Connect with us

Улс төр

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Published

on

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэн дараах хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд, яам удирдаж байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо.

Дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцна. Тухайлбалтөрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэл, татварын цогц реформ, цөлжилтийн эсрэг “COP-17” олон улсын хурлын зохион байгуулалт, “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилт, Оюутолгойн татварын асуудал, шатахууны хангамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл зэрэг тодорхой асуудал хариуцна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Засгийн газрын хуралдаанаас дараах хүмүүсийг;

1.    Содномдаржаагийн Даваасүрэнг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын;

2.    Гомбосүрэнгийн Амартүвшинг Гадаад харилцааны дэд сайдын;

3.    Бат-Эрдэнийн Хуланг Сангийн дэд сайдын;

4.    Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын;

5.    Бэгзсүрэнгийн Энхтүвшинг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдын;

6.    Дашцэдэнгийн Баасандамбыг Батлан хамгаалахын дэд сайдын;

7.    Батбаярын Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдын;

8.    Доноровын Гантулга Боловсролын дэд сайдын;

9.    Баярсайханы Солонгоог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдын;

10. Гочоогийн Ганболдыг Зам, тээврийн дэд сайдын;

11. Ганзоригийн Дашнямыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдын;

12. Самбуугийн Энхболдыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдын;

13.  Баасансүрэнгийн Нямжавыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын;

14. Ганжавын Баярхүүг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдын;

15. Сугаржавын Далхаасүрэнг Эрчим хүчний дэд сайдын;

16. Ганбаатарын Номинг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд томиллоо.

Ж.Энхбаяр: Бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулна

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн, хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, аж ахуйн үйл ажиллагаанд төрийн оролцоог бууруулах зорилгоор Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагаж холбогдох бусад есөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн Ж.Энхбаяр мэдээлэл хийхдээ “Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн хүрээнд боловсруулсан энэ хуулийн төсөл нь бизнесийн эрх чөлөөг дэмжиж, хувийн өмчийн халдашгүй байдлыг хуулиар баталгаажуулах зорилготой” гэдгийг онцоллоо.

Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хүчингүй болгоно 

Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах болон хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл боломжийг арилгах, бизнесийн үйл ажиллагаанд тавигдах зөвшөөрөл, бүртгэлийн ачааллыг бууруулах зорилгоор Захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэх зарим арга хэмжээний тухай Засгйин газрын тогтоолын төслийг баталлаа.

Тус тогтоолоор,

-Эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр баталсан,  эрх зүйн зохицуулалтын ач холбогдлоо алдаж дагаж мөрдөхгүй болсон, хууль тогтоомжтой зөрчилдсөн, эрх олгосон хуулийн заалт нь хүчингүй болсон, өөрчлөгдсөн захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох;

-Эрхлэх асуудлын хүрээнд хамаарах захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг нягтлан шалгаж, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, ашиг сонирхлын зөрчил, авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн шинжтэй, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг зохицуулсан дүрэм, журам, тэдгээрийн холбогдох зохицуулалтыг хүчингүй болгох, өөрчлөх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

ХЗДХЯ-аас Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 885 хуулиас хэдэн хуулиар хичнээн эрх олгосон талаар судалгаа хийжээ. Бие даасан 437 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 315 хуулийн 2403 эрх олгосон заалтаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхээ шилжүүлсэн гэсэн судалгаа гарчээ. Хуулиар эрх шилжүүлэх байдал хэт өргөжсөнөөс захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн захиргааны хэм хэмжээний актын тоо тогтмол өсөж байна.

Тухайлбал, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актын тоо 2010 онд 681 байсан бол 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 2724  болж, энэ хугацаанд дөрөв дахин нэмэгджээ.

Тус тогтоолтой холбогдуулан хагас жилд 1000 журам хүчингүй болгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдууллаа

Ерөнхий сайдын 2025 оны 75 дугаар захирамжаар байгуулагдсан, төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар Ажлын хэсгийн ахлагч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын дарга Б.Цэнгэл танилцууллаа. Ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулсан гэсэн мэдээллийг хэвлэлийн хурлын үеэр өглөө.

Ажлын хэсгээс татан буугдсан, үйл ажиллагаа нь доголдсон банкнаас гаргуулах авлагыг бууруулах, авлагад тооцсон хөрөнгийн цаашдын ашиглалт, зориулалтыг тогтоох болон төрийн байгууллагуудын зайлшгүй хэрэгцээнд нийлүүлэх, шилжүүлэх, худалдан борлуулах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж, тодорхой үр дүнд хүрчээ.  Хөрөнгө буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулжээ. Танилцуулгатай холбогдуулан;

-“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-аас “Хөтөл” ХХК-д олгосон чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулах, “Хөтөл” ХХК -аас “Цемент шохой” ХХК-д оруулсан 275.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Цемент шохой” ХХК- энгийн хувьцаа нэмж гарган “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д эзэмшүүлэх;

-Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрт хураагдсан Шинэ яармаг хотхонд байрлах 924 м.кв талбай бүхий 2.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үйлчилгээ, оффисын зориулалттай, дотор засал нь дуусаагүй барилга, “Пирамид орд” ХХК-иас зээлийн өр төлбөрт санал болгосон, 648 м.кв талбайтай хоёр давхар цэцэрлэгийн зориулалттай, 100 хүүхдийн хүчин чадалтай, 90 хувийн гүйцэтгэлтэй барилгыг Боловсролын сайдын багцад суулгах замаар боловсролын салбарт цэцэрлэгийн зориулалтаар ашиглах зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэлээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэж, “108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв” болголоо. Энэ нь төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулах, бүтээмжийг дээшлүүлэх, хүний нөөцийн дутагдлыг шийдвэрлэх, олон нийтэд хүрч ажиллах боломжийг өргөжүүлэх зорилготой юм.

“108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв”-ийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяанд ажиллуулж,  дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгав.

Ингэснээр дуудлага мэдээлэл хүлээн авах шугам бүрэн хэмжээнд ажиллах, хүүхэд хамгааллын шуурхай тусламж, үйлчилгээ үзүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах, илрүүлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, тэдний эрх ашгийг хамгаалах ажлын хүртээмж, чанар сайжирна гэж үзэж байна.

Станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна

Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан 2025-2026 оны өвлийн их ачааллын үед эрчим хүчний үйлдвэр,компаниудын тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангаж ажиллахыг Эрчим хүчний сайдад Б.Чойжилсүрэнд,  эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон нүүрсний уурхайнуудад өвлийн их ачааллын үед шаардагдах дизель түлшний нийлүүлэлтийг тогтвортой хэмжээнд байлгах, дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд даалгалаа.

Өвлийн оргил ачааллын үед дулааны цахилгаан станц, дулааны станцын нүүрсний аюулгүйн нөөцийг 15 хоногоор бүрдүүлэхээр ажиллаж байна. Станцуудын нүүрс дунджаар 14 хоног буюу 594 мян.тн, мазут 2,897 тн-ын нөөцтэй байна.

Зүрх судасны үндэсний төвийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барина

Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

“Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас олгох 34.9 сая ам.долларын зээл, Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая еврогийн буцалтгүй тусламжаар 2025-2029 онд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд 120 ортой эмнэлэг барина, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эзэмшлийн газарт барихаар төлөвлөжээ.

Эмнэлэг баригдсанаар мэс засал, үзлэг, оношилгооны өрөө 2-3 дахин нэмэгдэнэ. Бие даасан яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээний хэсэгтэй болно. Мөн лаборатори, дүрс оношилгооны хэсэг, хоол, ариутгал зэргийг давхардуулан бий болгох шаардлагагүйгээр эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлнэ.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж байна

“Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдаж нээлттэй хувьцаат компани болгох, төрийн өмчит найман компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, төрийн өмчит долоон компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгажээ. Мөн цаашид нэмж төрийн өмчит зургаан компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох, төрийн өмчит таван компанийн хувьцааг бүхэлд нь худалдахаар төлөвлөсөн байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээлэл хийхдээ “Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолд онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгохыг чухалчилж буй. Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна. Өнөөдрийн байдлаар нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 101 компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаа явуулж байгаагийн 73 нь 100 хувь төрийн өмчийн компани байна. Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг авч байгаа. Үр ашиггүй, үлгэн салган үйл ажиллагаа явуулдаг, өндөр зардалтай төрийн өмчит компаниудыг татан буулгана. Төрийн өмчит компаниудыг ил тод шилэн болгож төрийн өмчийн бүртгэл мэдээллийг нээлттэй болгож олон нийтийн хяналтад оруулна” гэлээ.

Хувьчлалыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс эхний ээлжид дараах 33 компанийн нэмэлт хувьцааг гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох зорилгоор хувьцааг нь биржээр арилжих, өөрчлөн байгуулах асуудлыг судалж, хувьчлалын арга хэлбэр, баримтлах зарчмыг тогтоох үндсэн чиглэлийг шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Үүнд:

Нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгө оруулалт татах, нээлттэй хувьцаат компани болгох, хувьцааг нь биржээр нээлттэй арилжих:

1.    “Монголын цахилгаан холбоо” ХК;

2.    “Хөдөө аж ахуйн бирж” ХХК;

3.    “Үндэсний давхар даатгал” ХК;

4.    “Монголын хөрөнгийн бирж” ХК;

5.    “Хөдөө аж ахуйн корпораци” ХХК;

6.    “МИАТ” ТӨХК;

7.    “Төрийн банк” ХК.

8.    “Эрдэнэс Тавантолгой” ХК;

9.    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;

10. “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ

11. “Дулааны III цахилгаан станц” ХК;

12. “Дулааны IV цахилгаан станц” ХК;

13. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;

14. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;

15. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;

16. “Амгалан дулааны станц” ТӨХК;

17. “Шивээ овоо” ХК;

18. “Багануур” ХК

Төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, биржээр арилжих:

1.    “Дулаан шарын гол” ТӨХК;

2.    “Цемент шохой” ТӨХК

3.    “Монгол шуудан” ХК

4.    “Багануур дулааны станц” ТӨХК;

5.    “Налайхын дулаан станц” ТӨХК;

6.    “Хөвсгөл дулааны станц” ТӨХК;

7.    “Ховд дулааны станц” ТӨХК;

8.    “Улаангомын дулааны II станц” ТӨХК;

Төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэх, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх:

1.    “Эрдэнэс монгол” ХХК;

2.    “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

3.    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК;

4.    “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ

5.    “Автоимпекс” ХК

6.    “Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” ХХК;

7.    “Автозам засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК;

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд танилцуулав.

Зөвшилцөх саналд:
Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржраагийн Мөнхтөрийг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидын Баттөрийг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганбаатарын Хуланг;
Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатарыг;
Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булганыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доньжчимбуугийн Бямбадоржийг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дансрангийн Булганыг;
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүмбэрийн Мөнхжинг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Батжаргалыг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дэмчигийн Тэгшжаргалыг;
Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшинг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганболдын Уянгыг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Лхагвасүрэнг;
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайннямбуугийн Баатаржавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямцэрэнгийн Энхтайваныг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг;
Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амгалангийн Анандыг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанжавын Өлзийтийг;
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амарсанаагийн Төмөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюуг;
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Бямбасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөр нарыг тус тус томилохоор тусгасан юм.

Дэлгэрэнгүй

Улс төр

Монгол, Хятадын парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов

Published

on

Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол–Хятадын парламентын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаньтай уулзаж, хоёр улсын парламент хоорондын харилцаа, эдийн засаг, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрч, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтын давтамж нэмэгдэн, хөгжлийн стратеги, зорилтыг уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж буйг талууд онцоллоо. Мөн иргэд хоорондын харилцан ойлголцол улам бэхжиж байгааг отэмдэглэв.

Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд харилцан айлчлал тогтмол үргэлжилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгойлон анхаарахаар санал нэгдсэни бөгөөд Монгол, Хятадын парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын VI хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан бол уг механизмын VII хуралдааныг ирэх онд Бээжин хотноо хийхээр төлөвлөж байна.

Уулзалтын төгсгөлд Ж.Бат-Эрдэнэ дэд дарга Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайд Шэнь Миньжюаньгийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийллээ.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй

Улс төр

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Published

on

Зөвшөөрөл олгох үйл явцыг хялбарчилж, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ. Хуулийн төслийг  УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нарын хамт өргөн барив.

Зөвшөөрлийн тухай хуулийн 2022 оны шинэчилсэн найруулгын хэрэгжилтэд хийсэн үнэлгээгээр тусгай зөвшөөрлийн төрөл, ангиллыг дахин тодорхойлох, нэр томьёог жигдлэх, бүрэн цахимжуулах, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн зарим зөвшөөрлийг хууль бус захиргааны журмаар олгож, сунгаж, хүчингүй болгодог байдал аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж буйг онцолжээ.

Иймд олон улсын жишгийн дагуу мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх шинэ зохицуулалтыг нэвтрүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Ингэснээр бага эрсдэлтэй, нэг удаагийн болон ахуйн хэрэгцээний зориулалттай зарим үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр, зөвхөн мэдэгдлийн үндсэн дээр эрхлэх боломж бүрдэх ажээ.

Хуулийн төсөлд зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үйл явцыг цахимжуулах, явцын хяналтаар шууд сунгах, зарим бүрэн эрхийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Мөн бизнес эрхлэхэд шаарддаг, зөвшөөрөл гэж нэрлэгдээгүй төрийн баримт бичгүүдийг цэгцэлж, багасгахаар зорьжээ.

Төсөл батлагдсанаар иргэн, аж ахуйн нэгжид учирдаг хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, зах зээлд нэвтрэх нөхцөлийг илүү шуурхай, ойлгомжтой болгох ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Сэтгүүлч Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!