Connect with us

Улс төр

Тогтмол олдог орлого буюу цалингаас бусад төрлөөс НДШ давхар авдгийг болиулж байгаа

Published

on

УИХ-ын гишүүн Б.Түвшин тэргүүтэй 41 гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьж, хуулийн төслийнхөө талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Энэхүү хуулийн өөрчлөлт нь цаг үеэ олсон, эдийн засгийн хямралтай байгаа үед ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчид ажлын байраа нэмэгдүүлэх сэдэл төрүүлэх зохицуулалт орсон. Нэгдүгээрт, Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах,

Хоёрдугаарт, Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах,

Гуравдугаарт, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоох зохицуулалттай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.

УИХ-ын гишүүн П.Ганзориг:

-Хувийн хэвшил асар олон зээлийн хүүгийн дарамт, татварын дарамт дор хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт эдийн засгийг либералчлах, бизнесийн орчныг таатай болгох,  эдийн засгийг таатай болгох гэсэн тодорхой зорилтууд орсон.  Энэ хүрээнд тодорхой хуулийн төслүүд дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үүний нэг нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд Ажил олгогчийн төлдөг НДШ ийг хөнгөлж байгаа, тогтмол олдог орлого буюу цалингаас бусад төрлөөс НДШ давхар авдаг байсныг болиулж байгаа гээд ач холбогдол өндөртэй.

Сүүлийн гурван жилийг харахад, хувийн хэвшлийн улсад төлдөг татвар гурав даин өссөн. 1.2 их наяд татварын өртэй байсан бол одоо дөрвөн их наяд төгрөгт хүрсэн. Гурван жилийн өмнө 2000 орчим дансыг хаадаг байсан.

Данс хааж байгаад татвараа татаж авдаг. Өнөөдөр 22 мянган данс хааж байна, 2024 оны статистик харахад.  Энэ бол хувийн хэвшилд татварын асар өндөр дарамт үүсчихсэн байгаа гэсэн үг. Дансаа хаалгаад татвар төлөх хэмжээнд хүрч байна гэдэг мөнгөн урсгалын дутагдалд орсон, татварын дарамтаа төлж чадахгүй хэмжээнд очсон гэсэн үг.

Ийм байдлаар хувийн хэвшил татвараа төлж чадахгүй байдалд орох юм бол олон компани дампуурч хаалгаа барина. Энэ хэмжээгээр ажлын байр багасна, энэ хэмжээгээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Ажлын хэсэг маань хувийн хэвшлээ дэмжсэн, халамжаас хөдөлмөрт шилжиж байгаа бодлогыг дэмжсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаагаа дэмжсэн хуулийн төсөл өргөн барилаа.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

 Одоо байгаа ажиллах хүчний нөөц бололцоогоо 100 мянган хүнээр нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрлөх орчин, ур чадварыг яаж сайжруулж, дотоод хөдөлмөрийн зах зээлээ тэлэх вэ гэдэг дээр энэ хууль маш ач холбогдолтой. Ийм ч учраас оюутан залуучууд, тэтгэвэртээ гарсан ахмадууд, хүүхдээ харж байгаа ээжүүд цагаар ажиллах, иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласнаар Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй болсноор ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлж өгнө гэж үзэж, хуулийн төсөл санаачилж байгаа гэлээ.

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!