Нийгэм
Өнөөдөр төрийн ордонд “Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслол болно
Тус арга хэмжээ нь 33 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүүхдийн оюун ухаан, урлаг спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг зэрэг олон салбарт амжилт гаргасан хүүхдүүдийг өргөмжилдөг юм. 2025 онд үндэсний болон олон улсын хэмжээнд 10 төрөлд 1263 нэр дэвшигчээс 72 хүүхэд шалгарсан байна.
Монгол улсын “Оны онцлох хүүхэд” шалгаруулалт нь зөвхөн спорт, урлаг төдийгүй боловсрол, байгаль хамгаалал, техник сэтгэлгээ зэрэг олон төрлөөр гаргасан амжилтыг хүлээн зөвшөөрч, тэднийг олон нийтэд таниулдаг цогц үйл ажиллагаа юм.
Энэхүү шалгаруулалт нь хүүхдийн хөгжлийг дэмжих, тэдний нийгмийн оролцоог өргөжүүлэх, үлгэр дуурайлал болох чадварлаг хүүхдүүдийг таниулах зорилготой ба хүүхдийн амжилтыг таниулах төдийгүй нийгмийн хариуцлага, тэгш боломжийг хангах, ирээдүй хойчийн боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Энэ уламжлал нь Монгол улсын хүүхдийн хөгжлийг дэмжих бодлого, хууль тогтоомжуудтай уялдаж иржээ. Тухайлбал “Хүүхдийн эрхийн тухай хууль”, “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хөтөлбөр” зэрэг баримт бичгүүдэд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслах зорилготой.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн