Connect with us

Нийгэм

“Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаатай зарлажээ

Published

on

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү аян нь замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм.
НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр “Шар дарцаг” аяныг 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрийг дуустал нэг сарын хугацаатай зарлаж байна. Анх гэрлэн дохиогүй явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор аяныг санаачилж байсан. Гэвч шар дарцгуудыг авч явах, алга болох тохиолдол их байсан тул энэ жилээс сургууль орчмын бүсэд School police хийж буй эцэг, эхчүүд барьж ашиглаж байна. Мөн ААН-үүд байгууллагынхаа логог дарцган дээр хэвлэн, ойр орчмын гэрлэн дохиогүй гарцан дээр ашиглах боломжтой. School police хийж буй эцэг, эхчүүд авто замын гол хүртэл явган зорчигчтой хамт явж, хөдөлгөөн бүрэн зогсох хүртэл шар дарцгийг өргөнө” гэлээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү аян нь сургууль орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, School police хийж буй эцэг, эхчүүдэд туслах зорилготой. Шөнийн цагаар жолооч нарт явган зорчигч харагдахгүй, гэрлийн гялбаанд орж осол гарах тохиолдол байдаг. Улсын хэмжээнд гарч буй ослын 60-70 хувь нь нийслэл хотод бүртгэгддэг. Хүүхэд гарц, гарамтай хэсгээр гарч байхад нь жолооч мөргөж гэмтээх тохиолдол нэлээдгүй гардаг. Иймээс сургууль орчимд гэлтгүй хороолол, хотхон, ААН байгууллагууд ч шар дарцаг ашиглах боломжтой. Шар дарцгийн цацруулагч нь жолоочид 150–200 метрийн цаанаас тодорч харагддаг. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч уулзвар, гарц руу дөхөхөд хурдаа сааруулах, хүүхэд багачууд, эцэг эхчүүд шар дарцаг өргөж ашиглахыг ТЦА-аас уриалж байна” гэв.
Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа “Нийслэлийн хэмжээнд 971 боловсролын байгууллагад 536 мянган хүүхэд, багачууд суралцаж байна. Энэхүү аяныг зохион байгуулснаар хүүхдүүдийг болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан хамгаалах боломж бүрддэг. Нийслэлийн боловсролын газар энэхүү төрлийн аянуудыг дэмжиж, хамтран зохион байгуулдаг. “Шар дарцаг” аяны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй эцэг, эх сургуулийн орчинд ажилласан. Судалгаагаар хүүхэд өртсөн зам тээврийн осолд 7 хүртэлх насны хүүхэд 19.7 хувь, 8–14 насны хүүхэд 28.5 хувь, 14–17 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна. Зам тээврийн осол Баасан гарагт хамгийн их буюу 82 удаа бүртгэгдсэн байна. Явган зорчигчийн хайхрамжгүй үйлдэл, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, жолооч нарын сахилга бат сул зэргээс зам тээврийн осол гардаг. Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, жолооч болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд энэхүү аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” гэсэн юм.
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аянд идэвх, санаачилга гарган оролцсон иргэн, ААН байгууллагыг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон НЗДТГ-ын газраас урамшуулах аж.
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Батсүмбэр суманд орчин үеийн инженерийн шийдэлтэй шинэ бага сургууль ашиглалтад орлоо

Published

on

Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ “Бага сургууль” өнөөдөр нээлтээ хийлээ.

Нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, “Номин Холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч A.Шагдарсүрэн тэргүүтэй төлөөллүүд болон аймаг, сум, багийн удирдлагууд оролцов.

“Энэхүү санаачилгыг бодит ажил болгоход хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү багийн бага сургууль төр-хувийн хэвшил-хөгжлийн байгууллагуудын түншлэлийн тод жишээ болж байна. Бид ирэх жил илүү олон багт сургуулиуд байгуулахаар төлөвлөж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцоллоо.

“Номин Холдинг” ХХК-ны хөрөнгө оруулалтаар баригдсан уг сургууль нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй дулаан, агааржуулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг орчин үеийн инженерийн шийдэлтэй байгальд ээлтэйгээрээ онцлог юм.

Мөн сургалтын орчин нь үндэсний болон олон улсын стандартад нийцсэн өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, бага насны хүүхдэд ээлтэй, гэртээ ойр боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлжээ.

Багш нарыг холимог бүлгийн сургалт болон цахим сургалтын арга зүйгээр чадавхжуулсан байна.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Өнөөдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 77 жилийн ой тохиож байна

Published

on

Өнөөдөр хүний эрхийн олон улсын өдөр. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор гишүүн улсууд “дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан түүхэн өдөр юм.

Хүн бүр төрөхөөсөө бүхий л эрх, эрх чөлөөг  яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалтгүйгээр эдлэх ёстой.

Тунхаглал 30 зүйлээс бүрдэх бөгөөд хүн бүрийн эдлэх иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын зэрэг олон талт эрхийг багтаасан байдаг.

1950 оноос эхлэн жил бүр хүний эрх, эрх чөлөөг цогц байдлаар эрэмбэлэн тодорхойлсон, улс орон бүхэнд үлгэр болохуйц хүний эрхийн жишиг тогтоосон энэхүү баримт бичиг батлагдсан өдрийг олон улсын “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн юм.

Хүний эрх, эрх чөлөө нь  Монгол Улсын Үндсэн хуулийн  суурь үзэл баримтлалын нэг юм.

“Хүн бүхэн заяагдмал эрхтэй” хэмээх санааг анх дэлхийн түвшинд тунхагласан  “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн үндэс болсон билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлнэ хэмээн тунхаглаж, Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт “Хүний эрх, эрх чөлөө”-г тодорхойлсон нь түүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын нэг болгосон юм.

Монгол Улс Үндсэн хуулиа баталснаас хойш хүний эрх, эрх чөлөөний төлөө олон улсын болон иргэдийн өмнө хүлээсэн  үүргээ хэрэгжүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд эдгээрийг үндэсний хууль тогтоомж, эрх зүйн бусад баримт бичигт тусгаж, мөн олон улсын гэрээнд нэгдэн орох замаар баталгаажуулжээ.

Монгол Улс НҮБ-ын гишүүн улс болохын хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт,  Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг хүний эрхийн талаарх олон улсын 40 гаруй гэрээнд нэгдэн орсон буюу соёрхон баталсан байна.

Түүнээс гадна Монгол Улс 2000 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг баталж, Хүний эрхийн Үндэсний байгууллагыг байгуулсан билээ.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болгон хуульчилсан байна.

Бэлтгэсэн: Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй

Нийгэм

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Published

on

By

  “Enjoy AI 2025” олон улсын уралдаанд  Говь-Алтай аймгийн  Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд дэлхийн аварга боллоо 

Монголын бяцхан инженерүүд “Enjoy AI 2025” олон улсын робот, кодчиллын уралдаанд амжилттай оролцож, медаль хүртлээ. Тус тэмцээнд дэлхийн 61 улсын 1000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд  манай улсаас 56 оролцогч хүч сорьж, алт,  мөнгө,  хүрэл медаль хүртсэн нь улсынхаа боловсролын салбарт томоохон хөшүүрэг болов.

Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, технологийн өсөлт хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Монгол хүүхэд, залуус өөрсдийн чадвараа дэлхийн хэмжээнд сорин, аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Говь-Алтай аймаг “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль,  Дархан-Уул аймгийн Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар мөн энэ төрөлд хүрэл медаль хүртжээ.

Өнөөдрийг хүртэл “Enjoy AI” тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч оролцсон бөгөөд Монголын хүүхэд залуус дэлхийн тайзнаа өөрсдийн чадвараа харуулж, шинэ түүхийг эхлүүлж байна.  Тус амжилт нь зөвхөн хүүхэд залуусын ур чадварын илрэл төдийгүй, Монголын ирээдүйг технологи, инновацаар цогцлоох зорилгыг бодит болгох томоохон алхам болох нь дамжиггүй юм.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!