Бассын гэр бүл Лос Анжелес Лэйкерс багийн олонх хувийн эзэмшлийг бизнесмэн Марк Уолтерт худалдахаар тохиролцжээ. Энэхүү хэлцэл багийг $10 тэрбумын үнэлгээнд хүргэж байгаа бөгөөд НБА-гийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй арилжаа болох төлөвтэй байна.
Мэдээлэлд ойр эх сурвалжуудын мэдээлснээр, Бассын гэр бүл 1979 онд 67.5 сая ам.доллараар худалдан авсан багийнхаа олонхийн эзэмшлийг шилжүүлж байгаа ч Жини Басс багахан хувь эзэмшихээс гадна НБА-гийн “governor” суудлаа хадгалж үлдэх юм.
Лэйкерсийн тоглолт явагддаг Crypto.com Arena ордон нь энэхүү гэрээнд хамаарахгүй бөгөөд AEG компанийн эзэмшилд хэвээр үлдэнэ.
Марк Уолтер нь Guggenheim Partners-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал бөгөөд спортын өмчлөлд шинэ хүн биш юм. Тэрбээр MLB-ийн Лос Анжелес Дожерс, WNBA-ийн Спаркс, Cadillac-ийн удахгүй байгуулагдах Формула 1 баг, мөн Эмэгтэйчүүдийн Мэргэжлийн Хоккейн Лигийн эзэмшигч туршлагатай нэгэн юм.
CNBC-д өгсөн мэдэгдэлд Уолтерын төлөөлөгч “Марк Уолтер нь 2021 оноос хойш Лос Анжелес Лэйкерс багийн хувь эзэмшигч байсан ба Лэйкерс багийнхаа хувь хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцож байна” гэжээ.
Лэйкерс баг одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Домогт тоглогч Эрвин “Мэжик” Жонсон энэ талаар X (хуучнаар Twitter) платформ дээр магтсан байна:
“Жини Басс гайхалтай хэлцэл хийж, Лэйкерсийн уламжлал, амжилтыг үргэлжлүүлэх зөв хүнийг сонгосонд баяр хүргэе. Марк Уолтер бол хамгийн зөв сонголт бөгөөд Лэйкерсийн брэндийг хамгийн сайн авч явах хүн байх болно” гэж бичжээ.
НБА-гийн үнэлгээ сүүлийн жилүүдэд огцом өссөн бөгөөд хамгийн сүүлд хийсэн 11 жилийн $77 тэрбумын медиа эрхийн гэрээ энэ өсөлтийн гол шалтгаан болсон юм.
2025 оны 3-р сард Бостон Селтикс баг $6.1 тэрбум-аар арилжаалагдаж бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй хэлцэл болж байв.
Селтикс болон Лэйкерс багууд нь НБА-гийн түүхэн дэх хамгийн нэр хүндтэй хоёр багт зүй ёсоор тооцогддог.
2025 оны 2-р сард Лэйкерс баг Даллас Мавериксийн супер од Лука Дончичийг элсүүлж, Леброн Жэймстэй хамтран тоглуулах болсон юм.
Тус баг 2025 оны улирлыг 50-32 амжилттайгаар Баруун бүсийн 3-р байрт өндөрлүүлжээ.
Бассын гэр бүл 1979 оноос хойш багийг удирдах хугацаандаа Лэйкерс багийг нийт 11 удаа НБА-гийн аварга болгож, энэ хугацаанд хамгийн олон түрүүлсэн баг болгож чадсан юм.