Улс төр
Сүүлчийн тасалбар
Алга ташилт-алмайралт
Улаан хивс, уухайлан дэмжилт, улаан нүүр, урвалт шарвалт, харалцаан, хуурамч гар барилт, тэврэлт, “хайрцаглагдсан” төлөөлөгчид, өрсөлдөгчгүй нэр дэвшигчийг бүтээсэн дэглэлттэй МАН-ын 31 дүгээр Их хурал болж байна.
Төрийн дууллаар эхлүүлсэн намын Их хурлын нээлт хэвийн, төлөөлөгчдийн ирц бүрэн. Тэднийг Яармагт байрлах спортын “ Степпе Арена” цогцолборын хаалгаар орох үед сүү, хадаг барьсан бүсгүйчүүд угтаж хүндэтгэл үзүүлэв. Хачин юм, жигтэй юм. Яг л уран сайхны кино шиг. Цогцолборын гадна талбайд ганган сайхан машинууд эзнээ хүргэж өгөөд хүлээнэ. Машинуудыг лавшруулан харваас ихэнх машинууд албаны дугаар зүүжээ. Хэн нэгэн энд намын хурал гэж мэдээгүй бол олон баячуудын цугларалт болж байгаа гэлтэй. Их хурлын төлөөлөгчдөө хүлээж авсан хурлын танхим нь тэр чигтээ улаан өнгийг сонгож ерөнхийдөө улаанаар эргэсэн танхим бүтээжээ.

Намын даргын сунгаа учраас эхлээд мэдээж хуучин намын дарга үгээ хэлэх ёстой байх. Дүрмийн дагуу МАН-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ гарч ирэхэд танхим дүүрэн алга ташилт, шүгэл үлээлт болсон нь магадгүй энэ цаг үед хамгийн тодоор үлдэх хошин агшин болж үлдэх байх.
Хурлын мөнгө хаанаас гарав?
МАН-ын 31 дүгээр хурлын гол уриа нь “ Эв нэгдэл-Шийдэл-Хөгжил” гэж тодотгожээ. Харин иргэдэд хандаж “ Ардын нам Ард түмэндээ эргэн ирнэ” гэсэн үгийг дайжээ. Эв нэгдэл, шийдэл, хөгжил гэдгийг задалж уншваас, эхлээд эвлэрээд, хулгай луйвраа шийдээд, дараа нь хамтдаа хөгжье гэсэн үгийн дотор дараагийн сонгууль байгаа шүү гэдгийг давхар илтгэжээ. “ Ардын нам Ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг нь “Монгол ялна” гэдэгтээ агаар нэг сонсогдов. Сүүлийн 35 жилийн хугацаанд төрийн эрх барьж, төрийн өндөр албан тушаалыг дэс дараагаар нь авч хийж, гүйцэтгэж явсан энэ намын нөхдүүд өмнө нь ард түмэнгүй байсан гэсэн үг үү. Угаасаа төрийн дээр аль хэдийнэ МАН “сандайлаад” суусан бус уу. Эх сурвалжийн мэдээллээр, “ Тус нам Улс төрийн намын тухай шинэчилсэн хуульд заасны дагуу татвар төлөгчдийн мөнгөнөөс Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-гоор дамжуулан 2025 оны 5 дугаар сарын 7-нд авсан Төрийн санхүүжилтийн 2 тэрбум 819 сая 790600 төгрөгийг зарцуулсан” гэв. Тус хуралд нийт 2255 төлөөлөгчид оролцож байгаа аж. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутгаас ирсэн төлөөлөгчдийн байрлах зочид буудлын төлбөр, унааны зардал, өдрийн хоолны мөнгө, гарын бэлэг зэрэг багтжээ. Ийм өндөр өртөгтэй хуралд оролцогчид зөвхөн намын эрх ашиг бус, иргэдийн эрх ашгийг хөндөж намын даргаа сонгоход хайрцаглагдах биш, үнэн бодит байдлыг хайлцаж, үзэл бодлоо үгээ нээлттэй хэлэх эрхтэй байв. Харамсалтай нь, тэд өнөөдөр үүнийг мартаж нам тойрсон асар их баялгийн хулгай, дээрэм, тонуулын талаар ганц ч үг ганхийсэнгүй. Зөвхөн шинээр сонгогдох намын даргыг нийтээрээ сонгож, нэр төрөө хамгаалцгаав.

Харизмгүй, хамгаалалт ихтэй шинэ дарга “төрөв”
Насны хувьд өмнөх намын дарга нарын хувьд залуухан. Бидэн шиг үеэ хувааж мөчөөрхдөг хүмүүсийн хувьд харьцангуй залуу үеийн төлөөлөл. Түүнийг залуучууд Тимон нэрээр нь таньдаг, хип поп дуучин гэдгээр нь мэднэ. Одоо хүмүүс санадаг үгүйг мэдэхгүй. “Дэлхий сөнөвөл лагер дээрээ очно” гэж нэгэн цагт мэдэгдэж явснаараа алдартай. Удам судар талаасаа “Их Засаг” их сургуулийг үүсгэн байгуулагч” Улаан” О.Ням- Осорын хүү, аав нь Хэнтийнх, ээж нь Увс аймгийнх. Улс төр талаасаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй, мөн л нэгэн цаг үед түүнийг ааваа хэмээн авгайлж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Одоогийн албан тушаал нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд юм байна. Харин уржигдар буюу 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болсон МАН-ын 31 дүгээр Их хурлаар МАН-ын даргаар 94.95 хувийн дэмжлэгтэйгээр сонгогдов. Ерөнхийдөө өрсөлдөгчгүйгээр Н.Учрал намын дарга болж чадлаа. Түүнтэй Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Б.Лхагважав заалнаас нэр дэвшсэн нь ч ердөө 100 гаруй хүний санал авчээ. Заалнаас нэрээ дэвшиж цөөн санал авсан ч нэрээ дэвшүүлсэн Б.Лхагважавт талархмаар.

Хэрвээ тэр хүн байгаагүй бол зүгээр л цахимаар санал хураачих боломжтой санагдсан. Нэгэнт “хайрцлагдсан” санал. МАН-ын шинэ дарга ямар зарчмаар ажиллахыг зориуд ажиглав. Тэрбээр,
- эдийн засаг
- эдийн засгийн эрх чөлөө
- хүний эрх, эрх чөлөө,
- хуулийн тэгш хэрэгжилтийн зарчмаар ажиллана гэжээ. Тэгвэл олон нийт эдгээр дарааллыг өөрчлөхийг хүсч байгаа юм. Тухайлбал, ийм хувилбар байвал алга ташихаар байв.
- 1. Хүний эрх, эрх чөлөө –
Монгол хүн амьд явах, амьдрах, боловсрох, эрүүл байх, нийгмийн анхны хэрэгцээгээ алдаад удаж буй.. Хувь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөө хаагдмал. Зөвхөн магтан дуулагчдыг зохион байгуулалттай магтаж, тэдний төлөө үг хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг бүхэл бүтэн бүлэглэл бий болсон. Үүнийх нь улмаас олон нийт мэдэх эрхээ албан бусаар хаалгаж байна.
- Хуулийн тэгш хэрэгжилт
– УИХ-ын дарга асан Д. Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л. Оюун-Эрдэнэ нарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татаж, хуулийн байгууллагаар шалгуулах, намын нэрээр баяжиж, төрийн алба хаагчдын нэр төрийг гутааж авлига авсан олон нэр бүхий улстөрчид, нүүрсний хулгай, ЖДҮ-гийн зээл, Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдэгсэд ) гээд тоочвол маш олон төрлийн гэмт хэргийн шинжтэй, цаашилбал улс эх орноосоо урван тэрсэлсэн гэмт хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж олон нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй.
- Эдийн засаг
– Сүүлийн үед Монгол Улс ядуурлын доод төвшиндөө хүрсэн. Өмнө нь дундаж давхарга гэж байдаг байсан бол өнөөдөр хоёр төвшний хэлбэрээр иргэдээ хувааж болно. Нэг бол баян, нэг бол ядуу. Энэ дунд хамгийн их хохирч байгаа нь нийгмийн бүхий л салбарт хэрэгтэй мэргэжилтнүүд болох эмч, багш,цагдаагийн алба хаагчдын цалин хөлс хүрэлцээгүй байна. Цалингийн нэмэгдэл яригдсан ч он гараад яаж хэрэгжих нь тодорхойгүй. Мөн ахмад настнуудаа гудамжинд гаргачихсан. Тэдний тэтгэврийн мөнгө амьжиргаандаа ч хүрдэггүй учраас эмнэлгийн үйлчилгээ ч авч чадахгүй хэвээр байна. Хамгийн сэтгэл эмзэглүүлж буй нэг асуудал бол ирээдүй хойч үе болох үр хүүхдүүдийн боловсролын асуудал хаягдсан. Тэдэнд суралцах боломж битгий хэл эрүүл саруул сургууль руугаа очих орчин тойрон байхгүй. Хаанаас ч хамаагүй гарч ирээд бага насны хүүхдийг гэмтээх, хүчиндэх,гэмт хэргийн золиос болсоор байна.
- Эдийн засгийн эрх чөлөө
Үүнийг ямар утгаар нь томъёолж байгаа юм бол. Бид өнөөдөр баялгийн хараал хүрчихсэн. Үүнтэй олон эдийн засагчид санал нийлж, санал бодлоо илэрхийлсээр байна. Харамсалтай нь, тэдний үгийг эрх баригч намынхан үл тоодог. Өнөөдөр бүх өргөн хэрэглээний барааны үнэ суга өсчихсөн. Хичнээн их ажил хийгээд ч нэмэргүй болсон. Мөнгөний ханш уначихсан. Эдийн засгийн хувьд тэг заалттай байгаа. Гэтэл энэ тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “ 35 жилийн өмнө манай улсын ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 360 ам. доллар байсан бол өнөөдөр 6900 ам. доллар болж 20 дахин нэмэгдсэн. Энэ нь өнгөрсөн 35 жилд МАН-д итгэл хүлээлгэсэн ард түмний амжилт юм”. Тэрбээр энэ үгээ Их хурлын үеэр онцолж хэлсэн. Үнэхээр үнэн бол мэдээж сайн. Гэхдээ энэ бол иргэдийн тархийг угааж байгаа эдийн засгийн төөрөгдлийн тоо баримт.

Тиймээс эрх баригчид энэ удаа хоосон амлалт, хоосон попролтыг хойш тавихгүй бол хөрсөн дээрээ байгаа Монгол түмний амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтсоор байгаа шүү.
Хүн төвтэй, хүнээ хайрладаг, хүний төлөө сэтгэл тавьдаг, хуулиа биелүүлдэг, хариуцлагатай, зарчимтай нийгмийг бүтээхийн тулд олон нийт санаа чилээж суугаа шүү. Тиймээс энэ удаа МАН-ын шинэ дарга Н.Учралд нэг талын нислэгтэй сүүлчийн тасалбараа атгууллаа гэж харж байна.

Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В.Сарантуяа
- 11. 16 өдөр
Улс төр
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.10) үргэлжилнэ.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр (2025.12.10) Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулга, Оюу толгой бүлэг ордын геологи, нөөцийн асуудлын талаар, “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, мөн тус ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудал, “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлүүд ба Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын талаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан.
Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор эхлээд Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулгыг сонсож, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар, үдээс хойш хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Төгсгөлд нь Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх асуудлаар мөн шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 5 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд өнөөдрийн сонсголд 84 гэрч оролцох аж.
Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар 73 гэрч дуудагдсаны 60 нь оролцохоо илэрхийлсэн бол Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагавар сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдсан байна. Тэдгээрийн 25 нь өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгджээ. Харин Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдаж, 25 гэрч оролцохоо илэрхийлжээ.
Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар “Иргэн та хүч залуусын нэгдэл”, “Татварт иргэний хяналт” төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа
Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр ээлжит бус VIII хурлаараа хуралдаж, ирэх жилийн хөгжлийн зорилго, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталгаажууллаа. Төсвийн нийт дүн 4.6 их наяд төгрөгөөр төлөвлөгдлөө.
Ирэх оны төсвийн суурь орлого 3.4 их наяд, зарлага 2.6 их наяд төгрөгөөр тооцогджээ. Улмаар улсын төсөвт төвлөрүүлэх орлого 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 42.6 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн нь хотын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого юм. Мөн төсвөөс гадна нийслэлийн хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс тусгай зээл, санхүүжилтүүдийг ашиглах боломжийг нээж өгсөн байна.
Хөгжлийн чиглэл ба хөрөнгө оруулалтын эрчим
Ирэх жилийн хөрөнгө оруулалтын 52.7 хувийг авто замын салбарт зарцуулах бөгөөд эдгээр төсөл нь хотын хөдөлгөөний аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна. Тухайлбал, 12 байршилд нийт 53.74 км туслах гудамж, авто замын 33.8 км шинэчлэл, гүүрэн гарцын барилга байгууламжийг тохижуулах ажлыг эхлүүлж байна. Мөн “Туулын хурдны зам” төслийг 2025 онд гэрээ байгуулан, 2026 ондоо дуусгах зорилгоор ажил эхлүүлжээ.
Нийгмийн салбар болон бусад чиглэлүүд
Нийгмийн салбарт 8.2 хувийг зарцуулах бөгөөд энэ нь боловсрол, эрүүл мэнд, орчны тохижилт зэрэг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлд түлхүү анхаарч буйг илтгэнэ. Мөн бусад салбаруудад зарцуулах хөрөнгө оруулалтууд нь хотын дэд бүтцийн хөгжил, хүрээлэн буй орчны хамгаалал, аюулгүй байдлын салбаруудад хуваарилагдсан байна.
Энэхүү хөрөнгө оруулалтын бодлого нь Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн суурь болно. Зам, гүүр, инженерийн дэд бүтцийн шинэчлэл нь хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн өдөр тутмын амьдралыг хялбарчлах бололцоог бүрдүүлнэ. Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн эдийн засгийн идэвхжүүлэл, ажлын байр нэмэгдүүлэх боломжуудыг нээнэ.
Эх сурвалж НИТХ
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арван дөрөвдүгээр Лео нар албан ёсны уулзалт хийж, Ерөнхийлөгчид Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.
Энэ удаагийн айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо гэдэгт төрийн тэргүүн нар санал нэгдлээ.
Талууд харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, хүмүүнлэгийн салбарт гүнзгийрүүлэх, энх тайван, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтран ажиллах эрмэлзлээ нотоллоо.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей болон Ватиканы Апостолын архив хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Пап Францисын дурсгалыг хүндэтгэн Гэгээн Мариагийн Их сүмд байх бунханд нь цэцэг өргөлөө.
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
