ОБЕГ-аас ой хээрийн түймэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр” Он гарснаас хойш 12 аймгийн 59 сум, нийслэлийн гурван дүүрэгт 98 удаагийн ой хээрийн түймэр дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.7 хувиар өссөн дүнтэй байна. Ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65,768 га, хээрийн 565,569 га талбай, нийт 631,337 га талбай, 5 байшин, 49 гэр, таван автомашин, долоон мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, шатаж, таван тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Хэнтий аймагт гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум “Буурлын даваа” гэдэг  газар гарсан ойн түймэр, Булган аймгийн Сэлэнгэ сумын “Баруун голын даваа” гэдэг газар 27-нд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн бусад таван түймрийг цурамд оруулахаар ажиллаж байна. Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгон зарласан гэв.