Connect with us

Улс төр

Г.Дамдинням “Ухаа худаг”-ийг хамгаалах үүрэгтэйгээр Уул уурхайн сайдаар очиж байгаа

Published

on

Ерөнхийлөгчийн ачаа хүндрэв үү?

 

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа зарлалаа. Сайд нараа томиллоо. Олны хүлээлтэд бол хүрсэнгүй.

Жишээ нь: Н.Учрал ойлгомжтой. Шагналаа авч Тэргүүн шадар сайд болов.

Г.Дамдинням бол Эм Си Эс. “Ухаа худаг”-ийг тултал хамгаалах үүрэгтэйгээр Уул уурхайн сайдаар очиж байгаа.

Б.Батцэцэг пост бичин байж Гадаад яамны сайдын албан тушаалаа хамгаалсан.

Тэднээс гадна Сангийн сайдаар Б.Жавхлан, Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан хуучиндаа үлдлээ. Ингээд цааш хөвөрнө.

Л.Оюун-Эрдэнэ огцордог өдрөө: Гашуунсухайт яваад ирэхэд дараагийн Засгийн газар зурагдчихсан байсан. АН дотор ч дараагийн удирдлагын асуудал тэр зурагдсан Засгийн газартай холбогдчихсон байсан. Энэ бол шалтгаан. Ингээд маш том хэмжээний блок үүсчихсэн. Зүгээр асуудал байсан бол би залуучуудтай аль эрт очоод уулзчих байсан. Харамсалтай нь суурь шалтгаан нь ийм. Ерөөсөө л дараагийн Засгийн газар, нөгөө л нэг сандал суудлын асуудал. Энэ дээр стратегийн ордын хэлцэлтэй холбоотой, олон олон асуудалтай холбоотой бүх асуудал нэгдэж байгаа гэдэг үнэн. Ордон дотор хүч алдаж байгаагаа би дэндүү сайн ойлгож байна. Одоо тэгээд бие биеэ хараад худлаа ярьцгаагаад яах вэ хэдүүлээ. Бодитой зүйлээ л ярь. Хэн нь ямар юм ярьж байна, санал хураалтын дараа хэн ямар сайд болоод явахыг ард түмэн маань бүгдийг нь хараарай гэж байсан. Энэ үг өнөөдөр ойлгогдож байна.

Ер нь яагаад ийм зам руу оров оо. Цаана нь маш том шалтгаан байж л ийм Ордны эргэлт хийх нь тодорхой. Тэр шалтгаан нь юу вэ. Улс төрийнхний дундах мэдээллээс дүгнэхэд Л.Оюун-Эрдэнийг огцруулах, дашрамд АН-ыг ч Засгийн газраас гаргах том шалтгаан байж. Х.Тэмүүжин Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн гарын үсгийг бүлгийн гишүүдээсээ цуглуулсан. Үүний өмнөхөн Л.Оюун-Эрдэнэ болон бусад намын дарга нар уулзаж энэ асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Тэд: Үгүй гэцгээсэн байна. Энэ оны тавдугаар сарын эхний 10 хоногт болсон явдал. Яг тэр үед Засгийн газар Ухаа худаг гэдэг хоёр цуврал ном гаргаснаа тараасан. Ингэж л улс төрөө хамгаалах, бизенесээ авч үлдэх хоёр эрх ашиг нийлж аваад дайрчихсан байна. Тэрний үр дүнд гарсан шийдвэрийг албажуулсан МАН-ын удирдах зөвлөл, бага хурал нь дан ганц: Дангаараа Засгийн газраа байгуулна гэдэгт л зориг шулуудчихаад байж.

Гэсэн нь өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарын бүрдүүлсэн Засгийн газар МАН-ынханд огтоос таалагдахгүй байгаа нь илэрхий. Дор хаяж УИХ-д байгаа 60 гаруй хүсэлд 10 гаруйхан сайдын суудал яахан хүрэлцэх билээ дээ. Тиймийн учир МАН-ынхан ч Г.Занданшатарын Засгийн газар бүрдэж, сайд нар нь тамга тэмдгээ хүлээж авсны дараа хүлээлт нь талаар унасныг ярьцгаагаад унаж байна.

Тус намынхан:- Уул нь анх Л.Оюун-Эрдэнийг огцруулах талаар ярьсан бага хурлын үеэр МАН дангаараа Засгийн газраа байгуулна гэсэн. Бага хурлын тогтоолын агуулга нь тийм. Г.Занданшатар ч Ерөнхий сайдаар явахаар болохдоо дангаараа Засгийн газар байгуулна гэсэн. Гэтэл дахиад л хамтарчихлаа. Өмнөхөөсөө шал дор бүрэлдэхүүнтэй Засгийн газар байгуулагдлаа гэж байна.

2025 оны тавдугаар сарын 22-нд болсон МАН-ын бага хурлын дараа тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар: Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт хийгээд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа улс төрийн намын УИХдахь бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газарт хамтран ажиллах гэрээг удаа дараалан зөрчсөн үйлдлүүд гаргасан. Мөн МАН-ын гишүүд дэмжигчдээс ирж байгаа санал шүүмжлэлийг үндэслэсэн. Тэгээд МАН Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэж байсан юм.

Харин Г.Занданшатар Ерөнхий сайд болж Засгийн газартаа ХҮН, ИЗНН хоёрыг багтаав. Харин Үндэсний эвслийн Н.Номтойбаяр эцсийн мөчид татгалзжээ. Тэр холоо хараад үлдэв. Хамгийн хэцүү нь Л.Оюун-Эрдэнийг огцруулж АН-ыг Засгийн газраас нь гаргаснаар УИХ-д, улс төрд маш том сөрөг хүчинтэй боллоо.

Уул нь АН-ынхан 2025 оны зургадугаар сарын 3-ны чуулганы санал хураалтаас хүний үгэнд орж гарч гүйх хэрэггүй л байв. Сууж байгаад саналаа өгөөд Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн ч Л.Оюун-Эрдэнэ үлдэхгүй гэдэг улс төрийн шийдвэр нь гарчихаад байжээ. Тэгснээр АН-ынхан хамтарсан Засгийн газартаа үлдэж Ерөнхий сайд нь л солигдох хувилбар байсан гэсэн үг. Одоо Г.Занданшатар ХҮН, ИЗНН-тай нийлсэн болохоор АН-аас ажилд орсон хүмүүс цөм халагдана. Ямар ч нам төрийн эрх барих гэж ажилладаг. Харин 2024 оны сонгуульд ялагдсан АН хамтарсан Засгийн газарт орсноор эрх баригчийн байр суурьт хүрсэн. АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд энэ сайн шийдэл болсон. Одоо харин өнгөрсөн цаг боллоо. Цаашид нам дотроо эв түнжингээ хадгалж, эвдрэлцлээс ангид байх юм бол олон жил эрх мэдлийн гадна явсан АН-д боломж илүү байгаа.

Энэ бол тэр чигтээ МАН-д эрсдэл. 2025 оны тавдугаар сарын эхээс зургадугаар сарын эх хүртэл өрнөсөн улс төрийн дүнд МАН маш томоор хагарсан. Энэ хоруу чанар ихтэй. Тэр нь өдөр өнгөрөх тусам улам чангарах төлөвтэй. 2027, 2028 оны сонгуулиуд МАН-ын хувьд хэцүүдүү болж мэдэх л юм. Тиймийн учир энэ Засгийн газар байгуулагдсанаар Ерөнхийлөгчийн ачаа л нэмэгдэнэ. Учир жанцангийн тухайд Г.Занданшатарын Засгийн газарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илүү ойр дөт харагдаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулдаг чуулган дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орсон. Үг хэлсэн. Тэр нь хүчтэй нөлөөлсөн. Дараагийн Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг тодруулах, танхимынх нь сайд нарыг томилуулахад Ерөнхийлөгч чухал үүрэгтэй байгаа нь тодорхой л харагдаж байна. Дахих гэж байгаа хэд нь Ерөнхийлөгчийн өрөө рүү навсганалдаж гүйлдээд л. Удаж удаж байгуулсан Засгийн газар нь баахан тааруудуу нэртэйгээр гараанаас гарлаа. Тэгэхлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг удаан тогтоохын тулд цаг их зарцуулахаар болж байгаа дүр зураг харагдаж байна. Хэдхэн үгээр хэлэхэд, Засгийн газрын ачаалал Ерөнхийлөгчийн ачааг л хүндрүүлэх бололтой.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!