Спорт

Хакүхогийн санаачилсан “Их дуулга”-ыг Toyota дэмжихээ мэдэгджээ

Published

on

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал өчигдөр Сүмогийн Холбооноос албан ёсоор гарч буйгаа зарласан. Тэр даруй Исэгахама дэвжээний танилцуулга дээрээс түүний нэрийг хассан байлаа.

Хакүхогийн цаашдын үйл хэрэг сүмотой нягт холбоотой нь тодорхой болсон. Дэлхий дахинд сүмог түгээн дэлгэрүүлж, хөгжүүлэхийг зорихын зэрэгцээ Олимпын төрөл болгохын төлөө ажиллана гэж амласан.

Мөн сүмогийн “Их дуулга” тэмцээнийг зохион явуулах төлөвлөгөөтэй гэдгээ ч мэдэгдсэн. Тэгвэл энэхүү үйл хэрэгт нь Toyota Motor Corporation хамтран ивээн тэтгэгчээр ажиллах ажээ.

“Дэлхийн 150 улсын сүмочид эвлэлдэн нэгдэхийг хүсэж, эрмэлзэж байна. Гэтэл сүмогийн нэг дэвжээнд гадаадын ганц л бөх байхыг хүлээн зөвшөөрдөг. Тиймээс би дэлхийн өнцөг булан бүрт буй хүмүүст хүрч ажиллаж, мэдээгээ түгээхийг эрмэлзэнэ.

Бид ивээн тэтгэгчгүйгээр хол явахгүй. Toyota бол Дэлхийн хэмжээний том компани. Тус компанийн захирал Акио бидэнтэй нэгдэхээ мэдэгдсэнд би их жаргалтай байна. Акио намайг найзаа гэж, үргэлж дэмждэг юм” хэмээн Хакүхо мэдэгджээ.

Хакүхогийн хэвлэлийн бага хурал ердөө 43 минут л үргэлжилсэн нь зохион байгуулалт маш сайн хийснийх гэж мэдээлсэн байна. Өмнө нь FujiTV олны анхаарлыг татсан нэгэн хэвлэлийн бага хурлыг 12 цагийн турш үргэлжлүүлж, хэт сунжирсан явдал гарч байжээ.

Тэгвэл Хакүхогийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид эхний тогтсон цагаас тодорхой шалтгааны улмаас хоцорч эхэлсэн, мөн сүмогийн мэдээлэл байнга түгээдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг урьсан зэрэг нь хэт сунжрах, нуршсан, утга хальсан асуултад хариулах шаардлага гаргаагүй байна.

Мөн хурлын өмнө “Хүүхдүүд зурагтаар үзэж буй тул асууж, ярьж буйгаа цэнэхийг уриалж байна” хэмээн зохион байгуулагч мэдэгдсэн нь ч нөлөөлсөн биз ээ.

Ер нь Хакүхог хэвлэлийн хурал дээр маш зөв хандлагатай байж, үзэл бодлоо их цэвэрхэн ойлгогдохоор илэрхийллээ гэж дүгнэцгээжээ.

“Тэрүнофүжигийн удирдлага дор ажиллахгүй гэсэндээ ийм шийдвэр гаргасан юм биш” гэх юмуу “Би өөрийнхөө хүслээр энэ шийдвэрийг гаргасан” гэх мэт үг хэлж, Исэгахаматай олны нүдэн дээр тэврэлдэн найрсаг хандсан нь олонд таатай мэдрэмж үлдээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version