Connect with us

Улс төр

Б.Батцэцэг: “The times” сайтад Монгол Улсын дотоод улс төрийн нөхцөл байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

Published

on

Thethimes.com сайтад “В.Путиний хамсаатан Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа огцрууллаа” гэх утга бүхий нийтлэл нийтлэгдсэнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батцэцэг өөрийн цахим хуудастаа тайлбар оруулжээ.

Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд манай улсын нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор гадаадын хэвлэл мэдээллээр зарим ташаа мэдээлэл гарч буйтай холбогдуулан Монгол Улсын Их хурлын гишүүн, гадаад харилцааны салбарыг хариуцаж ирсэн Засгийн газрын гишүүн, цаашилбал иргэний хувьд санаа зовниж, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ.

The Times мэдээллийн сайтад 2025 оны 6 дугаар сарын 11-ний өдөр манай улсын дотоод улс төрийн нөхцөл байдал, үйл явдлыг гуйвуулсан, бодит үндэслэлгүй, хүмүүсийг айдаст автуулах зорилгоор санаатай зохион байгуулж, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэл нь Монголын ардчиллыг дорд үзсэн, гадаад уншигчдад төөрөгдөл үүсгэх замаар ямар нэг ашиг хонжоо хайсан агуулгатай нь илт байна. Улмаар асуудлыг хөрш орнуудын харилцаатай хамаатуулан, бодит байдлыг гажуудуулсан нь ихээхэн сөрөг үр дагавартай үйлдэл юм.

The Times сайт “засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр” хэмээн хэдэнтээ дурдсан ч бодит байдал, бусад эх сурвалжийн мэдээллийг орхигдуулж, хэт өрөөсгөл хандсанд харамсаж байна. Эш татсан “сурвалжууд” нь үнэн хэрэгтээ улс төрийн эрх мэдэл, байр сууриа алдаж, өнгөрсөн хугацаанд хийсэн бусармаг үйлдлээ ямар ч үнээр хамаагүй хаацайлах гэсэн этгээдүүд байхыг үгүйсгэхгүй. Тэдний үйлдэл, өөрсдийн эрх ашгийг хамгаалах өчүүхэн сонирхлын дор улс орны нэр хүндийг олон улсын тавцанд унагааж буй нь эх орноосоо урвасан үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.

Манай нийгэм, дотоод улс төрд сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явц нь шударга ёсыг нэхсэн ард түмний хүсэл эрмэлзэлтэй шууд холбоотой. Ингэхдээ ардчилсан улсын эрх чөлөөт иргэдийн хувьд асуудлыг хөндлөнгийн оролцоогүй, тайван замаар, шаардлагаа тодорхой тавьж, ардчиллын давуу талыг нотлон харуулсан бөгөөд олон улсын сэтгүүлчид, ажиглагчид ч үүнийг онцлон тэмдэглэж байв.

Монголын парламент ард түмнээ төлөөлсөн төрийн эрх барих дээд байгууллагын хувьд ардчилсан зарчим, эрх зүйт ёсыг баримтлан хэнээс ч хараат бусаар ажиллаж, зохих шийдвэрээ гаргаж байгаа. Энэ хүрээнд ч шинэ Ерөнхий сайдыг зохих хууль, журмын дагуу томилсон. Парламентыг хүчгүйдүүлж, тогтолцоог өөрчлөх, улмаар нэг хүний засаглал тогтоохыг санаархаж байна гэх хардлагыг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой няцааж, эргэлзээгүйгээр нотолсон билээ.

Гэтэл дээрх ташаа мэдээллийг зөвхөн The Times сайт л нийтэлсэн бөгөөд олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн бусад байгууллага бодит байдлыг олон талаас нь, баримтад тулгуурлан мэдээлсэн. Нөгөөтээгүүр, монголын иргэд, олон нийт гадаадын хэвлэлд гарсан аливаа мэдээллийг шууд эх сурвалжаас нь авч, бодит байдалтай нь харьцуулан үнэлж цэгнэх боловсрол, мэдлэг, соёлтой. Ийм ч учраас дээрх мэдээлэл үнэнтэй нийцэхгүй байгааг олон нийт ойлгож, үзэл бодлоо илэрхийлж, буруушаахын зэрэгцээ монголын ард түмний боловсрол, мэдлэг, төлөвшлийг төдийгүй ардчилсан сонголтыг гутаан доромжилж буйд ихээхэн дургүйцэж, хуурамч мэдээллийн цаад эзэд, учир шалтгааны олж тогтоохыг хүлээж байгаа нь ажиглагдаж байна.

Монгол Улс 1990 онд ардчиллыг сонгож, иргэний эх чөлөө, олон намын тогтолцоо, хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэсэн эрх зүйт төрийн тогтолцоогоо бий болгосон. Энэ хугацаанд хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, эдийн засаг, санхүүгийн асуудалд олон ургалчаар хандаж, санал зөрөлдөөн гарах тохиолдол байсан. Харин улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай шууд холбогддог гадаад бодлого, харилцаанд олон нийт, улс төрийн намууд эв эетэй нэгдмэл байж ирсэн. Гуч гаруй жилийн тэртээ бие даасан, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлогын суурь зарчмуудаа тодорхойлж, өнөө хүртэл хэлбэрэлтгүй дагаж ирсний дүнд аливаа эрсдэл, аюул, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байж чадсан билээ.

Гэтэл улс орны дотоод улс төрийн асуудалд гадаад хүчин зүйлийг ашиглах “болчимгүй” оролдлого ийнхүү гарч байгаа нь хөрш орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, олон улсад өсөн нэмэгдэж буй улс орны нэр хүндэд нөлөөлөх, цаашилбал тусгаар, тогтнол, аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэл гэдгийг дахин онцолж байна” гэв.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!