Connect with us

Улс төр

УИХ-ын даргаар Ням-Осорын Учралыг сонголоо

Published

on

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.11.20/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Уг асуудлаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул “Монгол Улсын Их Хурлын даргаар Ням-Осорын Учралыг сонгохыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  82.5 хувь нь дэмжив. Иймд хуралдаан даргалагч “Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг уншиж, танилцуулав. Тогтоолын эцсийн найруулгатай холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулав.

Үүний дараа шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэллээ. /бүрэн эхээр нь эндээс/ Тэрбээр хэлсэн үгэндээ, Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир миний бие ард түмнээс уг сурвалжтай, эх ундаргатай, ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж, хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлээд, ард түмний элч, төлөөлөгчдийн олон ургалч, үзэл бодлоо уралдуулах чөлөөт индэр, олон намын, сонирхлын олон бүлгийн өргөн төлөөлөл, оролцоотой парламент мэргэжлийн мэтгэлцээний өргөн талбар байлгахын төлөө хичээж ажиллах болно гэв.

Тэрбээр, Олон ургалч үзэл бодлоо уралдуулахын зэрэгцээ Монгол Улсын язгуур нийтлэг эрх ашиг гагцхүү шударга ёсонд суурилсан, эв эеэ хичээн, улс орныхоо илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээж ажиллацгаая. Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрж байх ёстой. Улсын Их Хурлын нэр хүнд гишүүн гэмт хэрэг шалгуулаад байгаагаас болж унаагүй. Улсын Их Хурлын нэр хүнд Улсын Их Хурлын гишүүн шалгуулахгүй байх давуу, дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч, ард түмэнтэйгээ адил хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх цагт парламентын нэр хүнд өснө гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Нэгдүгээрт, парламентыг Үндсэн хуулиа дээдлэн сахих, хууль дээдлэх, шударга ёс, ёс зүй, тэгш эрхийн зарчмыг Улсын Их Хурал өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй.

Хоёрдугаарт, судалгаа, их өгөгдөл, шинжлэх ухаанд суурилсан цаг үе, олон улсын чиг хандлага хэрэгцээ, шаардлагад нийцсэн хууль тогтоомжийг хэлэлцэн баталж байх үүрэгтэй.

Гуравдугаарт, олон ургалч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой.

Дөрөвдүгээрт, олон нийтэд илүү нээлттэй ойрхон, ил тод, шилэн парламент болж төлөвших учиртай. Эдгээр дөрвөн зорилтыг Улсын Их Хурлын даргын хувьд баримталж ажиллана. Энэ бүхний үр дүнд ард түмэн төлөөллөөрөө дамжуулж төрийн эрхийг барих парламентын засаглал бэхжих болно гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тодотголоо.

Түүнчлэн УИХ-ын дарга Н.Учрал, Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч, төлөөлөгч. Илүү тусгай эрх дархтай, ард түмэнд зааж, зааварладаг дарга нар бид биш. Улс төрийн намын бус, улс орны ард иргэдийн эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэн дээдэлж, нийгмийн хүсэл хүлээлт, хэрэгцээ шаардлага, дэлхийн чиг хандлага, цаг үедээ нийцсэн хууль тогтоомжуудыг судалгаа шинжилгээ, иргэд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын өргөн идэвхтэй оролцоонд тулгуурлаж хэлэлцэн баталж байх нь та бидний онцгой үүрэг юм. Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжид хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хааж боосон, зөрчилдөж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилж, хууль тогтоох, Засгийн газарт хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно гэдгээ мэдэгдсэн.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлах, эрх зүйн иж бүрэн шинэчлэлийн төлөө хамтдаа ажиллахыг уриалав. Үүгээр чуулганы  нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!