Connect with us

Дэлхий

XIV Далай ламын хойд дүрийг тодруулахад шамдах цаг ирэв үү!

Published

on

КАТОЛИКЧУУДАД ТЭРГҮҮН ТОДРУУЛЖ ЗАЛАХ АСУУДАЛ ТУЛГАРАВ

Дэлхийн голлох шашнуудын нэг болох 1,3 тэрбум гаруй сүсэгтэнтэй  Католик шашны 266 дахь тэргүүн, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Ромын пап Франциск 88 насандаа өчигдөр /2025.04.21/ орон нутгийн цагаар өглөөний 07:35-д таалал төгсөв. Үүнийг Гэгээн ширээт улсын Кардинал Кевин Фэррелл зарласан юм. Ромын пап Франциск 2023 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилж байсан билээ. Түүний лагшин өнгөрсөн хоёрдугаар сарын дундаас чилээрхэж, Ромын “Жемелли” эмнэлэгт хатгаа өвчнөө эмчлүүлж байх явцдаа дөрвөн ч удаа амьсгал саатаж, амь нас нь хоёронтаа дээсэн дөрөөн дээр ирж байжээ. Түүний жанч халсан цаг тоолол Улаан өндөгний баяр буюу урин дулааныг угтах ёслолтой давхацсан нь бидний ойлголтоор бараг Дүйчин өдөртэй таацах болов уу. Манайхан таалал төгссөн дээдсээ “Бурхны оронд мориллоо” гэдэг бол католикчууд “Эцэг бурхны өргөөндөө заларлаа” хэмээдэг ажээ.

Аргентинд мэндэлсэн гэдгээрээ тэрбээр Нийтийн тооллын 741 оны Сирийн III Григорийгоос хойш буюу мянгаад жилийн дараа Европоос өөр тивээс сонгогдсон, Өмнөд Америкаас гаралтай анхны Пап болж 2013 онд ширээнд заларсан юм. Ийнхүү Католикуудад шашны шинэ тэргүүнээ тодруулж залах асуудал тулгарав.

ДАЛАЙ ЛАМЫН ОЙРЫН ЭРХЭМ ТҮҮНИЙ ХОЙД ДҮРИЙГ ТОДРУУЛАХ ТАЛААР АМ НЭЭВ

Тэгвэл Далай ламын хойд дүрийн талаар ч асуудал хөндөгдөж эхэлжээ. Дээрхийн гэгээнтэн ХIV Далай лам Данзанжамц тун удахгүй 90 насны сүүдэр тухайлах гэж байна. Тэрбээр 1935 оны долоодугаар сарын 6-нд Төвөдийн Амдо буюу хожмын Хөхнуур мужийн Тагцэр сууринд эцэг Цогжинцэрэн, эх Дэгжцэрэн нарын хүү болон лагшин мэндэлжээ. ХIV Далай ламыг залах ёслол Лхас хотын Будала ордонд 1940 оны хоёрдугаар сарын 22-нд, түүний таван настайд болсон байна. Тэрбээр хойд насны талаар өнөөдөр ч дуугарч байгаа хэрэг биш. Шинэ зууны эхэн, 2000-д оны эхээр түүний лагшин чилээрхэх үеэр тэрбээр “Миний хойд дүр Монголд, бүр эмэгтэй хүн болж тодорч ч мэднэ” хэмээсэн талаар дурдагдаж байв. Ямар ч гэсэн Монголд гэдгийг тодотгосон, “эмэгтэй хүн” гэдэг нь төөрүүлж хэлсэн зүйл ч байж болох.

Дээрхийн гэгээн Далай лам залгамжлагчаа тодруулах эсэх асуудлаар түүний ойрын эрхэм, Буддын шашин судлаач, Далай ламын орчуулагчаар 40 гаруй жил ажилласан Туптен Жинпа /Түвдэн Жамба/ АФП агентлагт өгсөн ярилцлагадаа “Миний найдаж байгаагаар, Далай багш  90 насны төрсөн өдрөөсөө өмнө буюу энэ оны долоодугаар сарын 6-наас өмнө албан ёсны мэдэгдэл хийж мэднэ. Хэрэв миний таамаг зөв байж, Далай ламын залгамж халаа цааш үргэлжилнэ гэж зарлах аваас энэ нь түүнийг жанч халсны дараа шинэ Далай ламыг тодруулна гэсэн үг” хэмээн хэлжээ. Хэрэв Далай лам тийнхүү мэдэгдэх аваас  түүний хойд дүр, залгамж халааны асуудал багагүй хурцадмал сэдэв болох бололтой. Энэ нь “Дээрхийн гэгээн XIV Далай ламын хойд дүрийг тодруулахад шамдах цаг ирэв үү” гэсэн асуултыг тавьж байна.

Ямар боловч Дээрхийн гэгээнтэн ХIV Далай лам Данзанжамц 2016 онд Монголд маш яаруу морилон ирж Х Богдыг тодруулсан нь өнөөгийн ээдрээт үед маш чухал үйл хэрэг болсон нь өнөөдөр ийнхүү харагдаж байна. Далай багш өөрийн биеэр тодруулсан тул энэ талаар цаашид маргаан гарахгүй. Тэгээгүй бол 1997 оны үед Банчин богдын хойд дүр хэмээх таван настай хүүг Төвөдөд тодруулсны дараа Бээжинд залан ирүүлж, гэрийн хорионд суулгаад, өөр нэг хүүг Банчин богдоор тодруулсан, өмнөх хүү сураггүй болсон хэмээх сураг дуулддаг шиг ээдрээтэй зүйл болох байсан байж ч мэднэ.

Монголчууд Х Богдоо тодруулсан, Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн байр суурь улмаар бэхжиж, шинэ залуу хамбатай болсон, олон залуу хутагт хувилгаад Дээрхийн гэгээний тааллаар тодорсон зэрэг нь Далай ламын институцын өмнө үүсэж мэдэх асуудалд тулгарах ээдрээг нэлээд зөөллөж өгөх биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна

Published

on

By

Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.

Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.

Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.

Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж Reuters

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Published

on

By

Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.

 Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд  утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.

Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон  галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.

Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж  The Standard

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!