Дэлхий
108 орны гоо бүсгүй “Дэлхийн мисс”-д өрсөлдөж байна
Мисс Б.Эрдэнэсувд сайн үйлсийн ажлаараа 2000 орчим мод тарьжээ
1951 онд Их Британид анх зохиогдож байсан “Дэлхийн мисс”-ийн тэмцээн нь өдгөө дэлхийн хамгийн алдартай гоо сайхны тэмцээн болжээ. Цар тахал зэрэг тодорхой шалтгааны улмаас түүхэндээ хоёр удаа өнжиж байсан тус тэмцээний 72 дахь удаагийн ялагч энэ сарын 31-нд шалгарах юм. Тэмцээн Энэтхэг улсын Телангана мужийн Хайдерабад хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд нээлтийн ёслол энэ 10-ны өдөр болсон билээ.
Нээлтийн үеэр гоо бүсгүйчүүдийг тив тивээр нь ээлжлэн тайзнаа гаргасан бөгөөд манай улсын мисс Б.Эрдэнэсувд “O Couture” брэндийн нил ягаан өнгийн үндэсний хувцсаараа гоёов. Ийнхүү Энэтхэг улсад гурав дахь удаагаа “Дэлхийн мисс” зохион байгуулагдаж байна.
72 дахь удаагийн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд 108 улсын гоо бүсгүй өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, сайн үйлсийн ажлын зорилго, зорилт, санаачилга зэргээрээ өрсөлдөх бөгөөд урьдчилсан шатны шалгаруулалт энэ 12-ноос эхэллээ. Тодруулбал, 17-нд спортлог, 22-нд авьяаслаг миссийг тодруулна. Харин “Дэлхийн мисс топ модель” шалгаруулалт 24-д болж, топ модель өргөмжит мисс шууд финалд өрсөлдөх эрх авах аж. Монгол Улсын үндэсний ялагч Б.Эрдэнэсувд удам дамжсан спортын гэр бүлд төрж, өссөн бөгөөд багаасаа олон төрлийн спортоор хичээллэж байсан тэрээр спортлог миссийн шалгаруулалтад давуу талаа гаргах болов уу. Б.Эрдэнэсувд сайн үйлсийн зорилтот ажлаараа “Усаа хэмнэн, мод тарь” төслийг хэрэгжүүлж байгаль орчны чиглэлд ажиллаж байна.
Тэрээр энэ хугацаанд гэр бүлийн хамт Налайх дүүргийн зургаан сургууль, хоёр цэцэрлэгт 2000 орчим мод тарьж, хүүхэд залуус эрүүл, ногоон орчин бүрдүүлж, агаарын чанарыг сайжруулахад чиглэжээ.
Цахим хандалтаар Тайланд улсын мисс тэргүүлж байна
Тэмцээний бас нэгэн чухал шалгаруулалт болох “Мультимедиа” төрлийг орон орны гоо бүсгүйчүүдийн цахим хандалт, ард түмний дэмжлэг, хандалтаар тодруулдаг билээ. Өөрөөр хэлбэл, “Miss World”, “Miss world Mongolia”, “Erdenesuvd Batbayar” гэсэн албан ёсны цахим хаягууд дээр байршсан манай улсын гоо бүсгүйн зураг, бичлэгийн үзэлт, лайк, шэйр, коммент зэргийн тоо оноо болон тооцогддог байна.
Тухайн гоо бүсгүй, улс үндэстний онцлог шинж, давуу талыг тусгасан танилцуулга бичлэгүүд “Miss World”-ын “YouTube” суваг хэдийнээ байршжээ.
Тэдгээр бичлэгүүдийн үзэлтийг ажиглаваас Тайланд улсын мисс Сучата Чуангсри 132 мянга, Шри Ланка улсын мисс Ануди Гунасекара 101 мянга, Мьянмар улсын мисс Хиса Хин 43 мянга гэх үзэлттэйгээр бүх оролцогчдыг тэргүүлж байна. Энэ үзүүлэлтэд тухайн улсын хүн ам шууд нөлөөлж байгаа хэдий ч эх орноо төлөөлж дэлхийн тавцанд өрсөлдөж буй гоо бүсгүйгээ дэмжих бидний чин сэтгэл багадахгүй билээ. Энэ жилийн оролцогчдын ахмад нь 30 настай Анголын гоо бүсгүй Нуриа Ассис байгаа бол хамгийн залуу нь 17 настай Латви улсын Мария Мишурова, Мьянмар улсын Хиса Хин нар байна. Харин цахим хандалтаар тэргүүлээд буй Тайланд улсын гоо бүсгүй Опал Сучата Чуангсри нь дөрөвдүгээр сарын 22-ны өглөө албан ёсоор “Дэлхийн мисс Тайланд 2025”-ын титмийг хүртжээ.
Тэрээр 2003 оны гуравдугаар сарын 20-нд Тайландын Пхукет хотод төрсөн бөгөөд эх хэлнээсээ гадна англи, хятад хэлтэй аж. Опал нь Бангкок дахь Триам Удом Сукса сургуулиас хятад судлалаар эрдмийн гараагаа эхэлжээ.
Харин одоо Тхаммасатын их сургуульд улс төр, олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байна. 16 настайдаа хөхний хорт хавдар арилгах хагалгаанд орсон тэрээр хөхний эрүүл мэндийг сурталчлах, эрт илрүүлэгд анхаарч “Opal For Her” аяныг эхлүүлж байжээ.
Шри Ланка улсын мисс Ануди Гунасекара
П.ЛХАГВАЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхий
Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна
Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.
Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.
Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.
Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж Reuters
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.
Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.
Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.
Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж The Standard
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
