Connect with us

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Published

on

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой энэ удаагийн хурал давхцаж буйгаараа онцлогтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхэд, гэр бүл, боловсролын салбарын үе үеийн зүтгэлтнүүд, Үндэсний зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлж, ойн баярын мэнд хүргэлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Л.Энх-Амгалан хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого, тогтолцоо, эрх зүйн шинэчлэл, Хүүхдийн төлөө сангийн шинэчилсэн журам, үйл ажиллагааг танилцууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчилж, хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохицуулалт, үйлчилгээний төрөл болон санхүүжилт, хяналтын зохицуулалтыг сайжруулж баталсан. Хүүхэд хамгааллын төсвийг жил бүр нэмэгдүүлж 2020 онд 6 тэрбум байсан төсвийг 2024 онд 13,9 тэрбум, 2025 онд 20,8 тэрбум төгрөг болгоод байгаа аж.

Цаашид Засгийн газар хүүхэд хөгжлийн үндэсний тогтолцоог боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байна. Хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж буй орчин, нөхцөл дийлэнхдээ гэр бүлээс шалтгаалж буй тул Гэр бүлийн тухай болон Гэр бүлийг дэмжих хуулийн төслүүдийг боловсруулсан байна. Тухайлбал, Гэр бүлийг дэмжих хуульд хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих, гэр бүлд үзүүлэх санхүүгийн болон орон сууцны дэмжлэг, аюулгүй орчин, ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хангах, гэр бүлд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ зэрэг олон асуудлыг тусгах шаардлагатай болжээ.

Засгийн газрын 2024 оны 139-р тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн журмыг шинэчлэн баталж, сангийн хуримтлалын зарцуулалтыг илүү тодорхой болгоод байна.

Шинэчилсэн журамд хүүхдэд зориулсан барилга, байгууламж шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах, тухайн орон нутгийн хүүхдийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, аюулгүй, таатай зорчих орчныг бүрдүүлсэн байх, эдгээрт санал авах, судлах, эрэмбэлэх асуудлыг тусгажээ. Өнөөдрийн байдлаар тус санд 25 тэрбум төгрөгийг орлого хуримтлагдсан бөгөөд 781,4 сая төгрөгийг амжилт гаргасан 217 хүүхдийг шагнаж урамшуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна. 2025 онд тус сангаас санхүүжүүлэх төсөл арга хэмжээний саналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүлээн авсан бөгөөд нийт 19 санал ирснийг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд энэ жил тэмдэглэж байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Монгол Улсын хүүхдийн байгууллага, үйл ажиллагааны онцлогийг танилцуулав.

Цаашид Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөр дамжуулж бүх салбарт хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг хэрэгжүүлэх, таван жилээр стратеги төлөвлөгөө гаргаж тогтвортой хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд хүүхэд хөгжлийг дэмжих ажлуудыг өрнүүлэх нь үр дүнтэй байгаа талаар хэллээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсын Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжил, оролцоо, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тодорхой төсөв гаргаж, бодлогоо чиглүүлж буйг сайшаагаад цаашид үүнд чиглэсэн салбар дундын зохицуулалтыг сайжруулах, хүүхдийн асуудал эрхэлсэн байгууллагын статусыг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв. Түүнчлэн Үндэсний зөвлөлийн гишүүд гэр бүлийн асуудалд онцгой анхаарах, хүүхдийг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх бүтээн байгуулалтуудыг улс орон даяар өрнүүлэх, Сурагчийн зөвлөлийг сургууль, орон нутгийн удирдлагатай уялдаа холбоотой ажиллуулах, бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болж буй асуудалд анхаарах, хүүхэд хамгааллыг цогцоор нь харах, хүүхдийн асуудал эрхэлсэн болон төрийн бусад байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатайг хэллээ.

Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын сайн, сайхны төлөө Засгийн газрын бүх бодлого чиглэх ёстойг тэмдэглээд хүүхдийн эрх ашгийг бүх шатанд анхаарч, уялдаа холбоотой, төр, хувийн хэвшил төдийгүй олон нийт ч оролцоогоо нэмэгдүүлж хамтран ажиллахыг уриаллаа. 

Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй уялдуулж гэр бүлийн боловсролын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, бүх хүүхдэд боловсролыг тэгш, хүртээмжтэй олгоход онцгой анхаарч нийт ЕБС-ийг улсын хэмжээнд нэг ээлжээр хичээллүүлэхийн тулд хэрэгцээтэй сургуулиудыг шинээр барих, санхүүжилтийг шийдвэрлэх тооцоо судалгааг гарган ажиллаж байгааг хэллээ. Мөн Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй, шилэн байлгах ёстойг холбогдох албан тушаалтнуудад сануулж сангийн санхүүжилтээр 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгааг сайтар хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, улмаар дараагийн хуралдаанаар хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэхээр тогтлоо.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!