Нийгэм
Хуульч, өмгөөлөгч Б.Дашдорж: Маргаан гарвал сэтгэл хөдлөлөөр бус баримтаар шийдэх нь чухал
Манай www.guren.mn сайтын уншигчдад зориулан хуульч, өмгөөлөгч Б.Дашдорж иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг хууль эрх зүйн асуудал, маргаан үүссэн тохиолдолд хэрхэн зөв шийдвэрлэх, мөн ямар хуулийг мэдэхгүйгээсээ болж иргэд хамгийн их хохирч байгаа талаар зөвлөгөө өглөө.
Иргэдийн өдөр тутмын амьдралд хамгийн их тулгардаг маргаан бол гэрээ, мөнгө зээл, эд хөрөнгө, хөдөлмөрийн харилцаа, гэр бүлийн асуудал байдаг.
Эдгээрээс маргаан гарсан тохиолдолд хамгийн эхний, хамгийн зөв алхам бол сэтгэл хөдлөлөөр бус, баримтаар ярих юм.
- Маргаан гарвал яаж шийдвэрлэх вэ?
-Аман тохиролцоонд найдах биш, бичгээр нотлогдсон баримтаа шалгана
-Нөгөө талтайгаа хуульд заасан журмын дагуу хэлэлцээ хийх боломжийг эхэлж ашиглана
-Шаардлагатай бол хуульч, өмгөөлөгчид эрт хандах нь шүүхэд очихоос өмнө асуудлыг шийдэх хамгийн үр дүнтэй зам байдаг
-Шүүхэд хандах үед “би зөв байсан” гэдэг ойлголт биш, хуульд нийцсэн нотолгоо л шийдвэр болдог
- Иргэд ямар хуулийг мэдэхгүйгээсээ болж хамгийн их хохирч байна вэ?
Практикт би дараах шалтгаанаар хүмүүс хамгийн их алдаж байна
-Гэрээний эрх зүйг үл тоодог
-Гарын үсэг зурсан л бол “уншаагүй, ойлгоогүй” гэдэг шалтгаан хамгаалалт болдоггүй
-Мөнгө, зээлийн харилцааг баримтгүй хийдэг
Найз, хамаатан гэдэг ойлголт шүүх дээр хүчин төгөлдөр биш
Өөрийн эрхээ хэзээ, яаж хамгаалах ёстойгоо мэддэггүй
Хугацаа алдах, буруу байгууллагад хандах нь эрхээ бүрмөсөн алдах эрсдэлтэй
Цагдаа, мөрдөгч, төрийн байгууллагын өмнө дуугүй байвал ашигтай гэж эндүүрдэг
Дуугүй байх эрх, тайлбар өгөх эрх хоёрын ялгааг мэдэхгүйгээсээ болж өөрийгөө хохироодог. Энэ дашрамд өмгөөлөгч хүний хувьд иргэдэд хандаж нэгдүгээрт: Асуудал томорсны дараа биш, эхэлж байхад нь асуу.Хоёрдугаарт: маргаан шүүхэд очсоныхоо дараа биш, баримт бүрдэж байх үед зөвлөлд гэж зөвлөх байна. Хууль мэдэхгүй байх нь гэмт хэрэг биш. Харин хууль мэдэхгүйгээсээ болж эрхээ алдах нь хамгийн харамсалтай алдаа байдаг юм шүү.
Б.Цацрал