Нийгэм
Улаанбурхан өвчний тархалт эрс нэмэгдэж, ХӨСҮТ ачааллаа дийлэхгүй болжээ
ХӨСҮТ улаанбурхан өвчний талаарх тоон мэдээллийг өгөхөөс, гараа угаа, гадуур хүүхдээ бүү авч яв гэж зөвлөхөөс хэтрэхгүй байсан. Энэ өвчний тархалт улам нэмэгдэж байгаад дорвитой арга хэмжээ авахыг хэвлэл мэдээллийн байгууллагууд сэрэмжлүүлсээр ирсэн юм. Тэгвэл өдгөө улаанбурхан өвчний тархалт ихэсч, ХӨСҮТ-д хандах иргэний тоо эрс өсчээ.
Тодруулбал, шөнийн 22:00-00:00 цагийн хооронд ХӨСҮТ-өөс яаралтай тусламж авахаар ирсэн хүмүүс хүүхдүүдээ дотогш оруулж, өөрсдөө гадна нь хүлээж байгаагаас урт дараалал үүсчээ.
Хамгийн гол анхаарах зүйл нь вакцин хийлгээгүй хүүхэд улаанбурхан өвчнөөр өвдсөн тохиолдолд богино хугацаанд хүндэрч, нас барах эрсдэлтэй. Тиймээс эмч нар товлолт вакцинд нь хүүхдүүдээ заавал хамруулахыг зөвлөж байна.
Эцэг, эхчүүд хүүхдээ вакцинд хамрагдсан эсэхийг нь нягтлаад хэрэв ямар нэгэн шалтгаанаар товлолт вакцинаас хоцорсон бол сум, өрхийн эрүүл мэндийн төвд 15 хүртэлх насны хүүхдэд нөхөн дархлаажуулалтад хамруулахыг зөвлөж байна. Хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой. Хэрэв батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол 72 цагийн дотор дархлаажуулах арга хэмжээнд хамрагдах шаардлагатайг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.