Нийгэм
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг чангатгана
Долоо xоног бүрийн Лxагва гарагт Монгол Улсын Засгийн газар xуралддаг. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит xуралдаанаар мансууруулаx бодистой xолбогдсон гэмт этгээдэд ял, шийтгэлийн бодлогыг чангатгаx шийдвэр гаргажээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын наймаа нь НҮБ-ын Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцод заасанчлан үндэстэн дамнасан, нарийн зохион байгуулалттай, нууц, далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх арга, зохион байгуулалт боловсронгуй болж, манай улсын үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулах шинжтэй болж байна.
Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
1.Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар таниулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор УИХ-аас 2002 онд баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, энэ оны наймдугаар сард багтаан танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт тус тус даалгав.
Энэ ажлын хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг судлан үзэж, гэмт этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлчлэл болон бусад обьектив талыг харгалзан ялгамжтай тогтоож, ял шийтгэлийн бодлогыг чангатгана.
2.Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг таслан зогсоох, хязгаарлах зорилгоор Бүгд Найрамдах Турк, Бүгд Найрамдах Солонгос Улс, Америкийн Нэгдсэн Улс, Оросын Холбооны Улс, Тайланд, Вьетнам Улс болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
3.Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан, хараат бус байгууллага болгон бэхжүүлэх асуудлыг судалж, саналаа ирэх сард багтаан Засгийн газарт танилцуулах;
4.Мансуурах донтой иргэдийг эмчлэх, сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулах асуудлыг судалж Засгийн газарт танилцуулах, Монгол Улсад хориглосон, хязгаарласан, хяналтад байх шаардлагатай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг шинэчлэн батлах;
5.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний тархалтын тандалт, судалгаа хийж, бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
Мөн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чиглэлээр соёл, спортын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, манай улсад ургадаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт ургамлын тархцыг хумих ажлыг эрчимжүүлж, бүрэн устгах арга хэмжээ авахыг Цагдаагийн ерөнхий газарт үүрэг болгов.
Эx Сурвалж: Монгол Улсын Засгийн Газар
Нийгэм
2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулав.
Зөрчилд холбогдсон гадаадын 16881 иргэн, 3582 аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 1222 иргэнийг албадан гаргажээ.
Зөрчил гаргасан нийт гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 66.7 хувиар, үүнээс хувь хүнээр зөрчил гаргасан иргэдийн тоо 5.21 хувиар, уригч хуулийн этгээдээр зөрчил гаргасан иргэдийн 84.07 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл, хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зөвшөөрснөөс бусад нутаг дэвсгэрт зорчих, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.
Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа. Улсын хилээр оруулалгүй буцаасан иргэдийн дийлэнх хувийг БНХАУ (1130), БНСУ (151)-ын иргэд эзэлж байна.
Дэлхий
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг энэ оны 11-р сард санаачлан баталж, дэмжсэн гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ хуулиар “social media age limit” буюу 16 наснаас дооших хүүхдүүдэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож, компаниудад дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэг ногдуулсан бөгөөд энэ сарын 10-наас тус хориг гүйцэд хэрэгжиж эхэлжээ.
Хоригт хамрагдах 10 платформ нь Instagram, Facebook, TikTok, YouTube, Snapchat, Reddit, X, Threads, Twitch, Kick юм.
Энэхүү хуулиар эцэг эх, хүүхдүүдийг шийтгэхгүй, харин насны шалгалт хийгээгүй 16-аас доош насныхныг платформдоо нэвтрүүлсэн технологийн компани 49.5 сая австрали доллар хүртэл торгууль төлөх ба энэ нь 16-аас доош насныхныг олон нийтийн сүлжээнээс хориглосон дэлхийд анхдагч хууль юм.
Өсвөр насныхан тус хоригийг эсэргүүцэж, найз нөхөдтэй харилцах болон олон нийтийн орчинд өөрийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдлаа хэмээн шүүмжилжээ. Мөн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш нас шалгах, акаунтыг цуцлах, эсвэл VPN-ээр нэвтрэх оролдлого зэрэг үйлдлүүд илэрч байгаа тухай албаныхан мэдээлж байна.
Эх сурвалж BBC, Al Jazeera, The Guardian
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Нийгэм
Батсүмбэр суманд орчин үеийн инженерийн шийдэлтэй шинэ бага сургууль ашиглалтад орлоо
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ “Бага сургууль” өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, “Номин Холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч A.Шагдарсүрэн тэргүүтэй төлөөллүүд болон аймаг, сум, багийн удирдлагууд оролцов.
“Энэхүү санаачилгыг бодит ажил болгоход хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү багийн бага сургууль төр-хувийн хэвшил-хөгжлийн байгууллагуудын түншлэлийн тод жишээ болж байна. Бид ирэх жил илүү олон багт сургуулиуд байгуулахаар төлөвлөж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцоллоо.
“Номин Холдинг” ХХК-ны хөрөнгө оруулалтаар баригдсан уг сургууль нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй дулаан, агааржуулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг орчин үеийн инженерийн шийдэлтэй байгальд ээлтэйгээрээ онцлог юм.
Мөн сургалтын орчин нь үндэсний болон олон улсын стандартад нийцсэн өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, бага насны хүүхдэд ээлтэй, гэртээ ойр боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлжээ.
Багш нарыг холимог бүлгийн сургалт болон цахим сургалтын арга зүйгээр чадавхжуулсан байна.



-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
