Эдийн засаг
Тариалан эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг 6 хүртэл сараар хойшлуулна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариаланчдаас ирүүлсэн хүсэлт, цаг уурын мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтэд үндэслэн боловсруулсан “Тариалан эрхлэгчдийн зээл хойшлуулах тухай” тогтоолын төслийг Засгийн газар 2025 оны 12 дугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар хэлэлцэж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг 6 хүртэл сараар хойшлуулах шийдвэр гаргав.
Энэхүү тогтоолд 2025 онд ургац алдсан тариалан эрхлэгч иргэн, ААН-үүд болон 2023-2025 онд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдсан тариалан эрхлэгчдийн зээлийн эргэн төлөлтийг 6 хүртэл сараар хойшлуулахад шаардагдах нийт 4.2 тэрбум төгрөгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын батлагдсан төсвөөс зохицуулахаар тусгасан байна.