Connect with us

Улс төр

МАН-ын сүүдэрт бүдгэрч буй АН

Published

on

Сүүлийн өдрүүдэд АН-ын дотоод зөрчил, үл ойлголцол улам бүр гүнзгийрч намын дотоод хэрэг бус, улс төрийн сөрөг хүчний ирээдүй ганхах эсэх асуудал нь анхаарлын төвд ороод байна. АН-ын дарга Л.Гантөмөр МАН-ын ‘’хөнжилд’’ шургалж, хамтарсан Засгийн газартай дэр нэгтгэсэн нь намын доторх зарчимт байр суурь, үнэт зүйлсийг мөрддөг гишүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч буй.

АН-ын ахмад гишүүн ардчилсан хувьсгалын нэгэн гол тоглогч Э.Бат-Үүл цахим хуудсаараа дамжуулан Л.Гантөмөрийг хурцаар шүүмжилж, түүнийг ‘’МАН-ын угаадсыг зөөгч’’ , ‘’АН-ыг үндэсний шившиг болгох хэмжээнд хүргэж байна’’ хэмээн тодорхойлов. Тэрээр Л.Гантөмөрийг намын бүлгийг хуурч, Засгийн газарт үлдэх хувийн тоглолт хийж байгаа гэх байр суурийг илэрхийлжээ.

Энд гол асуудал ганц хүний тухай бус АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадах уу гэдэгт л гол анхаарал төвлөрч байна. Хэрэв АН хамтарсан засагт оролгүй, анхнаасаа УИХ-д сөрөг хүчний хатуу байр суурь баримтлан, ард түмний дуу хоолой болж ажилласан бол өнөөгийн улстөрийн тавцанд өөр орон зай эзэлж, 2028 оны сонгуульд бодитой өрсөлдөгч болох сууриа бэхжүүлэх боломж байв.

Гэтэл бодит байдал дээр АН дотоод эв нэгдэлгүй, байр суурь нь хоёрдмол болж хуваагдаад удаж буй. Энэ ан цав одоо ч арилаагүй. Нэг талаас эрх баригчдын дунд суугаа намын дарга, нөгөө талаас түүний шийдвэрийг шүүмжлэгч, төрөөс гарахыг шаардаж буй бүлгийн гишүүд. Энэ нөхцөлд олон нийтэд АН ‘’яг хэний төлөө, юуг төлөөлж байгаа вэ’’ гэх асуулт гарцаагүй төрүүлж буй.

Өнөөдрийн улстөрийн орон зайд сөрөг хүчний бодит, зарчимч байр суурь нэн чухал байсаар байна. АН энэ орон зайг эзлэх бүрэн боломжтой байсан ч дотоод зөрчил, богино хугацааны тохиролцоонд суурилсан алхмууд нь тус намыг бүр сулруулж, ардчиллын туг баригч гэх нэр хүндээ алдахад хүргэж болзошгүй байна.

Түүх сөхвөл 1990-ээд оны АН эрх баригч хүчний эсрэг тод, эрс байр суурьтай байж, олон нийтийн дэмжлэгийг олж байлаа. Харин өнөөдөр тус нам эргэлзээтэй тохиролцоо, ойлгомжгүй манлайллын дунд итгэл алдсаар байна. Үндэсний хэмжээний намд энэ бол уналтын эхлэл байж мэдэхээр нөхцөл байдал.

2028 сонгууль бол зөвхөн ээлжит сонгууль бус, улстөрийн шинэ эрин эхлэх эсэхийг шийдэх сонголт байх болно. Тэр үед ард түмэн үнэт зүйлдээ үнэнч, тогтмол байр суурьтай, сөрг хүчний жинхэнэ үүрэг гүйцэтгэж чадах улстөрийн хүчинд итгэл үзүүлэх нь дамжиггүй. Харамсалтай нь, өнөөдрийн АН тэр итгэлийг авч чадах эсэх нь улам бүр эргэлзээтэй болж байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!