Улс төр
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах зорилгоор “Нийслэлийн 2026 оны төсвийн төсөл” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг НЗДТГ-аас Монголын хүүхдийн ордны Их танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин болон холбогдох албаны төлөөллүүд, иргэдийн төлөөлөл оролцож, иргэд нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд санал хүсэлтээ илэрхийллээ.
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
- Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна.
- Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна.
- Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин төсвийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх явцдаа иргэдийн саналыг бодитоор тусгах нь хотын хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чухал гэдгийг тодотголоо. Иймд иргэн та нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд тусгуулах нийслэл Улаанбаатар хотод нэн тэргүүнд хийж хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний санал, хүсэлтээ ulaanbaatar.mn цахим сайтаар нээлттэй илэрхийлж болох юм.