Улс төр
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Зөвшөөрөл олгох үйл явцыг хялбарчилж, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нарын хамт өргөн барив.
Зөвшөөрлийн тухай хуулийн 2022 оны шинэчилсэн найруулгын хэрэгжилтэд хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрлийн төрөл, ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэх, бүрэн цахимжуулах, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн зарим зөвшөөрлийг хууль бус захиргааны журмаар олгож, сунгаж, хүчингүй болгодог байдал аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж буйг онцолжээ.
Иймд олон улсын жишгийн дагуу мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх шинэ зохицуулалтыг нэвтрүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Ингэснээр бага эрсдэлтэй, нэг удаагийн болон ахуйн хэрэгцээний зориулалттай зарим үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр, зөвхөн мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх боломж бүрдэх ажээ.
Хуулийн төсөлд зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үйл явцыг цахимжуулах, явцын хяналтаар шууд сунгах, зарим бүрэн эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Мөн бизнес эрхлэхэд шаарддаг, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй төрийн баримт бичгүүдийг цэгцэлж, багасгахаар зорьжээ.
Төсөл батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгжид учирдаг хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, зах зээлд нэвтрэх нөхцөлийг илүү шуурхай, ойлгомжтой болгох ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Сэтгүүлч Х.Бямбадалай