Connect with us

Улс төр

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа

Published

on

Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаан 11 цаг 36 минутад  гишүүдийн  ирц 51.9 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг даргалж, Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явууллаа.

Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үед Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс нэгдсэн хуралдаанаас олонхын дэмжлэг авсан санал нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагад нийцээгүй тул хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг танилцуулсан. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.5-д төсвийн тусгай шаардлага хангагдаагүй нөхцөл үүссэн тохиолдолд хоёр дахь хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд буцааж болно гэж заасныг Байнгын хорооны дарга уншиж, танилцуулсан.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг /бүрэн эхээр нь эндээс /тус зөвлөлийн гишүүн Р.Рэнцэнбазар танилцуулав.

Уг дүгнэлтэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй санал нь:

1.Төсвийн хүрээний мэдэгдлийн хувьд: Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) болон суурь тэнцлийн нэрлэсэн дүнд нөлөө үзүүлэхгүй боловч Төсвийн хүрээний мэдэгдэл дэх суурь тэнцэл ДНБ-ий 2.0 хувь буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг зөрчиxөөр байна.

2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн төслийн хувьд: ДНБ, төсвийн орлогод болон зарлагын бүтцэд үзүүлэх нөлөөнөөс үүдэн төсвийн төсөлд тусгагдсан суурь тэнцэл ДНБ-ий 2.0 хувь буюу түүнээс дээш хувийн ашигтай байх төсвийн тусгай шаардлагыг мөн зөрчиxөөр байна.

3.Төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулан төсвийн зарлагыг өөрчилж болзошгүй байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасан заалтыг зөрчих нөхцөл үүсэхээр байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэсэн хэмээн дурдсан байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Д.Үүрийнтуяа, Б.Мөнхсоёл, Б.Пунсалмаа, Ж.Алдаржавхлан нар асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд цаашид хууль зөрчиж хуралдахгүй байхад анхаарах нь зүйтэй гээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллана гэдгээ мэдэгдлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нэгэнт хууль зөрчсөн үйлдэлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлт гаргасан болохоор бид дэмжээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэв.

Байнгын хорооны дарга Х.Ганхуяг цаашид Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Төсвийн тухай хуулиудад энэ мэт хууль зөрчсөн саналаар санал хураалт явуулахгүй байх эрхийг хуралдаан даргалагчид олгохгүй бол хуулийн зөрчилтэй саналууд орж ирсээр байх  болно гэх тайлбарыг өгч байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл ажлын хэсэг төсвийг нэмэгдүүлсэн тохиолдолд зардлын эх үүсвэрийг нь гарган хэлж байгааг гишүүд сайтар ойлгох хэрэгтэй гээд зарим үед чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлж байгаа үг хууль зөрчих байдал руу түлхэх гээд байдагт энэ үйл явдал анхааруулга боллоо гэв.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд зардлыг 1.1 их наяд төгрөгөөр бууруулж, багш нарын цалинг дунджаар 2.8 сая төгрөг, ахмад настны тэтгэврийг 8.0 хувиар өсгөж, эмч нарын цалинг ч нэмэхээр болж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ бүхний цаана инфляц өсөх магадлалтайд анхаарч Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яамнаас ямар бодлого хэрэгжүүлэх талаар тодруулж, хариулт авсан.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхтуяагаас гаргасан зарчмын зөрүүтэй саналаар дахин санал хураалт явуулахад, хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Харин Монгол Улсын 2026 онд төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгээр багш, эмч, эмнэлгийн ажиллагсад, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг шийдэхээр болсон тул үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг,  Р.Сэддорж нар хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ 2026 онд 31,600.0 тэрбум гэснийг 31,930 тэрбум гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд 30.9 хувь гэснийг 31.2 гэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,380.0 тэрбум гэснийг 1,50.0 тэрбум гэж, ДНБ-д эзлэх хувь 2026 онд -1.3 гэснийг -1.0 гэж, нэгдсэн төсвийн суурь зарлагын дээд хэмжээ 2026 онд 29,552.0 тэрбум гэснийг 29,859.0 тэрбум гэж ДНБ-д эзлэх хувь 28.9 гэснийг 29.2 гэж, нэгдсэн cуурь тэнцэл 2,48.0 тэрбум гэснийг 2,70.0 тэрбум гэж тус тус өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1 хувь нь дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!