Улс төр
“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг иргэдэд хүргэх 300 хоногийн төлөвлөгөө”-г баталлаа
Засгийн газар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталж, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд бодитоор хүртээхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
Тус төлөвлөгөөний хүрээнд төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар болон бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоодог татвар, хураамжийн хувь, хэмжээг нэмэгдүүлэхгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д зөвлөв.
Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт даалгалаа.
Эдийн засгийн үзүүлэлтүүд
-
Эдийн засгийн өсөлт: 5.9 хувь
-
Инфляц: 8.2 хувь (Төв банкны зорилтот түвшинд ойртсон)
-
Гадаад валютын улсын нөөц: 6 тэрбум ам.доллар
-
Төлбөрийн тэнцэл: ашигтай
Эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуй, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн тогтвортой өсөлт, мөн уул уурхайн салбарын III улирлын сэргэлт голлон нөлөөлсөн байна. Экспортыг нэмэгдүүлэх бодлогын үр дүнд орлого сайжирч, импортын өсөлт саарч, урсгал дансны алдагдал тогтворжсон нь ханшийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлжээ.
Засгийн газар цаашид иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог оновчлох, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилготой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.