгаагаас 0-14 насны 260 мянган хүүхэд осолд өртжээ.
-Хүчирхийллийн улмаас 0-14 насны 4262 хүүхэд хандсан байна. Зам тээврийн ослын улмаас 320 хүүхэд нас барсан байна. Тодруулбал, 0-4 насны 140, 5-9 насны 79, 10-14 насны 101 хүүхэд байна.
-Амиа хорлолтоор 5-9 насны есөн хүүхэд, 10-15 насны 65, 15-19 насны 179 хүүхэд гээд нийт 253 хүүхэд амиа хорлосон гэх сэтгэл хирдхийм тоо байна. Эдгээр хүүхдийн амиа хорлох шалтаг, шалтгаан юу байв. Нэн тэргүүнд томчуудын хүчирхийлэл, эцэг, эхийн дарамт дарангуйлал, архидалт, өсвөр үеийнхний дээрэлхэлт , сошиал дайралт зэрэг голлон нөлөөлдөг байна.