Connect with us

Улс төр

УИХ-ын дарга Н.Учрал нарны хавтангаар цахилгаан дулаанаа шийдсэн өрхийн туршлагатай танилцав

Published

on

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг нар албаны хүмүүсийн хамт өчигдөр (2026.01.01) сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэглээнд нэвтрүүлж буй сайн туршлагатай танилцахаар Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны оршин суугч Г.Ууганжаргалынд зочиллоо. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолд айл, өрх, орон нутгийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг үе шаттайгаар дэмжиж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэхээр гурван чиглэл бүхий багц арга хэмжээг тусгасан. Энэ хүрээнд “100 мянган нарны гэр” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр айл өрхийн аюулгүй, найдвартай, хүртээмжтэй цахилгаан хангамжийг бүрдүүлж, агаарын бохирдлыг бодитоор бууруулна гэж тооцжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын 204 мянга гаруй өрхийн 44 хувь нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд уг тогтоолын хүрээнд өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч болох зорилтыг дэвшүүлсэн билээ. Өөрөөр хэлбэл 20 кВт хүртэлх нарны хавтан, батарейн системийг сүлжээнд хялбар, шууд холбож, зөвшөөрөл олголтыг хялбаршуулснаар, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлж, орлого олох боломжтой болох юм. Тодруулбал, 10 мянган айл 5-10 кВт-ын нарны панель, батарей тавихад 50-100 МВт хүчин чадал бүхий шинэ эх үүсвэр бий болно гэж үзжээ. Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны иргэн Б.Ууганжаргалынх, өдгөөгөөс хоёр жилийн өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, эрчим хүчний ногоон эх үүсвэрээр өрхийн тог, дулааны хэрэглээгээ бүрэн шийдэх эхлэлийг тавьжээ. Харин өчигдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын хүрээнд, нарны хавтанд хуримтлуулсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж, илүүдэл эрчим хүчнээсээ орлого олох боломжтой нийлүүлэгч болсон нь энэ юм.

Г.Ууганжаргалын хувьд түлшинд дугаарлаж, тог тасарна гэж айлтгүй өнтэй дулаан өвөлжиж байгаагаа хэлээд, сар тутмын цахилгааны зардал эрс багассан, хэмнэлттэй төдийгүй ухаалаг сонголт гэдгийг уриалж байв. Яг энэ мэтчилэн нарны хавтангаар цахилгаан, дулаанаа шийдсэн тус дүүргийн 68 өрх эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлэх эрхийг өнөөдрөөс нээгдэж байгааг УИХ-ын дарга онцоллоо. Тэрбээр энэ бол утааны эсрэг оруулж буй иргэдийн бодит хувь нэмэр гэдгийг тодотгож байв. Иргэнээ хүнд суртлаас ЧӨЛӨӨЛЬЕ санаачилгын хүрээнд хэрэглэгчийн бага оврын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сүлжээнд нийлүүлэх процессыг хялбаршуулж, 14 шат дамжлага бүхий журмыг цэгцэлж, нэг жилийн турш хүлээлгэдэг байсныг болиулжээ. Энэ жишгээр төрийн хүнд суртлыг арилгаж, иргэдэд олон талт боломжийг нээх замаар ирэх нэг сарын дотор Чингэлтэй дүүрэгт ногоон “Sandbox” орчныг бүрдүүлэхээр зорьж байгааг УИХ-ын дарга дурдлаа.

Цаашид УИХ-ын дээрх тогтоолын хэрэгжилтийг иж бүрэн хангахын тулд иргэдэд хялбар, эдийн засгийн дарамтгүйгээр санхүүжилтийн шийдэл нэвтрүүлэхэд олон улсын байгууллагууд болон арилжааны банкуудтай хамтран ажиллах юм байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!