Connect with us

Улс төр

Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ

Published

on

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэж, холбогдох тогтоолыг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, Б.Жаргалан, С.Зулпхар нар өнөөдөр (2025.11.13) хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийлээ.

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороог 2025 оны долдугаар сарын 2-ны өдөр байгуулсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Хянан шалгах түр хороо 12 хуралдаж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулахаар товлосныг тус Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал мэдээллийнхээ эхэнд дурдав.

Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 300 гэрчийг оролцуулахаар Хянан шалгах түр хороо шийдвэрлэсэн байна.

“Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбогдуулан хяналт шалгалт хийх; “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаврыг судлан хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах тусгай шалгалтын хүрээ хязгаар бүхий хянан шалгах түр хороо 2006 оноос хойш буюу 20 жилийн хугацаанд Оюу толгой төсөлтэй холбоотой асуудлаар ямар нэг шийдвэр гаргасан, ажлын хэсэгт ажилласан албан тушаалтан, холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байгааг О.Батнайрамдал гишүүн мэдээлэлдээ онцоллоо. Сонсголын гэрчийн нэрсийн жагсаалтад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гурван хүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан долоон хүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан 25 хүн, Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан 39 хүний нэрс багтсан байгааг тэрбээр танилцуулсан. Түүнчлэн Ашигт малтмал, газрын тосны газар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчны яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалтнууд, “Рио Тинто” групп болон “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн төлөөлөл, холбогдох албан тушаалтнууд, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн үе үеийн дарга, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүмүүс багтсаныг О.Батнайрамдал гишүүн энэ үеэр мэдээллээ.

Тэрбээр, Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсгол нь хэн нэгнийг цоллох биш, тусгай шалгалтын хүрээнд хянан шалгах үйл ажиллагаа явуулж, нотлох баримтуудыг цуглуулан, судлан шинжилж, олон нийтийн мэдэх эрхийг хангах үйл ажиллагаа гэдгийг онцлоод сонсголд дуудагдаж буй гэрчүүдийг иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэн Хянан шалгах түр хорооны сонсголд идэвхтэй оролцохыг хүсэв.

“Оюу толгой” төслөөс Монголын ард түмэн нийт үр өгөөжийн 50-иас дээш хувийг  хүртэх хүлээлттэй байсан хэдий ч өнгөрсөн хугацаанд 25 орчим хувийн үр ашиг хүртэж байгаа талаарх мэдээллийг П.Ганзориг гишүүн хэлээд “Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж байсан Улсын Их Хурлын үе үеийн шийдвэрүүд хэрэгжихгүй байгаа. Аль түвшиндээ, ямар шалтгаанаар хэрэгжилт нь хангагдахгүй байсныг Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид тогтоохоор 60000 гаруй хуудас материалыг судлан, шинжилж байна. Сонсголоор Монголын ард түмэнд бодитой мэдээллүүдийг хүргэж, шалтгаан нөхцөлийг тодруулж ажиллана” гэв.  Нотлох баримтыг цуглуулах хүрээнд цуглуулсан 60000 гаруй хуудас баримтын тэн хагас нь “Онтрэ” ХХК-тай холбоотой, нууцын тамга бүхий баримтууд байгаа учраас шинжээчид, хянан шалгагч нар ажиллах хэдий ч олон нийтэд холбогдох мэдээллийг хүргэх боломжгүй, нотлох баримт болгон ашиглах боломжгүй болоод байгааг дурдсан. Иймд эдгээр баримтыг нууцын ангиллаас гаргуулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлээд байгааг хэвлэлийн бага хурлын үеэр П.Ганзориг гишүүн мэдээлсэн.

Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын 30 жилийн хугацаатай гэрээг 2009 онд байгуулсан бөгөөд өдгөө 16 жил болж байгааг Б.Жаргалан гишүүн тэмдэглээд “Энэ цаг мөчид монголчууд энэхүү гэрээтэй холбоотой асуудлуудаар нэгдсэн ойлголтод хүрэх нь нийгэмд итгэлцэл бий болох ач холбогдолтой. Гэрээ хэрэгжсэн 16 жилийн хугацаанд ямар алдаа гарав, түүнээс ямар сургамж авсан гэдгээ дүгнэх цаг болсон гэж үзэж байгаа. Үүнээс суралцсан сайн туршлагаа дараа дараагийн гэрээнүүдэд тусгах, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, уул уурхайн салбараас Монголын талд ногдох өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулахад нөлөө үзүүлнэ гэж итгэж байна. Ийм ч учраас хянан шалгах түр хороо энэ хугацаатай давхцан байгуулагдаж, ажиллаж буйд их олзуурхаж байгаа” гэлээ. Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон Рио Тинто группийн эрх бүхий ажлын хэсгийн “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх албан ёсны хэлэлцээтэй Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны сонсгол давхцаж байгааг Б.Жаргалан гишүүн хэлсэн. Сонсголын нотлох баримтууд, холбогдох үйл явц нь гэрээний нөхцөлийг сайжруулах, Монголын талын хүртэх өгөөжийг зохих хувьд хүргэхэд эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой хэмээн үзэж байгаагаа дурдсан.

Б.Бат-Эрдэнэ гишүүн сонсголд гэрчээр оролцсон хүмүүсийг буруутгахгүй байхыг хүссэн. Гэрчээр оролцох хүмүүс нь тухайн үеийнхээ нөхцөл байдалд  хийх ёстой ажлаа боломжийнхоо хэрээр гүйцэтгэж ажилласан гэдгийг ойлгож, дараа дараагийн Засгийн газар илүү сайжруулахад анхаарах шаардлагатай гэдгийг онцоллоо. Сонсголын дараа нотлох баримтаар цуглуулсан 60000 гаруй хуудас материалыг судалсан хянан шалгагч, шинжээчдийн дүгнэлтээр шаардлагатай хэсэг нь хууль хяналтын байгууллагад шилжих ёстой гэдэг байр суурийг Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлээд энэ гэрээ Монгол Улсад ашигтай, Монгол Улсын иргэн бүрд өгөөжтэй  байх ёстой төсөл хэмээсэн.

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороо таван сар гаруй хугацаанд ажилласныг С.Зулпхар гишүүн тэмдэглэв. Энэ хугацаанд зохих үр дүнгүүд гарсан болохыг тэрбээр хэвлэлийн бага хурлын мэдээллийнхээ үеэр онцоллоо. Тухайлбал, гэрээний талаарх хэлэлцээ эхэлсэн бөгөөд үүнд Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа хөшүүрэг болж, нөлөө үзүүлсэн гэв. Хэлэлцээний дүнд зээлийн хүүг бууруулах, цаашлаад менежментийн зардлыг бууруулах боломжтой хэмээгээд “Эрх тэгш байх, харилцан ашигтай байх зарчмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байр суурийг баримталж байна. Үүний зэрэгцээ “Онтрэ” ХХК-ийн асуудал хөндөгдөж байгаа. Тодорхойгүй энэ нөхцөл байдлын талаар Монгол Улсын Засгийн газар хэлэлцээрийн явцад тодорхой байр суурийг илэрхийлсэн, Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо адил. Стратегийн ач холбогдолтой орд, Монголын ард түмний баялаг учраас тусдаа хэлэлцээ хийж, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчимд нийцсэн тухайлсан гэрээ байгуулагдах ёстой” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Оюу толгой” төсөл нь Монгол Улс дахь хамгийн том төсөл, хөрөнгө оруулалт бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, төрийн аливаа шийдвэрүүд хэрэгждэг байхыг чухалчилж буйгаа илэрхийлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!