Нийгэм
0–17 НАСНЫХНЫ ДУНД ШҮД ЦООРОЛТ 78 ХУВЬТАЙ БАЙНА
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай” хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийв.
2022 оноос эхлүүлсэн эрт илрүүлгийн хүрээнд нийт хүн амын 49.5 хувь буюу 1.6 сая хүн хамрагдсан бол 1.5 саяд нь ямар нэгэн өвчлөлийн сэжиг илэрсэн байна. Үүнээс хамгийн түгээмэл нь хоол боловсруулах, дотоод шүүрэл, зүрх судасны болон амьсгалын замын тогтолцооны өвчлөлүүд байгаа аж. Мөн 0–17 насныхны дунд шүд цооролт 78 хувьтай байна.
УИХ-ын гишүүд мэдээлэлтэй холбогдуулан санал хэлж, шүүмжлэл илэрхийллээ. Гишүүн Ц.Идэрбат Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд шинэ дарга очсоноос үүдэн “бужигнаан” үүссэн тухай шүүмжилж, “Монголд баг бүрдүүлнэ гэдэг нэрийн дор эмнэлгийн тогтолцоог самарч байна” гэж онцоллоо.
Гишүүн С.Эрдэнэбат ч мөн салбарын удирдлагын тогтворгүй байдлыг шүүмжилж, “Тэтгэвэрт гарсан хурандаа нар эмнэлгийн дарга болж, жилд 100 гаруй хүнийг хөөж байсан тохиолдол бий” гэлээ.
Эрт илрүүлгийн дараагийн үе болох “Эрт илрүүлэг 2:0” аяны талаар сайд мэдээлэхдээ, хүүхэд, залуусыг эрүүл байлгах зорилготойгоор нярайн, сургуулийн болон байгууллагын суурьтай үзлэгүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцолсон юм.