Connect with us

Улс төр

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгохоор боллоо

Published

on

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг хууль ёсны өвлөгчид нь олгоно

“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д нэмэлт оруулж, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх бүхий төрийн албан хаагч нас барсан тохиолдолд хууль ёсны өвлөгчид тусламжийг олгохоор боллоо.

“Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д зааснаар төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулиар төрийн албанаас чөлөөлөгдсөн бол нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан.

Төрийн албан хаагч дээрх хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч нэг удаагийн буцалтгүй тусламжаа авч чадаагүй нас барсан тохиолдолд тусламжийг түүний ар гэрт олгох асуудал зохицуулалтгүй байжээ.

Төрийн албан хаагч нас барсан бол түүнд олгох байсан нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний хууль ёсны өвлөгч Иргэний хуульд зааснаар өвлөх эрхтэй байна. Иймд хуульд заасан шаардлага, хугацааг бүрэн хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нас барсан бол түүний хууль ёсны өвлөгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгох зохицуулалтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт болно

Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XII зөвлөлдөх уулзалт Япон Улсын Токио хотноо энэ сарын 24-28-нд болно. Уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа. Уулзалтад хоёр талын төрийн байгууллага, MYXAYT, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Япон, Монголын Эдийн засгийн хороо, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцоно.

Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, зорилт, төрийн бодлого, бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тогтвортой болгоход чиглэсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн талаар мэдээлэл өгч, тэргүүлэх салбарын бүтээн байгуулалтын томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын боломжууд, санхүүгийн орчны шинэчлэлийн хамтын ажиллагааны чиглэлд сайн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Товч мэдээ

·  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Учо хотод зохион байгуулагдсан Олон улсын циркчдийн уралдаанд гуравдугаар байрт шалгарсан “Монгол циркус энтертаймэнт” төвийн уран бүтээлчдэд 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно. Шагналыг 2025 оны батлагдсан төсвөөс гаргана.

·  “Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ёс суртахуун, хариуцлагын боловсролыг дээшлүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл”-ийг хэлэлцэж, Хүчирхийллийн эсрэгүндэсний хорооны ажлын албанд хүргүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт, “Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх 2026 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө” боловсруулж, батлуулахыг Хүчирхийллийн эсрэг үндэсний хороонд тус тус даалгалаа.

·  Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын харьяа Зэвсэгт хүчний 110 дугаар ангийг төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалах яамны орлогч сайд бөгөөд Барилгын цэргийг удирдах ерөнхий газрын дарга, хошууч генерал Дамбын Бавуу агсны нэрэмжит, Монгол Улсын Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрынхарьяа Зэвсэгт хүчний 338 дугаар ангийг төр, цэргийн нэрт зүтгэлтэн Монголын Ардын Армийн Улс төрийн газрын орлогч дарга бөгөөд Барилгын цэргийн Улс төрийн хэлтсийн дарга, хошууч генерал Чимэдийн Данзан агсны нэрэмжит болголоо.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!