Connect with us

Улс төр

Монгол дээлтэй, Монголд ээлтэй Акиэ

Published

on

“НӨХӨРТЭЙГӨӨ ХАМТ ШИРТСЭН ОДОД ТҮГСЭН ТЭНГЭР ӨНӨӨГ ХҮРТЭЛ СЭТГЭЛД ТОДХОН БАЙДАГ”

Японы Ерөнхий сайд агсан, монголчуудад туйлын элэгтэй, дотны анд нь байсан Шинзо Абэ агсны гэргий Абэ Акиэ Монголд иржээ. Ирэх ирэхдээ бор торгон монгол дээл өмсчихсөн цэмцийгээд явж байна. Монгол дээлтэй Акиэ Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүнээр өдгөө ажиллаж буй. Тэр шугамаараа Абэ Акиэ УИХ-ын Тамгын газар, НҮБ, “КОЙКА” буюу БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас энэ сарын 21-22-нд Улаанбаатарт зохион байгуулсан “Бид эмэгтэйчүүд” сэдэвт орон нутаг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих анхдугаар чуулганд хүндэт зочноор оролцсон юм.

Хатагтай Абэ Акиэ бор торгон дээлтэйгээ Төрийн ордны “Их Хуралдай” танхимын индэр дээрээс сэтгэл хөдөлгөсөн сайхан үгсийг хэллээ. Хатагтай Акиэ “Миний нөхөр 2013, 2015, 2016 онд нийт гурван удаа Монгол Улсад айлчилсан. Миний бие ч 2013, 2015 онд нөхрийн хамт ирж, Монголын цэлмэг тэнгэр, элэгсэг ард түмний халуун дулаан сэтгэлтэй танилцсан билээ. 2013 онд нөхөртэйгөө хамт ширтсэн тэр их одод түгсэн тэнгэр өнөөг хүртэл сэтгэлд минь тодхон байдаг. Энэ удаад, арван жилийн дараа таатай дурсамж дүүрэн Монгол Улсад дахин ирэх боломж олдлоо.

Өдгөө Монгол Улс улам хөгжин дэвшихэд энэхүү чуулганд цугласан бүсгүйчүүдийн оролцоо, манлайлал хамгаас чухал гэж итгэж байна. Олон улсад эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих үүднээс Япон Улс хэрхэн ажилласаар ирсний нэгэн жишээг хуваалцая. Японы Засгийн газраас 2014 онд Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн үзэл санааны дор “Эмэгтэйчүүд гэрэлтэй нийгэм рүү олон улсын симпозиум (WAW)”-ыг санаачлан эхлүүлж, уг арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, олон улсад өндрөөр үнэлэгддэг хүйсийн тэгш байдлыг ахиулах нэр хүндтэй индэр болоод байна.

Би хувьдаа, эмэгтэйчүүд нийгмийн шийдвэр гаргах түвшинд байр сууриа бататгахын тулд дан ганц өөрсдийн чармайлт төдийгүй, эрэгтэйчүүдийн ойлголт болон хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэж итгэдэг. Эмэгтэй эрэгтэй хүмүүс бие биеэ харилцан хүндэлж, дэмжиж байж л тогтвортой, хөгжин бадрах ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН “ӨРГӨЖИН ТЭЛЭХ” ХҮЧ, ЭРЧҮҮДИЙН “ӨНДӨРТ ХҮРЭХ” ХҮЧИЙГ НЭГТГЭЖ БАЙЖ Л ИЛҮҮ САЙХАН НИЙГМИЙГ ЦОГЦЛООНО

 

Хатагтай Абэ Акиэ цааш хэлэхдээ “Сүүлийн хэдэн жилд бид “Салхины эрин”-д хөл тавьсан гэж яригдаж байна. Энэ бол нүдэнд үл үзэгдэх зүйлс хамгийн эрхэмд тооцогдох цаг үе. Тиймдээ ч өнөө цагийг “Эмэгтэйчүүдийн эрин” гэж ч нэрлэж байна. Үнэт зүйлс нүд ирмэхийн хооронд эрс өөрчлөгдөж буй өнөө үед эмэгтэйчүүдийн эх хүний энэрэл, дасан зохицох чадвар, мэдрэмж илүү чухал болно. Эмэгтэйчүүдийн “Өргөжин тэлэх” хүч, эрэгтэйчүүдийн “Өндөрт хүрэх” хүчийг нэгтгэж байж л илүү сайхан нийгмийг цогцлооно. Хүйсийн заагаар хязгаарлагдахгүйгээр хувь хүн бүрийн мөн чанар гэрэлтэх, энх амгалан, чинээлэг нийгмийг Япон, Монгол хамтдаа бүтээхийг хүсэж байна. Энэ жил Япон улсын Эзэн хаан, хатан нар Монголд айлчлах гэж буйг сонсоход үнэхээр баяртай байна. Энэ нь бидний өвөг дээдэс, мөн миний нөхөр, Ерөнхий сайд агсан Абэ Шинзо нарын хүч хөдөлмөрийн үр дүнд бүтээсээр ирсэн Япон-Монголын харилцаа улам гүнзгийрч буйг илтгэх бодит бэлгэ тэмдэг билээ” гэв.

Хатагтай Абэ Акиэг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзсан нь мөн л гүн хүндэтгэлийн илрэл болсон юм. УИХ-ын дарга энэ үеэр “Япон Улсын Ерөнхий сайд агсан, монголчуудын дотны анд нөхөр Шинзо Абэ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, ажилладаг нэгэн байсан бөгөөд Монгол Улсад гурван удаа айлчилсан гэдгээр хоёр орны гадаад харилцааны түүхэнд бичигдэн үлдсэн юм” хэмээн онцолж байлаа.

 

МОНГОЛ НООЛУУРАН ОРООЛТ, БОР ТОРГОН ДЭЭЛ ХОЁРЫН ХООРОНД ЯГ ЕСӨН ЖИЛ, НАЙМАН САРЫН ЗӨРҮҮ БУЙ

 

Хатагтай Абэ Акиэ хэзээнээсээ Монголд гүн хүндэтгэлтэй хандаж ирсэн бүсгүй. 2015 оны аравдугаар сарын 22-ны өдөр. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсад ажлын айлчлал хийхээр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд онцгой үүргийн нислэгээр хүрэлцэн ирсэн юм. Онгоцноос тэднийг буухад юуны түрүүнд хатагтай Акиэгийн хүзүүндээ зүүсэн Монголын үндэсний үйлдвэрлэгч “Говь” компанийн ноолууран ороолт хүндэтгэн угтсан албаныхан болоод сэтгүүлчдийн нүдэнд тун содон туссан билээ. Зүгээр ч нэг цэцэг навчтай бус, монголчуудын нүүдэлчин ахуйг харуулсан алдарт “Монголын нэг өдөр” зургийг шигтгэсэн чамин ороолт. Нисэх онгоцны буудалд угтагсдын дунд  “Акиэ Абэ хатагтай тохиолдлоор ийм ороолт зүүгээгүй нь тодорхой. Монгол ахуйг шингээсэн дүрслэл бүхий энэ ороолт нь мэдрэмжтэй дэгжин бүсгүй гэдгийг нь харууллаа” гэлцэж байсан. Бор торгон дээлтэй Абэ Акиэгийн дараагийн төрх бол 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр. Монгол ноолууран ороолт, бор торгон дээл хоёрын хооронд яг есөн жил, найман сарын зөрүү буй.

Хатагтай Абэ Акиэ өөрийн нөхөр Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн хамтаар Монголд хоёр удаа айлчилсан бөгөөд бүр тэр үед л цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан эмэгтэй. Дахин ирэх бололцоо гарвал монгол морь унах хүсэлтэй гэдгээ ч хэлж байсан, боломжтой бол энэ удаа мөрөөдлөө гүйцээх биз ээ.

 

“ДОТООДЫН СӨРӨГ ХҮЧНИЙ НАМ” ХОЧТОЙ АБЭ АКИЭ

 

Ноён Шинзо Абэ 1987 онд нэгэн улстөрчийн туслахаар ажиллаж байхдаа Акиэ Мацүзакитай гэрлэсэн нь өнөөгийн Монголд элэгтэй хатагтай Абэ Акиэ. Шинзо Абэ 33-тай, Акиэ Мацүзаки 25-тай, найман насны зөрүүтэй, монгол ёсоор бол ивээл жилтэй байв. Хатагтай Абэ Акиэ япон бүсгүйчүүдийн хүлцэнгүй, хүлээцтэй, чимээгүй, нөхрийн сүүдэр дор нам жимхэн суудаг уламжлалаас эрс өөр зантай. Нөлөө бүхий нөхрийнхөө сүүдэр дор “нуугдахаас” татгалзаж үзэл бодлоо чөлөөтэй хуваалцан, тэр бүү хэл санал зөрсөн үед маргалдчихдаг, эмэгтэйчүүдийн эрх, тэдэнд тулгамдсан асуудлуудаар нөхөртэйгөө зөвшилцөж, шийдвэр гаргуулахын төлөө тэмцчихдэг, эрс нээлттэй, орчин үеийн үзэл бодлоороо алдартай, барууны орнуудын Тэргүүн хатагтай нартай найзлаж, барууны хэв маягийг бүтээсэн эрч хүчтэй дайчин эмэгтэй. Ямар сайндаа л хуучинсаг, эмэгтэйчүүдийг сул дорой байхыг ёс уламжлал хэмээн гүнээ итгэдэг япончууд улсынхаа Тэргүүн хатагтай Акиэ Абэд “Шинзо Абэгийн дотоодын сөрөг хүчний нам” хэмээх хоч хайрлаж байх билээ дээ. Тэр бүү хэл хатагтай Акиэ Абэ Токиогийн “Ниппон Будокан” дэвжээнээ нагинатазюцу буюу нагината хэмээх махир илдээр тулалдах японы урлагийг үзүүлсэн гэж байгаа. “Би тэмцээн уралдаанд ордоггүй зөвхөн гэртээ л бага зэрэг дасгал хийдэг. Энэ урлагаар 2007 оноос хойш хичээллэж байна” гэж хатагтай хэлсэн байдаг.

 

ЭМГЭНЭЛТ ХЭРЭГ АБЭ АКИЭГ МОХООСОНГҮЙ

 

2022 оны долоодугаар сарын 8-ны бага үдийн 11:30 цагийн орчимд  Нара хотын гудамжинд аймшигт хэрэг гарч, Абэ Шинзо буудуулан амиа алдсан билээ. Дэлхий даяараа КОВИД-19 цар тахлын ард дөнгөж гарч байхад шүү. Абэ Шинзо удахгүй болох гэж байсан Дээд танхимын сонгуулийн сурталчилгаанд оролцож байжээ. Сум зүрхэн тус газар нь нэвтэрч, цус ихэд юүлэгдсэний улмаас тэрээр эмнэлэгт ухаантай очсон ч 67 насандаа таалал төгссөн.

Эцэг, эхийн хоёр талаасаа улс төрийн элит гэр бүлээс гаралтай Абэ Шинзогийн өвөө Абэ Кан, эцэг Абэ Шинтаро нар улстөрч, элэнц өвөө нь Японы эзэн хааны армийн алба хаагч байжээ. Абэ Шинзогийн ээж Ёко Киши ч Японы Ерөнхий сайд асан Нобусуке Кишийн охин юм. Абэ Шинзог төрийн эрхэнд байх хугацаанд Японы ажилгүйдэл сүүлийн 20 жилд үзэгдээгүй доод  түвшинд хүрч, эдийн засаг 12 хувиар өсөн хүчирхэгжиж байсан билээ.

Абэ Шинзо Монгол Улсад гурван удаа айлчилсны хамгийн сүүлийнх нь 2016 онд албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцсон явдал байв. Эмгэнэлт хэрэг гэргий Абэ Акиэг мохоосонгүй, Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүнээр ажиллаж, элэгсэг дотно ханддаг Монгол орондоо бор торгон дээлээр гоён айлчилж байна.

 

https://news.zindaa.mn/53cm

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!