Connect with us

Улс төр

ЗГ: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

Published

on

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 10-р сарын 30-нд өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзаж, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцуулан, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уулзалтад Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн 27.1.5-д хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж заасан. Бид өнгөрсөн 30 жилийн замналаасаа суралцаж, дараагийн шатны зам мөрөө тодорхойлох учиртай. Засгийн газар өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан гэлээ. Ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтийн санал бодолд нийцүүлэн, төлөвлөлт, хэрэгжилтийн шатанд нэгдмэл, уялдаатай, үйл ажиллагаа, үнэлгээ нэг чиг, нэг зорилготой байх зарчмыг баримталжээ.

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг ШУА болон эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиудын эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн боловсруулжээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг 2020 онд баталснаар анх удаа Монгол Улсын хөгжлүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсан. Өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос хоёр сарын өмнө дараагийн таван жилийн үндсэн чиглэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хуульчилсны дагуу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан парламентад өргөн бариад буй юм.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан байна. Энэхүү баримт бичиг “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлсон.

Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тусгаснаараа онцлог. Тухайлбал, боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6.0 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалах зорилтуудыг Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна.

Мөн бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлнэ. Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болох зорилтыг ирэх таван жилд хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэнэ. Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.

Авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулж, “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болохоор төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа

Published

on

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаан 11 цаг 36 минутад  гишүүдийн  ирц 51.9 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг даргалж, Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа.

Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үед Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс нэгдсэн хуралдаанаас олонхын дэмжлэг авсан санал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцээгүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг танилцуулсан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.5-д төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд буцааж болно гэж заасныг Байнгын хорооны дарга уншиж, танилцуулсан.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг /бүрэн эхээр нь эндээс /тус зөвлөлийн гишүүн Р.Рэнцэнбазар танилцуулав.

Уг дүгнэлтэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь:

1.Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд: Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) болон суурь тэнцлийн нэрлэсэн дүнд нөлөө үзүүлэхгүй боловч Төсвийн хүрээний мэдэгдэл дэх суурь тэнцэл ДНБ-ий 2.0 хувь буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг зөрчиxөөр байна.

2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн төслийн хувьд: ДНБ, төсвийн орлогод болон зарлагын бүтцэд үзүүлэх нөлөөнөөс үүдэн төсвийн төсөлд тусгагдсан суурь тэнцэл ДНБ-ий 2.0 хувь буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг мөн зөрчиxөөр байна.

3.Төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулан төсвийн зарлагыг өөрчилж болзошгүй байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан заалтыг зөрчих нөхцөл үүсэхээр байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэсэн хэмээн дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа, Б.Мөнхсоёл, Б.Пунсалмаа, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд цаашид хууль зөрчиж хуралдахгүй байхад анхаарах нь зүйтэй гээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллана гэдгээ мэдэгдлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нэгэнт хууль зөрчсөн үйлдэлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргасан болохоор бид дэмжээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Байнгын хорооны дарга Х.Ганхуяг цаашид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Төсвийн тухай хуулиудад энэ мэт хууль зөрчсөн саналаар санал хураалт явуулахгүй байх эрхийг хуралдаан даргалагчид олгохгүй бол хуулийн зөрчилтэй саналууд орж ирсээр байх  болно гэх тайлбарыг өгч байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ажлын хэсэг төсвийг нэмэгдүүлсэн тохиолдолд зардлын эх үүсвэрийг нь гарган хэлж байгааг гишүүд сайтар ойлгох хэрэгтэй гээд зарим үед чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлж байгаа үг хууль зөрчих байдал руу түлхэх гээд байдагт энэ үйл явдал анхааруулга боллоо гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд зардлыг 1.1 их наяд төгрөгөөр бууруулж, багш нарын цалинг дунджаар 2.8 сая төгрөг, ахмад настны тэтгэврийг 8.0 хувиар өсгөж, эмч нарын цалинг ч нэмэхээр болж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ бүхний цаана инфляц өсөх магадлалтайд анхаарч Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яамнаас ямар бодлого хэрэгжүүлэх талаар тодруулж, хариулт авсан.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхтуяагаас гаргасан зарчмын зөрүүтэй саналаар дахин санал хураалт явуулахад, хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин Монгол Улсын 2026 онд төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээр багш, эмч, эмнэлгийн ажиллагсад, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдэхээр болсон тул үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг,  Р.Сэддорж нар хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31,600.0 тэрбум гэснийг 31,930 тэрбум гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд 30.9 хувь гэснийг 31.2 гэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,380.0 тэрбум гэснийг 1,50.0 тэрбум гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд -1.3 гэснийг -1.0 гэж, нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 2026 онд 29,552.0 тэрбум гэснийг 29,859.0 тэрбум гэж ДНБ-д эзлэх хувь 28.9 гэснийг 29.2 гэж, нэгдсэн cуурь тэнцэл 2,48.0 тэрбум гэснийг 2,70.0 тэрбум гэж тус тус өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Дэлгэрэнгүй

Улс төр

МАН-ын бүлэг: Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд үр дүнд суурилсан арга, аргачлалыг нэвтрүүлнэ

Published

on

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их хурлын тогтоолын төслийг УИХ дахь МАН бүлэг хэлэлцлээ. Улсын Их хурлын тогтоолын төслийн танилцуулгыг Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцууллаа.

Энэхүү үндсэн чиглэлийг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулсан байна. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтийн санал бодолд нийцүүлэн, төлөвлөлт, хэрэгжилтийн шатанд нэгдмэл, уялдаатай, үйл ажиллагаа, үнэлгээ нэг чиг, зорилготой байх зарчмыг баримталсан гэлээ.

Түүнчлэн, энэхүү баримт бичиг нь:

– Хүний хөгжил

– Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”,

– Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил

– Байгаль орчин, ногоон эдийн засаг

– Засаглал, дижитал шилжилт

– Бүсийн хөгжил

– Үндэсний өрсөлдөх чадвар

– Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх юм.

Энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлжээ. Хөгжлийн хөтөлбөрийг үр дүнд суурилсан арга аргачлалд суурилж хэрэгжүүлнэ гэж Засгийн газар тооцож байна.

Дэлгэрэнгүй

Улс төр

Үндсэн хуулийн цэцийн маргаан хойшлогдлоо

Published

on

2020 оны нэгдүгээр сарын 10-нд батлагдсан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хүний нэр төр, алдар хүнд, хууль тогтоомжийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг тараасан этгээдэд торгууль, зорчих эрх хязгаарлах эсвэл нийтэд тустай ажил хийнэ гэж заасан. Энэ заалт нь орон нутгийн болон олон улсын зарим хууль, эрх зүйн жишигтэй харьцуулахад илэрхий хатуу, хүний эрхийн зөрчлөөс сэргийлэх зорилготой ч, мөн Үндсэн хуулийн эрх чөлөө, шударга байдалд харшилж болзошгүй хэмээн шүүмжлүүлж байна.

Эдгээр маргааныг шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр товлогдсон ч, маргагч талууд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй болж, хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Харин ирэх сард хуулийн зөвлөл, шийдвэр гаргах үүднээс хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өглөөний 09.30 цагт товложээ.

Энэ маргаан нь зөвхөн хууль зөрчлийн асуудал төдийгүй, Монгол Улсын хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн баталгааг хэрхэн хамгаалах, хууль зөрчлийн эсрэг бодлого, практик хэрхэн зохицох зэрэг нийгмийн олон талт сэдвийг хөндөж байна. Мөн тус маргаантай заалт нь улсын эрх зүйн тогтолцооны зарим суурь зарчмуудыг, хүний эрхийг хамгаалах эрх зүйн орчныг хэрхэн тэнцвэржүүлэх талаар шинэ хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгож байна.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!