Хөвсгөл аймаг дахь улсын тусгай хамгаалалттай газрын залуу байгаль хамгаалагч Төмөрсүхийн Мөнхтэнгэр нь Ирвэстэй нутгийн 20 шилдэг байгаль хамгаалагчдын нэгээр шалгарлаа. Тэрээр олон жил байгаль хамгааллын ажилд зүтгэсэн говийн болон баруун аймгуудын байгаль хамгаалагчидтай мөр зэрэгцэн шагнуулж байгаадаа сэтгэл өндөр буйгаа илэрхийлэв.
Байгаль хамгаалагч Т.Мөнхтэнгэр хандгай агнасан зөрчлийг илрүүлсэн, хууль бус загасчлал түүнээс урьдчилан сэргийлсэн гэх шалгуураар (Ирвэс Хамгаалах Сан, Байгаль Oрчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам болон Олон Улсын Ирвэс Хамгаалах Сантай хамтран Английн засгийн газрын Зэрлэг амьтны хууль бус худалдаа бууруулах (IWT) төслийн санхүүжилтээр шалгаруулсан) ирвэстэй нутгийн 20 шилдэг байгаль хамгаалагчдын нэгээр тодорсон нь энэ аж. 2024 онд хариуцан хамгаалсан газар нутагтаа 12 хэрэг зөрчил илрүүлсэн, 153 хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлсэн, 7-г таслан зогсоосон, 221 өдөр хээр хяналт шалгалт хийжээ.
“Байгаль хамгаалагчийн гэр бүлийнхэн бол хүлээх гэж төрчихсөн гэх юм уу, тийм л улсууд. Энгийн бид хүнтэй уулзахаар цаг товлоод 10-20 минут хоцорвол бөөн юм болдог доо. Гэтэл бүх амьдралынхаа турш аавыг хүлээнэ гэдэг чинь том зориг, тэвчээр” хэмээн гэр бүлийнхнийхээ дэмжлэгийг дурдлаа.
Эх сурвалж: Ирвэс Хамгаалах Сан