Онцгой байдлын ерөнхий газар болон Цаг уур, орчны шинжилгээний газраас ой, хээрийн түймэр болон цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 12 аймгийн 64 сум нийслэлийн гурван дүүрэгт 121 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Ой, хээрийн түймрийн гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн. Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур суманд гарсан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 359 алба хаагч, 22 автомашин, нэг нисдэг тэрэг, орон нутгийн 76 иргэн, 16 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, ихэнх нутгаар хуурайшилт өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.
Он гарсаар усны ослоор 16 том хүн, долоон хүүхэд нийт 23 хүн нас барсан.
