Connect with us

Улс төр

Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв

Published

on

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.17) хуралдаан 17 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын

гишүүнд нэр дэвшигчдийг танилцууллаа. Төрийн гадаад, дотоод бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн шинэ Засгийн газрыг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нийцүүлэн байгуулж, Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг тууштай үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн болохоо тэмдэглэв.

 

Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ “Засгийн газрын бүтцийг хэвээр хадгалах нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөгжлийн мега төсөл, суурь реформ болон аялал жуулчлал, цахим засаглал, эрчим хүчний салбарын либеральчлал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрөлжсөн бүсүүдийн хөгжил, Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, тус сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгыг бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх хөшүүрэг байх болно хэмээн үзлээ” гэв.

 

Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг баримтлан, улсын эрх ашгийг эн тэргүүнд тавих, улс орны хөгжлийн өмнө тулгамдсан томоохон сорилт, бэрхшээлийг харилцан ойлголцолд тулгуурлан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх нь чухал гэж үзэж буйгаа Г.Занданшатар сайд онцлов. Өөрөөр хэлбэл, олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгааг тодотгож байлаа.

 

Геостратегийн нөхцөл байдал нэн хүндэрч байгааг тэрбээр дурдаад энэ цаг үед эмхлэн байгуулагдах Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын тогтвортой залгамж чанарыг хадгалах нь зүйтэй хэмээн үзэж өмнө ажиллаж байсан Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг, нэн ялангуяа мега төслүүд, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хариуцаж буй сайд нарыг үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй хэмээн үзсэн болохоо Ерөнхий сайд танилцуулав. Түүнчлэн шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзсэн гэлээ.

 

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга; Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга; Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны даргаас бусад Засгийн газрын гишүүнийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулсан.

 

1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Ням-Осорын Учрал;

 

2.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад Тогмидын Доржханд;

 

3.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан;

 

4.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн Бямбацогт;

 

5.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдад Болдын Жавхлан;

 

6.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар;

 

7.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдинням;

 

8.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлут;

 

9.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Батын Батбаатар;

 

10.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдад Пүрэвсүрэнгийн Наранбаяр;

 

11.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Тилеуханы Аубакир;

 

12.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайхан;

 

13. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Чинбатын Ундрам;

 

14.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Энхтайваны Бат-Амгалан;

 

15.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Жадамбын Энхбаяр;

 

16.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Энхбаярын Батшугар;

 

17.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдад Баттогтохын Чойжилсүрэн;

 

18.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэндийн сайдад Жигжидсүрэнгийн Чинбүрэн;

 

19.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг нарыг тус тус томилж буйгаа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулав. Засгийн газрын гишүүнд нэр дэвшүүлэхдээ Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилт, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, зохион байгуулах чадавх, танхимын зарчмаар ажиллах чадвар, хариуцсан салбар, ажил үүргийг гүйцэтгэх чиглэлээр хуримтлуулсан туршлага, мэргэжил, ёс зүйн болон хариуцлагатай байдал зэргийг харгалзан үзсэн гэдгээ Ерөнхий сайд цохон тэмдэглэлээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6-д “…Засгийн газрын гишүүдийн эрхлэх ажлыг тодруулан хуваарилж, түүний гүйцэтгэлд хяналт тавина…” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Засгийн газар дотоод зохион байгуулалтын хүрээнд Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга; Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга; 20 минутын хот Үндэсний хорооны дарга нарын эрхлэх асуудлыг Монгол Улсын сайд нар давхар хариуцан гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзжээ.

Засгийн газрыг богино хугацаанд, шуурхай эмхлэн байгуулах нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Тогтвортой засаглал, захиргааны оновчтой бүтэц, зохион байгуулалт бүхий төрийн алба”-ыг төлөвшүүлэх хүрээнд төрийн үрэлгэн зардлыг багасгаж, төсвийн сахилга батыг сахих, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох, олон нийтийн хяналтад оруулах, татвар, нийгмийн даатгалын цогц реформыг цаг алдалгүй хэрэгжүүлнэ гэв. Мөн төсвийн тодотгол хийж, хэмнэлтийн бодлогыг эхлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

 

Улсын Их Хурал дахь АН-ын санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл танилцуулсны дараа Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл, Ж.Золжаргал, Б.Бейсен, Ө.Шижир, П.Сайнзориг, У.Отгонбаяр, Дав.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Т.Мөнхсайхан, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Ч.Номин, Н.Алтаншагай, М.Мандхай, О.Номинчимэг, Б.Уянга, М.Ганхүлэг, С.Эрдэнэбат, Д.Үүрийнтуяа, Г.Лувсанжамц, Х.Баасанжаргал, Ж.Галбадрах, М.Нарантуяа-Нара, С.Одонтуяа, С.Замира, Ц.Баатархүү, Ц.Мөнхбат, Ж.Баярмаа, С.Цэнгүүн, П.Батчимэг, Г.Хосбаяр, Ц.Мөнхтуяа, Д.Ганбат нар асуулт асууж, үг хэлэв.

 

Улсын Их Хурлын гишүүд шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүдэд амжилт хүсэж, шинжлэх ухаан, инновацын салбарын хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, боловсролын салбарын хүний нөөцийн асуудлыг анхаарч, төсвийг нь нэмэгдүүлэх, төрийн албыг цомхотгон бэхжүүлэх, экспортыг төрөлжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нийгмийн даатгалын тогтолцоог оновчтой шинэчлэх, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үргэлжлүүлэх, эдийн засгийн өнөөгийн нөхцөлд олон улсын худалдаагаа чөлөөлөх, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэхийг захиж байв. Усны менежментийг сайжруулах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөв, цөөрөм байгуулах ажлыг үргэлжлүүлэхтэй холбоотой саналуудыг гишүүд хэлж, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах үүрэг хүлээж буйг дурдсан. Эдийн засгийн үр өгөөжийг өрх бүрд хүртээмжтэй, бодитойгоор хүргэх, дундаж давхаргыг тэлэх бодлогыг хэрэгжүүлж ажиллах хүчний гадагшлах урсгалыг саармагжуулах, хүн амын төвлөрлөөс үүдсэн орчны бохирдол, түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төсвийг оновчтой төлөвлөж, төсөл, хөтөлбөрийн эрэмбийг зөв тогтоох, салбар хоорондын уялдааг хангах, Засгийн газар бүтцийнхээ хэмжээнд иргэний ниймгийн оролцоог дэмжиж, хамтран ажиллах, авлигатай тэмцэх үйл ажиллагааг шийдвэртэйгээр эрчимжүүлэхтэй холбоотой саналуудыг гишүүд хэлж байлаа.

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг Улсын Их Хурал ийн сонсов.

 

Дараа нь Засгийн газрын хамгийн ахмад гишүүн Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тангаргийг уншиж, Засгийн газрын нийт гишүүд тангараг өргөв. Дараа нь шинээр томилогдсон Засгийн газрын гишүүн тус бүр Монгол Улсын төрийн сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэн, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү Засгийн газрын гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын тэргүүлэн ажиллах Засгийн газар байгуулагдав.

 

Засгийн газрын гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсож, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөсний дараа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх шинэ баг үүрэгт ажилдаа орж буй түүхэн мөч тохиож байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлээд “Энэ бол зөвхөн улс төрийн шинэчлэл биш, харин иргэдийн итгэлийг хүлээж, шинэ хөгжлийн гарцыг нээх хариуцлагатай цаг үе юм. Монгол төрийн туйлын зорилго бол ард иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж, шударга ёсыг тогтоож, үндэсний хөгжлийг урагшлуулах юм” хэмээлээ. Тиймээс өнөөдөр томилогдож буй шинэ сайд, яамдын удирдлагууд нь үүрэг хариуцлага, хүлээлт өндөр цаг үед албан тушаалдаа томилогдож байгааг онцлон сануулаад, ццаашид анхаарч ажиллах асуудлуудыг сайд тус бүрд хандан танилцууллаа. Төсгөлд нь тэрбээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв. Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!