Улс төр

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ажлаа хүлээн авчээ

Published

on

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилж, тэрээр өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Д.Мөнх-Эрдэнэ нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998 онд Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийг төгссөн бөгөөд 2001 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Берлин хотын “Буххольц” герман хэлний институт, 2002 онд Потсдамын их сургуульд герман хэлний бэлтгэлд тус тус суралцсан. Улмаар 2005 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг төгсөж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн.

Тэрээр 2011 онд АНУ-ын Жоржиагийн их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм”, мөн Бүгд Найрамдах Франц Улсын Цөмийн технологийн институтэд “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.

Д.Мөнх-Эрдэнэ нь 2004–2007 онд Голомт банкны Хуулийн хэлтэст хуульч, 2007–2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, 2008–2013, 2014–2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, газрын даргаар тус тус ажилласан. Мөн 2016–2018, 2021–2023 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх, 2023–2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.

Тэрээр 2025 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад ийнхүү Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдож байна.

Д.Мөнх-Эрдэнэ нь төрийн албанд нийт 21 жил ажилласан бөгөөд төрийн албаны Тэргүүн түшмэлийн гутгаар зэрэгтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Трэнд

Exit mobile version