Төсвийн ерөнхийлөн захирагч нар Төсвийн төсөл бэлтгэх удирдамжийн дагуу 2026 оны хөрөнгө оруулалтын саналаа Сангийн яаманд хүргүүлж буй. Энэ нь хуулийн хугацаатай бөгөөд санал авах хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. юм. Энэ ажлын хүрээнд Засгийн газар, Сангийн яам УИХ-д тойргоос сонгогдсон 78 гишүүн бүрээс 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авч, “гишүүдийг авлигадах” ажлыг зохион байгуулж байна хэмээн УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара нийгмийн сүлжээнд мэдээлсэн нь олны анхаарлыг татаад байна. УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Х.Баасанжаргал тойргийн төсвийн талаарх мэдээллийг анх нийт гишүүдийнхээ группэд бичсэнээр тойргийн төсвийн хуйвалдааныг мэдлээ гэж тодотгожээ.
Ямартай ч, Г.Занданшатарын Засгийн газар УИХ-ын гишүүдийг тойргийн төсөв нэрээр авлигадаж, Ерөнхий сайд, Засгийн газрынхаа насжилтыг уртасгах төлөвлөгөөндөө орсон бололтой.Нэг үгээр Сангийн сайд Б.Жавхлан, Г.Занданшатар нар гишүүдийг 480 тэрбумаар авлигадахаар зэхэж байна.
“Тойргийн төсөв” гэдэг ойлголтыг анх 2000-аад оны үед буюу Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа анх эхлүүлж, УИХ-ын гишүүдэд тойрогтоо ажиллахад нь зориулж 10 сая төгрөг өгөх хуулийн төсөл санаачилж батлуулж байлаа. Цаашлаад Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж арав дахин өсгөж 100 сая, МАН-ын дарга М.Энхболд 500 сая төгрөгт хүргэсэн удаатай. Дараа, дараагийн засаг нь бүр нэг тэрбум, дөрвөн тэрбумд хүргэх төсөл ч оруулж ирж байв. Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газрын үед тойргийн мөнгө түүхэн дээд хэмжээнд буюу 15 тэрбум төгрөгт хүрлээ. . Өнөөдрийн байдлаар улсын төсвийн тэнцэл нэг их наяд төгрөгийн алдагдалтай, Монгол Улсын гол орлого болох нүүрсний экспортын орлого 2.5 тэрбум ам.долларын бууралттай байна. Гэтэл Засгийн газар өнгөн дээрээ “төсөв хүнд байна, хэмнэлт хийнэ” гэчихээд хөшигний цаана тойргийн гишүүн бүрд 15 тэрбум төгрөг хуваарилах хуйвалдааныг эхлүүлсэн нь шившиг гэлтэй. Улстөрчид баяр наадмын урт өдрүүд, амралт алжаалаа тайлах үеийг андахгүй чоно борооноор гэгчээр элдэв хуйвалдаанаа сэмхэн зохион байгуулдаг, хууль журмыг баталдаг. Энэ удаад ч Г.Занданшатарын булхай ил болж, гишүүдийг авлигадаж хахуульдах гэсэн санаа зорилго нь ийнхүү ил болж, олны анхааралд өртлөө. Шүгэл үлээсэн М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал гишүүдэд талархахаас аргагүй юм.