Улс төр
Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд 2025 оны 12-р сарын 30-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ.
Засгийн газар 2025 оны турш УИХ-ын Тамгын газар, худалдаа аж үйлдвэрийн танхимуудтай хамтран улс орон даяар 13 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан 178 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, 176 мянга орчим санал авчээ. Эдгээр саналд үндэслэн Татварын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулсан байна.
2.7 их наяд төгрөгийн татвар бууруулна
Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд:
-
Иргэдийн НӨАТ, ХАОАТ-ыг 2 их наяд төгрөгөөр
-
Аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр
нийт 2.7 их наяд төгрөгөөр үе шаттайгаар бууруулахаар тооцоолжээ.
Иргэдэд чиглэсэн онцлох зохицуулалт
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссаны дагуу:
-
Сарын 500 мянган төгрөг хүртэлх орлогыг 100 хувь татвараас чөлөөлж, буцаан олгох
-
Татварын тайланг 2 жилийн дотор залруулах эрх олгох
-
Татварын хууль даган мөрдөлтийн онооны системээр 2 сарын дараа төлөх боломж бүрдүүлэхээр тусгасан байна.
ААН-д ээлтэй өөрчлөлтүүд
-
1 хувийн татвар төлөх босгыг 1.5 тэрбумаас 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлнэ
-
25 хувийн татвар ногдох босгыг 6 тэрбумаас 10 тэрбум төгрөг болгоно
-
6–10 тэрбум төгрөгийн ашигтай компаниуд 15 хувийн татвар төлөх зохицуулалттай болно
-
400 сая төгрөг хүртэл орлоготой ААН-д 1 хувийн хялбаршуулсан татварын горим нээлттэй болно
НӨАТ-ын шинэчлэл
Бизнес эрхлэгчдэд тулгамддаг НӨАТ-ын хасалтын асуудлыг шийдвэрлэж:
-
Үйл ажиллагаанд гарсан НӨАТ-ын хасалтыг өргөн хүрээнд зөвшөөрөх
-
Түүхий эд худалдан авалтын И-баримтыг бүрэн хүлээн зөвшөөрөх
-
НӨАТ бизнесийн өртөг болж буй асуудлыг арилгаж, дамжуулан тайлагнагч агентын тогтолцоог нэвтрүүлэхээр тусгажээ.
Татварын хяналтын бодлогын шинэчлэл
-
Татварын өртэй аж ахуйн нэгжийн дансыг бүрэн битүүмжлэхгүй
-
Ирээдүйн орлогын суутгалыг 100 хувь байсныг 80 хувь болгоно
-
Торгох бус зөвлөн туслах, урьдчилан сануулах арга барилд шилжинэ
Зөвлөгөө, сургалтын тогтолцоо
Цаашид бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын хүсэлтийн дагуу татвар, гаалийн байгууллагаас:
-
Хөнгөлөлт, чөлөөлөлтийн боломж
-
Эрсдэл, маргаан
-
Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар
сургалт, зөвлөгөө тогтмол олгодог тогтолцоог бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.