Улс төр
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.08) нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн
54 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.
Эхлээд Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуульд заасныг үндэслэн Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналаа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд санал болгосон нэр дэвшигч Сандагийн Магнайсүрэн нь 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд Говь-Алтай 1 дүгээр сургууль, 1993-1997 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистр зэрэгтэй. Нэр дэвшигч 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1999-2000 онд Улсын Их Хурлын гишүүний туслах, 2000-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан гэлээ.
Эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар ажилласныг Улсын Их Хурлын дарга танилцуулсан. С.Магнайсүрэн нь Япон Улс, БНАУ, БНСУ, АНУ, БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтууд хамрагдаж байсныг дурдаад Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасан 45 насанд хүрсэн байх; 45 нас хүрсэн байх; эдийн засаг, санхүү, эсхүл хууль зүйн чиглэлээр дээд боловсролын зэрэгтэй байх; төрийн албаны эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан байх; сүүлийн зургаан жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлгүй, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй байх; Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад ашиг сонирхлын зөрчилгүй байх зэрэг шаардлагыг хангаж байгаа учир Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулахаар нэр дэвшүүлж байгаа гэв.
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцууллаа. Тус Байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Улсын Их Хурлын даргаас Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд Сандагийн Магнайсүрэнг Улсын Их Хуралд санал болгосон. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулахтай холбогдуулан дараах ажиллагааг явуулжээ. Төсвийн байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар товлож, 14 хоногийн хугацаанд сонсголд оролцогчдыг бүртгэх болон нэр дэвшигчээс асуух асуулт, нэр дэвшигчийн талаарх саналыг хүлээн авахаар сонсголын зарыг олон нийтэд хүргэсэн байна.
Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням даргалж, сонсголд Төсвийн байнгын хорооны гишүүд, нэр дэвшигч С.Магнайсүрэн болон зарын дагуу бүртгүүлсэн 4 оролцогч, 1 ажиглагч иргэн оролцсон болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигч С.Магнайсүрэнг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан хэмээн үзэж, дэмжсэн байна. Нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулан, Улсын Их Хурлын дарга болон нийт гишүүд, нэр дэвшигчид хүргүүлснийг Г.Дамдинням гишүүн танилцуулав. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Монгол Улсын Ерөнхий аудитороор Сандагийн Магнайсүрэнг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Дэлэгийн Загджавыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжсэн байна.
Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байгааг тэмдэглэн хэлээд “Улсын Их Хурлын нэрийн өмнөөс баярын мэнд хүргээд, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад ажлын өндөр амжилт хүсье. Гэр бүлээс эхлээд үндэсний хэмжээнд хүүхдэд ээлтэй орчин, нийгмийн дэд бүтцийг бүрдүүлж, хүүхэд бүрд анхаарал хандуулж, бүхнийг хүүхдийн төлөө гэсэн сайхан сэтгэлээр ажиллаж, амьдрахыг нийт ард иргэддээ уриалж байна. Монголын үрс маш олон болтугай” гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Л.Энхнасан, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэболд, Дав.Цогтбаатар, Н.Наранбаатар, Ц.Идэрбат, П.Сайнзориг, О.Цогтгэрэл, Б.Уянга, Ч.Ундрам, Г.Лувсанжамц, Д.Ганбат, Ж.Алдаржавхлан, Ж.Галбадрах, Л.Мөнхбаатар, Б.Жаргалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэн үг хэлэв. Тухайлбал, төрийн байгууллагууд хууль хэрэгжүүлдэг байх, Эрүүл мэндийн даатгалын сан болон Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулдаг эсэх хяналт онцгой хяналт тавих, төрийн аудитын байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийг үр нөлөөтэй байлгах чиглэлээр авч хэрэгжүүлэх, шаардлагатай бол эрх зүйн өөрчлөлтийг хийх санаачилга гаргах, төсвийн төлөвлөлт Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж буй эсэхээр нарийвчилсан дүгнэлт гаргаж байх зэрэг саналыг хэлж байв.
Түүнчлэн төрийн албыг цомхон, чадварлаг болгох чиглэлд аудитын байгууллагаас авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд аудит хийх, үйл ажиллагааг үр өгөөжтэй болгохтой холбоотой ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж болох, төрийн аудитын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг оновчтой зохион байгуулахад төрийн аудитын байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулж байв.
Нэр дэвшигч С.Магнайсүрэн хариулахдаа “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар 2024 онд аудит хийсэн байна билээ. Энэ аудитын тайланг Улсын Их Хурал хүргүүлсэн бөгөөд Байнгын хороогоор хэлэлцэх болов уу. Энэ аудитын дүгнэлтэд ерөнхийдөө хууль дээдлэх зарчим тодорхой түвшинд алдагдсан, тогтвортой бүтцээр ажиллаагүй, бодлого хуулийн хэрэгжилтэд тавих үр нөлөөтэй хяналтын тогтолцоо бүрдээгүй, бүртгэлийн систем доголдолтой байна гэх зэргийг дурдсан байгаа” хэмээсэн. Цаашид төрийн албыг өргөжүүлэхээс илүүтэй хуулийг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг ашиглаж үр дүнтэй ажиллах чиглэл рүүгээ анхаарах шаардлагатай болж байгаа гэв.
Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төрийн албан хаагчдын тоон мэдээллийг танилцуулсан. Өнөөдрийн байдлаар төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний гээд нийтдээ 220 орчим мянган албан хаагч байгаа бол төрийн өмчит үйлдвэрийн газруудад 60 орчим мянган хүн ажиллаж байгаа юм байна. Дээрх 220 орчим мянган албан хаагчдын 70 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагч буюу багш, эмч, боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд юм. 21 хувь нь цэрэг, цагдаа тэргүүтэй төрийн тусгай алба хаагчид, үлдсэн 9 хувь нь төрийн захиргааны албан хаагч юм. Төрийн албан хаагчдын тоо жил бүр өсөж байгаагийн үндсэн шалтгааны нэг нь олон тооны сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад ордогтой холбоотой хэмээн тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүд “төрийн захиргаа нь л өргөжөөд, тэлээд байна” гэсэн өрөөсгөл ойлголтоо залруулж, зөв мэдээлэл авч, олон нийтэд түгээж байхыг хүссэн.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам” хэмээх 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж заасны дагуу нууц санал хураалт санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 80.6 хувь нь Төсвийн байнгын хорооны саналаар Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын ерөнхий аудитороор томилохыг дэмжлээ. Иймд “Монгол Улсын ерөнхий аудиторыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцов.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэнд ажлын амжилт хүсээд “Улсын Их Хурлын гишүүд аудитын байгууллагын үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулдаг болохыг, холбогдох саналуудыг сонслоо. Төрийн аудитын байгууллага бол парламентын нүд, чих болж гүйцэтгэх засаглалын түвшинд гарч байгаа санхүүгийн болон гүйцэтгэлийн алдаа дутагдлыг илрүүлж, хариуцлага тооцон, доголдлыг засах чиглэлээр ажилладаг. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлдэг гол байгууллагын нэг. Ард иргэдийн зүгээс хүсэж байгаа хяналт шалгалтын чиг үүргийг бодитой, үр нөлөөтэй хэрэгжүүлж, ажил хэрэгч ажиллаарай” хэмээлээ. Мөн сүүлийн жилүүдэд төрийн аудитын байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн ихээхэн өргөжиж, томорсон гэдэг шүүмжлэлийг Улсын Их Хурлын гишүүд хэлж байгааг тодотгоод, холбогдох судалгаа мэдээллийг Төсвийн байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгов. Дараа нь Байнгын хорооны саналаар бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Дэлэгийн Загджавыг Монгол Улсын ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжих томьёоллоор нууц санал хураалт явуулсан. Санал хураалтад оролцсон гишүүдийн 64.5 хувь буюу Улсын Их Хурлын 60 гишүүн дэмжсэн тул Улсын Их Хурлын холбогдох тогтоол батлагдсан юм. Иймд Д.Амарбаясгалан дарга холбогдох тогтоолуудын найруулгыг Улсын Их Хуралд танилцуулсан.
Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар танилцууллаа. Үндсэн хуулийн цэц 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос … дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн … саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно.” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн “… дутуу …” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр уг дүгнэлтэд дурдсан байна.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан журмын дагуу 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Үндсэн хуулийн цэцийн дээрх дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг томилогдсон бөгөөд тэрбээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд холбогдох дүгнэлтийн талаар танилцуулжээ. Байнгын хороо уг дүгнэлтийг хэлэлцээд, дараах шийдвэрийг гаргасан байна. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батапсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санап тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санап тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно.” гэж заасны “… дутуу …” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.
Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Байнгын хороо 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэх үеэр Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар танилцуулсан гэв. Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
Байнгын хороодын дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Бум-Очир, А.Ганбаатар, С.Зулпхар, О.Номинчимэг, Д.Энхтүвшин, Л.Мөнхбаатар, С.Даваасүрэн, Х.Баасанжаргал, Б.Найдалаа, Б.Батбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Монгол Улсын парламент нь улс төрийн намуудын төлөөллийг хангах, газар нутгийн төлөөллийг хангах, жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд төлөөллийг хангах, үндэстэн ястны төлөөллийг хангах шаардлагын хүрээнд, нэгдмэл улсын хувиар парламентыг Үндсэн хуульд заасны дагуу байгуулахын тулд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд дээрх зохицуулалтыг тусгасан тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй Байнгын хороодын шийдвэр зүйтэй гэдэг байр суурийг зарим гишүүн илэрхийлж байв.
Харин Монгол Улсын Үндсэн хуулийг сахин биелүүлэх, хүний үндсэн эрхийг хангах үндэслэлээр Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдэг байр суурийг мөн гишүүд илэрхийлж байв. Энэ төрлийн маргааныг Цэц өмнө нь хэлэлцэж байсныг гишүүд дурдаад Үндсэн хуулийн цэцийн 1993, 1996 оны холбогдох дүгнэлтүүдийг эргэж харах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналын дагуу Үндсэн хуулийн цэцийн холбогдох дүгнэлтийн талаар, Улсын Их Хурлаас гаргасан аливаа шийдвэр нь ямар үр дагавартай байх талаар холбогдох байгууллагуудтай зөвлөлдөх, нухацтай судалж, нягтлах шаардлагатай учир санал хураалтыг хойшлуулж буйгаа мэдэгдэв. Үүгээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг УИХ-аас баталсантай холбогдуулан Шадар сайд Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв хуулийн хугацаандаа батлагдлаа. Засгийн газраас өнгөрсөн есдүгээр сарын 1-нд өргөн барьсан төсвийн төсөл УИХ дээр цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн тодорхой хэмжээний өрөчлөлт орсон ч зарим макро үзүүлэлт илүү сайжирсан. 2026 оны улсын төсөв нь тэлэлтийг тодорхой хэмжэгээр хязгаарлаж, ДНБ болон эдийн засгийн өсөлтөд эзлэх хувийн хэвшлийн орон зайг тэлэх, баялаг бүтээгчдийг бодитой дэмжиж байгаагаараа онцлогтой. 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа Засгийн газар 180 гаруй иргэнээс санал авч, улсын төсөвт тодорхой хэмжээнд тусгаж УИХ-д өргөн барьсан. УИХ төсвийн төслийн гол үзэл баримтлалыг хэвээр баталлаа” гэв.
2026 онд эдийн засгийн өсөлт 5.7 хувь байхаар, ДНБ 102 их наяд төгрөгт хүрэхээр гол өөрчлөлтөө хадгалж чадсан. Өөрөөр хэлбэл, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хангахад төсөв чиглэгдэж, УИХ-аар батлагдлаа. Монгол Улсын 2026 оны төсвийн алдагдлын хэмжээг 1.5 их наяд байсныг 1 их наяд болгон бууруулж баталсан.. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9, урсгал зардал 24.9, хөрөнгийн зардал 8.6 их наяд төгрөг байх үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөөгүй. 2026 оны төсөв УИХ-д өргөн баригдсанаас хойш УИХ-ын ажлын хэсэг дээр гарсан саналын дүнд салбаруудад орсон өөрчлөлтийн нийт дүн 1 их наяд 351.3 тэрбум төгрөг. Үүнээс 884.1 тэрбум нь цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулагдана.
Хөрөнгө оруулалтын зардлын өөрчлөлт 382.1 тэрбум төгрөг. Төсвийн одоо байгаа урсгал зардал болон хөрөнгө оруулалт дээр зохицуулалт хийж, нэг зардал нөгөө рүү шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр инфляц дээр ирэх дарамт нь маш бага байна. Хэрэв эдгээр дүнгээр суурь зардлууд огцом шинээр нэмэгдсэн бол инфляцид сөрөг дарамт ирэхээр байлаа. Хасвал нэмнэ, нэмбэл хасна гэдэг зарчмаар ажиллаж, Засгийн газраас өргөн барьсан төслийг муутгаагүй, харин ч зарим голлох үзүүлэлт сайжирч сайн төсөв батлагдлаа. Ирэх арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсвүүд батлагдах ёстой. Шинэ он эхлэхэд шинэ төсвийн хуулиараа төрийн байгууллагын санхүүжилт хэвийн хийгдээд явна гэж Сангийн сайд онцлов.
Улсын ирэх оны төсвийн хэлэлцүүлэг амаргүй нөхцөлд өрнөснийг бид бүгд харсан. Ажил хаялт, цалин тэтгэвэр нэмэх нийгмийн шаардлагад үндэслэн анх өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд зохих өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтийг хийхийн тулд бүх Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийг 12.7 хувиар жигд танасан. Энэ хасагдсан, хэмнэгдсэн, өөрчлөгдсөн зүйлүүд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд зарцуулагдана. Хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, онцгой байдлын салбарын төсвөөс огт хасаагүй, хөндөөгүй гэдгийг Шадар сайд Х.Ганхуяг хэллээ.
Ахмадуудын тэтгэврийг хуульд заасны дагуу инфляцын төвшинтэй уялдуулж 8.6 хувиар нэмэхээр баталсан. Засгийн газраас тэтгэвэр нэмэх аргачлалыг боловсруулж батлахдаа бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэх чиглэл баримтална гэдгийг Т.Аубакир сайд онцлов. Багш нарын цалинг нэмэхдээ салбарын ажилтнуудын цалинг орхигдуулахгүй гэдгийг сайд П.Наранбаяр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тодотголоо.
Улс төр
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн өнөөдөр (2025.11.14) Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барилаа.
Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд аливаа асуудлыг хэлэлцэхдээ хуралдааны дэгийг өөрөө тогтоох эрхтэй. Гэвч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар санал хураалт явуулах ерөнхий журмыг нарийвчлан зохицуулаагүйн улмаас үр дүн муутай томьёоллоор санал хураалтыг явуулж буй нь Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх, холбогдох бусад хуулийн зарчимд нийцэхгүй байна хэмээн үзэж хуулийн төслийг боловсруулсан гэж Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн танилцуулсан юм.

Тухайлбал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.11 дэх хэсэгт “тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 7.5-д заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд оруулж тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.” гэснийг нарийвчлан зохицуулах, улмаар “Чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг шийдвэрлэхдээ Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь “дэмжих эсэх”-ээр санал хураана.” гэж шинэчлэн тусгахаар боловсруулжээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, хэсэгт заасан хугацааг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах хугацааг нарийвчлан заасан гэв.
Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн хуулийн төслийг өргөн барьж байгаа явдалд талархал илэрхийлээд, хэлэлцүүлгийг хуулийн дагуу явуулахаа мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.
“Эвсэг” ХХК 2005 онд тансаг зэрэглэлийн нэхмэл болон гадуур хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд өдгөө салбартаа “Говь” ХК-ийн дараа хоёрдугаарт ордог компани болжээ.
Жилд 500 тн түүхий ноолуурт анхан шатны боловсруулалт хийхээс гадна 200 тн ноолуур ээрч, 500 мянган ширхэг сүлжих, 150 мянган метр нэхмэл, тус бүр 15 мянган ширхэг ширмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
800 гаруй ажилтан нь компанийнхаа 65 хувийн хувьцааг эзэмшдэг нь хамтын зорилго, хариуцлага, урт хугацааны үнэнч байдлын илэрхийлэл гэдгийг компанийн удирдлага танилцууллаа.
Цаашид хэвийн зээлтэй аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээлийг үргэлжлүүлэн олгож байх, хөрөнгө оруулалтын зээлийн эргэн төлөх хугацааг дөрөв биш, 6-10 жил болговол аж ахуйн нэгжүүдэд улам их дэмжлэг болохыг хэлж байлаа.
Манай улс 2023 онд 440 сая ам.долларын үнэ бүхий ноолуур, ноолууран бүтээгдэхүүн экспортолсон.
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд энэ онд ноолуурын чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг 54 аж ахуйн нэгж 245 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл авсан байна.
Үүний үр дүнд үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2,000 гаруй тн болсон. Мөн 2024 оны мөн үетэй харьцуулахад самнасан ноолуурын экспорт 5 дахин нэмэгджээ.
Цагаан алт хөтөлбөрийн үр дүнд гутал үйлдвэрлэгчид 550 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай боллоо.
1993 онд байгуулагдсан “Брэнд гутал” ХХК 20 орчим ажилтантай. Жилд 15-20 нэр төрлийн, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн 11-15 мянган хос гутал үйлдвэрлэдэг.
Нийгмийн хариуцлагын хүрээнд жилд эмч, сувилагч нарт 100 хос арьсан углааш, зорилтот бүлгийн сургуулийн насны хүүхдүүдэд 140-150 хос, 2-5 настай, тархины саажилттай хүүхдүүдэд хөлийн 100 хос чиг баригч хандивладаг уламжлалтай юм.
Томоохон сүлжээ дэлгүүрүүд талбайнхаа тодорхой хэсгийг хөнгөлөлттэй үнээр түрээслүүлдэг байх, хөдөлмөр хамгаалал, тусгай зориулалтын гутлын импортын гаалийн татварыг нэмэх, эх оронч худалдан авалтыг хөхиүлэн дэмжих нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.
“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд 1.2 сая ширхэг бог, 488 мянган ширхэг бодын шир бэлтгэх боломж бүрдээд байна. Ингэснээр гутал үйлдвэрлэгчид гэхэд л 550 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.
Хөтөлбөрийн хүрээнд бодлогын болон хөрөнгө, татварын дэмжлэг үзүүлж байгаа нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих, малчдын орлого нэмэгдэх зэрэг олон давуу тал авчирсныг аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд хэлж байлаа.
Энэ жил аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 400 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 389 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн. Мөн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.
Өнөөдрийн байдлаар 100 орчим аж ахуйн нэгж нийт 478 тэрбум гаруй төгрөгийн зээл аваад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрт манлайлан оролцож, малын гаралтай түүхий эдийг үнэд оруулах, үйлдвэрлэлээ өргөтгөх, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, татвараа төлөх зэргээр бодит хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
“Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2024-2028 онд хэрэгжинэ.
Үүний дүнд ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болно.
Мөн ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, 2,200 орчим ажлын байр шинээр гарна.
Түүнчлэн арьс, ширний гүн боловсруулалтын түвшнийг 30 хувиас 50 хувь хүртэл нэмэгдүүлж, борлуулалтыг 57.8 тэрбум төгрөгөөс 90.0 тэрбум төгрөг, экспортыг 9.6 сая ам.доллароос 22.4 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 3,000 гаруй ажлын байр бий болох юм.
Хөтөлбөрийн дүнд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрнэ.

-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм4 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм6 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм4 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт4 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм6 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
