Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг энэ оны 11-р сард санаачлан баталж, дэмжсэн гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ хуулиар “social media age limit” буюу 16 наснаас дооших хүүхдүүдэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож, компаниудад дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэг ногдуулсан бөгөөд энэ сарын 10-наас тус хориг гүйцэд хэрэгжиж эхэлжээ.
Хоригт хамрагдах 10 платформ нь Instagram, Facebook, TikTok, YouTube, Snapchat, Reddit, X, Threads, Twitch, Kick юм.
Энэхүү хуулиар эцэг эх, хүүхдүүдийг шийтгэхгүй, харин насны шалгалт хийгээгүй 16-аас доош насныхныг платформдоо нэвтрүүлсэн технологийн компани 49.5 сая австрали доллар хүртэл торгууль төлөх ба энэ нь 16-аас доош насныхныг олон нийтийн сүлжээнээс хориглосон дэлхийд анхдагч хууль юм.
Өсвөр насныхан тус хоригийг эсэргүүцэж, найз нөхөдтэй харилцах болон олон нийтийн орчинд өөрийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдлаа хэмээн шүүмжилжээ. Мөн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш нас шалгах, акаунтыг цуцлах, эсвэл VPN-ээр нэвтрэх оролдлого зэрэг үйлдлүүд илэрч байгаа тухай албаныхан мэдээлж байна.
Эх сурвалж BBC, Al Jazeera, The Guardian
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн