Нийгэм
Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын нөхцөл, аюулгүй байдлын асуудалтай танилцлаа
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын спортын сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцлаа.
Тус сургууль нь анх 1956 онд байгуулагдсан Ерөнхий боловсролын I дүгээр сургууль бөгөөд 2007 онд “Тусгай төрөлжсөн спортын сургууль” хэлбэрээр шинэчлэн зохион байгуулагдсан.
2025–2026 оны хичээлийн жилд тус сургуульд 16 бүлгийн 437 суралцагч спортын 5 төрлөөр бэлтгэл сургуулилтад хамрагдан суралцаж байна.
Сургалтын үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу явагддаг бөгөөд бусад ерөнхий боловсролын сургуулиас ялгарах онцлог нь суралцагчид биеийн тамир, спортын чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт авч, авьяас чадвараа хөгжүүлдэг учир нийт суралцагчдын 23.3 хувь нь бусад дүүрэг, сумаас хамрагдаж байна. Гэвч барилгын насжилтын улмаас чанар нь муудсан тул урсгал засвар хийгээд ч сургалтын үйлчилгээ явуулахад хүндрэл үүсээд байгаа юм байна.
Мөн Боловсролын сайд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ орон сууцны барилгын 1 дүгээр давхарт байрладаг 5 дугаар цэцэрлэг болон аймгийн боловсролын газрын үйл ажиллагаа, барилгын нөхцөл байдалтай танилцлаа.
Тус цэцэрлэг нь 2017 онд хувийн хэвшлээс Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан барилгад үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс хонгилын давхрын автомашины зогсоолоос ялгарах угаарын хий, ил сантехникийн бохирын үнэр, мөн дээд давхрын айлуудаас ус алдах зэрэг нь хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдал, суралцах орчинд сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо.
Эдгээр нөхцөл байдал нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стандарт, шаардлагад нийцэхгүй байгааг дурдсан бөгөөд хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг хангах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг уламжиллаа.
