Connect with us

Нийгэм

“Энэ насны минь зорилго Их нартынхаа төлөө үхэн үхтлээ тэмцэх”

Published

on

Шөнийн гурван цаг. Их говийн нам гүмийг эвдэн, том машины хүнгэнэх дуу гарч, Ханангийн араар гэрэл цэлсхийв.

Хурц гэрэл хар сүүлтийн хэвтэр лүү чиглэж, үзүүрт нь эвий, тэд минь займчин сандарч харайлгана. Болохоо байлаа гэх дохио авсан байгаль хамгаалагчдад, анчдыг авласных нь дараа барих үүргийг дарга нь өгчээ.

“Амьтнаа алуулчхаад юуг нь хамгаалдаг юм бэ” гэж зөрүүдлэн, ах нь тос гоожсон мотоциклоороо том хар жийпний араас элдчихсэн. Тоосонд дарагдаж гүйцэхгүй. Удтал мөшгөж барьсны дараа хамгаалсан бид буруутан болж, харин машинтай нөхөд “мал ирсэн” нэрийн дор зөвдсөн дөө. 

Байгалийн шалгарал, өөрсдийн хичээл зүтгэлээр Ар говьд үлдэж, амьдарч байгаа цөөн хэдэн хар сүүлтдээ ах нь харам. Хавар хэн, хаанаас гарч ирээд буу шагайх бол гэхээс өдөр шөнөгүй эргүүлдэнэ. 

Алахаас нь өмнө хамгаалах ёстой атал “алсан нь үнэн” гэж хамгаалдаг хуультай улс даа бид. Идэх гэж, ангийн хорхойгоо дарах гэж буу шагайдаг өчүүхэн тархитнуудтай би үхтлээ тэмцэнэ. 

Ийн ярих хүн бол Их Нартын байгалийн нөөц газрын ахлах байгаль хамгаалагч А.Батболд.

Хараа хүрэх алсад зэрэглээ гүвэлзэн, хадан арлаа тойрон байгаль хамгаалагчдын ажил ид өрнөх тэр цагаар бид Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их нартын байгалийн нөөц газрыг зорив.

Тэнд очоод би онгож гандсан шаргал малгайгаа духдуулсан, марзан хөгжилтэй яриагаараа хүн бүрийг инээлгэх, 19 жил байгаль хамгаалагч хийж буй А.Батболд ахтай танилцсан юм. Энэ нутгийн хүмүүс, ажил нэгт нөхөд нь түүнийг “Шавка” гэж дуудна, “ясны” байгаль хамгаалагч хэмээн үнэлнэ.

Харин энэ нэрийн ард ийм түүх бий. Багадаа мах мяраа сайтай, дөнгөж суудаг жаахан хүүхэд байхад нь  айлын хүн харж  “жаалаа, жаалаа” хэмээн өхөөрдөж байснаа аядахгүй болохоор “шавар” гэж нэрлэчхэж. Тэр энэ нэрээрээ дунд ангиа төгсөж, улмаар “Шавар” нь “Шавка” болон хувирчээ.

Ийн бид зуны намуухан орой Ханан араа ширтэж хэсэг хууч хөөрөв.

Арван хүүхэдтэй айлын гурав дахь хүү тэрээр Дорноговь аймгийн Иххэт сумын Хажуу Улаан хэмээх геологийн лагерьт төржээ. Говийн элс, чулуун хяр, харгана бударганыг түшиж, наадан хөлд орсон түүнийг өрмийн ээлжийн мастер аавынх нь ажил байгальтай ижилсүүлж, өлгийтэй хүүхэд анх удаа энэ нутагт ирсэн аж.

Тэр үеэс эхлэн байгаль, ялангуяа говийн үзэсгэлэнт Их Нарттай амьдралаа холбож яваа нь энэ.

Ар гэрийнхэн нь “сургуулийн мөр хөө” хэмээн ятгасан ч, зөрүүд зантай тэр хүлээж авсангүй. Удмаасаа ганцаараа малчин болж, говьдоо үлдэхээр шийджээ.

18 настайдаа Зүүнбаянд цэргийн алба хаагаад нутагтаа ирэхдээ отроор яваа Дундговийн хүмүүстэй таарч, гэргийтэйгээ танилцсан аж. 2000 онд эхнэртэйгээ хамт Хулд суманд төвхнөхөөр нутгаасаа явахдаа эргэн эргэн Их Нартаа ширтэж, мэлмэртлээ уйлсан гэдэг. “Яагаад уйлж байснаа тухайн үедээ ойлгоогүй” хэмээн хүд хүд инээн хуучилна.

Харин 2004 онд тэрээр нутагтаа эргэн иржээ. Яг энэ үед Их Нарт байгаль хамгаалагчийн орон тоо гарч, тухайн үеийн дарга нь “итгэл хүлээлгэх хүн” хэмээн түүнийг сонгон, анхны байгаль хамгаалагчдын нэгээр томилжээ. 2005 оны хавар. Малын хамар хатгах өвсгүй улаан гантай жил… Тэр үед л байгаль хамгаалагчийн ажлаа эхэлж байснаа тэр дурсана.

“Би их азтай хүн шүү. Ажилд ороод сар ч болоогүй байхад шинэ палнит тав өгсөн. Түлхүүрийг нь гардуулахад энэ нутгийн төлөө үхтлээ явна даа гэж уйлж билээ. Би хэн нэгэнд сэдэл төртөл явна. Ямар нэг юм хийчих юм сан гэх итгэлийн гал байгаа учраас миний ажил бүтнэ дээ хэмээн тэр инээмсэглэн ярина.

Байгаль хамгаална гэдэг хээр талаа хэрэн сүлжиж явахын нэр бус. Байгаль хамгаалагч хүн өглөө ургах нартай зэрэг өндийнө. Холыг харж ажиглана, цаг уурын байдлаа шинжинэ, ажилдаа явахдаа ус авч явах уу, аль талаар нь тойрох уу гэж төлөвлөнө. А.Батболд ах сар бүрийн мониторингийн үеэрээ 60 орчим км замыг туулдаг гэнэ. Үлдсэн хугацаандаа тогтмол эргүүлд гарч, ажиглалт хийнэ.

Гэвч байгаль хамгаалагч хүн хулгайн анчин, сувдаг сэтгэлтнүүдтэй тэмцэж болох ч байгалийн шалгарлын өмнө аргагүй хүчин мөхөстдөг аж. 2010 оноос хойш зудын давтамж эрс нэмэгдэн, улаан ган, хар, цагаан зудад идэх өвсгүй, хэвтэх хэвтэргүй болсон амьтдынхаа өмнөөс эмтрэх болсон гэж А.Батболд ах толгой сэгсрэн хэлж байлаа.

Өвдөг давсан цасыг малтаад идшээ олж чадахгүй амьтдаа өрөвдөж, өмнөөс нь бүгдэд хашаа барьж өгөөд тэжээгээд явах сан гэж бодно. Ядарч онд орсон амьтдаа хараад хошуу дэвсэнэ. Хужир, өвсөө үүрээд мал хүрэхгүй цэгт аргал янгир хооллог гэж тавьж өгнө. Хоёр жилийн өмнөх зудаар туйлдаж шөнөдөө шаналж нойргүй хонодог байсан. Явахад хад болгоны энгэр дээр цасанд зоогдоод үхчихсэн янгир, аргалийг харах харуусмаар гуниг.

Чадан ядан явж хөлстэйгөө хутгалдаж, хөлөөрөө өшиглөж зам гаргана.  Хамгаалж байгаа амьтныхаа талаас илүүг үхүүлнэ гэдэг аймшигтай. Уржнан нэгхэн угалз олж хараад яана гэж бодож байлаа. Харин энэ жил ганц байсан угалз дөрөв болсон гэж баярлан ярина.

Насанд нь намба суух үест тэр том хүүгээ залгамжлан бэлдэж байгаа аж. Хүн өөрийн сэтгэлээр харна уу гэхээс хүнээр заалгаж байгалиа хамгаалдаггүй гэж хаа ч дагуулж яван ажигла хэмээн захидаг гэнэ. Ар говио хамгаалах сэтгэлтэй байгаль хамгаалагчийг нэгээр нэмэх түүний зорилго гэв.

Их Нартын байгалийн нөөц газар нь Монголын говь дахь ховор амьтдын өлгий, экосистемийн төв. Аргаль, янгир нь элсэн манхан, хад чулуулаг бүхий говийн онцгой орчинд дасан зохицон амьдарна. Байгаль хамгаалагчид эдгээр эмзэг амьтдын тоог нэмэх, амьдрах орчныг нь хадгалан хамгаалахад тууштай зүтгэнэ.

Гэвч уул уурхайн лиценз олголт, хууль бус ан агнуур, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн эрсдэл амьтдын амьдрах орчныг жил ирэх тусам хумьж, аюулд оруулсаар байна. Иймд нутгийнхаа төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллах А.Батболд шиг байгаль хамгаалагчид энэ үнэт нөөцийг хамгаалахад хамгийн чухал үүрэгтэй.

Говийн хүний тос даасан хөрслөг царайных нь цаадах уужуу нам зан, нутаг усаа бахархан ярих их хүндлэл түүний яриа бүрд шингэж мэдрэгдэнэ. Хөхөмдөг манан дундах ширээ шиг хад, үүл хоёрын зайц дахь  Их нарт. Нэг алхам ч зайгүй уул уурхайн лицензтэй газар арал хэлбэрээр тогтсон нутгаасаа холдож чаддаггүй гэх эрмэг нэг байгаль хамгаалагч.

Нялх хүүхэдтэй, мал цөөн, амьдрал ахуй нь тогтож амжаагүй байхад нутгийнх нь газар нутгаас вольфрамын орд олдлоо гэх яриа дэгдэхэд, таньж мэдэхгүй олон хүн тав, арван цас атгуулах гэжээ. Амьдрал ахуйгаа бодвол хүлээж авах ч тэр өөртөө өргөсөн тангаргаа зөрчихийг хүсээгүй. Үүнийгээ ч олзуурхан ярина.

Жил бүр Их нартын байгалийн нөөц газрыг зорин ирэх тавдугаар ангийн 200 гаран сурагчдад мэдээлэл өгч, ан амьтдыг хайрлах, тэднийг хамгаалах, байгалийн тогтоц, түүхийг заан явахдаа тэр их жаргалтай болдог гэнэ. Багш аа багш аа гэх хүүхдүүд Улаан номд багтсан, нэн ховордсон амьтдыг мэддэг болж буй нь байгаль хамгаалал энгийн зүйлээс эхэлдгийн илрэл гэж боддогоо хуучилна.

Одоо хүүхдүүд том болсон, төв бараадъя гэж хань хэлнэ. Би хэзээ ч эндээс явахгүй. Миний амьдрал тэнд биш. Энэ нутгийг мөнгө болгож харж байгаа хүн хэд билээ. Өөрийгөө чадваргүй болтлоо, үхэн үхтлээ нутгийнхаа төлөө явна гэж шулуухан хэлнэ.

Үдшийн бүрий өтгөрөх үест бидний яриа өндөрлөж, маргааш зургаа татуулъя гэсээр салцгаав. Үүр дөнгөж тэмдгэрэх цагаар говийн наран ургахыг харах гэж эртлэн боссонд  А.Батболд ах хэдийн босчихсон явах. Энгэртээ “Байгаль орчны тэргүүний ажилтан” тэмдгээ зүүжээ. Хорвоогийн хүсэл шуналаас ангид тийм нэг гүндүүгүй, нутгаа харж бүтэн амьсгалдаг болохоор Их нартаа хамгаалж яваад амиа өгсөн ч чадна гэх итгэл төгс нэгэн.

Гүлдийж явснаас хүн хөгжөөж явбал жаргал шүү дээ гэх дотно дулаан инээмсэглэлээр бид хөөрөлдөж, тэр төрхөөрөө биднийг үдэв. Ар говио хамгаалах асар их сэтгэлээр цалгисан тэр үнэхээр “ясны” байгаль хамгаалагч ажээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын нөхцөл, аюулгүй байдлын асуудалтай танилцлаа

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын спортын сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцлаа.
Тус сургууль нь анх 1956 онд байгуулагдсан Ерөнхий боловсролын I дүгээр сургууль бөгөөд 2007 онд “Тусгай төрөлжсөн спортын сургууль” хэлбэрээр шинэчлэн зохион байгуулагдсан.
2025–2026 оны хичээлийн жилд тус сургуульд 16 бүлгийн 437 суралцагч спортын 5 төрлөөр бэлтгэл сургуулилтад хамрагдан суралцаж байна.
Сургалтын үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу явагддаг бөгөөд бусад ерөнхий боловсролын сургуулиас ялгарах онцлог нь суралцагчид биеийн тамир, спортын чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалт авч, авьяас чадвараа хөгжүүлдэг учир нийт суралцагчдын 23.3 хувь нь бусад дүүрэг, сумаас хамрагдаж байна. Гэвч барилгын насжилтын улмаас чанар нь муудсан тул урсгал засвар хийгээд ч сургалтын үйлчилгээ явуулахад хүндрэл үүсээд байгаа юм байна.
Мөн Боловсролын сайд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ орон сууцны барилгын 1 дүгээр давхарт байрладаг 5 дугаар цэцэрлэг болон аймгийн боловсролын газрын үйл ажиллагаа, барилгын нөхцөл байдалтай танилцлаа.
Тус цэцэрлэг нь 2017 онд хувийн хэвшлээс Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан барилгад үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс хонгилын давхрын автомашины зогсоолоос ялгарах угаарын хий, ил сантехникийн бохирын үнэр, мөн дээд давхрын айлуудаас ус алдах зэрэг нь хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй байдал, суралцах орчинд сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо.
Эдгээр нөхцөл байдал нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагын стандарт, шаардлагад нийцэхгүй байгааг дурдсан бөгөөд хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг хангах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг уламжиллаа.
Дэлгэрэнгүй

Нийгэм

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

Published

on

By

Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа”, “үнэт чулууны сугалаа” гэх нэрийн дор шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцон залилуулсан гэх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлоор иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн сугалааны шууд дамжуулалтыг үзэж, оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсаад байна.

Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, уг үйл ажиллагааг явуулж буй сэжигтэй цахим хаягийг хаах, мөн сэжиг бүхий үйлдэл, хаягийн талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна. Ингэснээр өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэгчдээс хамгаалах боломжтой юм.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

Published

on

By

2026 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа юм.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!