Connect with us

Улс төр

Үндсэн чиглэлийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Published

on

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.14) нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.8 хувийн ирцтэйгээр 10 цаг 10  минутад эхэллээ. Нэгдсэн хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Тус төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд санал хураалтыг хойшлуулаад байсан юм. Өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй Эдийн засгийн байнгын хорооны саналыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний 85.3 хувь нь дэмжсэнгүй. Иймд дээрх төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцон анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн бол бусад Байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа.

Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа танилцуулав. Засгийн газраас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Төсвийн байнгын хороо 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу явуулжээ. Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3 дахь заалтад заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 5 дахь заалтыг өөрчлөн найруулж, Тавантолгойн бүлэг ордтой холбоотойгоор байгуулсан, хэрэгжүүлсэн төрийн нууцад авсан гэрээ, хэлцлийг хууль тогтоомжийн дагуу төрийн нууцаас гаргах арга хэмжээг авч, Улсын Их Хуралд тайлагнах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг холбогдох хууль, тогтоолын төсөлд нэмж тусган агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хууль, тогтоолын төслүүд зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Д.Үүрийнтуяа гишүүн танилцууллаа.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, А.Ганбаатар, Б.Жаргалан, С.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авав.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг буюу “Энэ хуулийн 5.1.13-т заасан төрийн үйлчилгээ үзүүлэх төслөөс хамааран техник, эдийн засгийн үндэслэл шаардахгүй бөгөөд мөнгөний үнэ цэнийн шинжилгээ, төсөвт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ, эрсдэлийн шинжилгээ, хууль зүйн дүн шинжилгээ болон нийгмийн нөлөөллийн шинжилгээг хийж болно” гэсэн зохицуулалтын үр дагаврын талаар тодруулсан гишүүний асуултад ажлын хэсгээс “Нийтийн зориулалттай төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа төслүүдийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний төсөл гэж хоёр бүлэгт хуваадаг. Нийтийн зориулалттай дэд бүтцийн бүх төсөлд ТЭЗҮ шаарддаг зохицуулалт хэвээрээ мөрдөгдөнө. Харин төрийн үйлчилгээний буюу түншлэлээр хэрэгжүүлэх төрийн үйлчилгээний зарим төсөлд ТЭЗҮ шаардах нь хувийн хэвшлийн түншлэгчдэд дарамт үүсгэх, хугацаа удах нөхцөл болж байгаа учраас бусад шинжилгээг хийснээр ТЭЗҮ шаардахгүй байхаар, зарим төрийн үйлчилгээний төслийг түншлэлээр хэрэгжүүлж болохоор зохицуулах нь оновчтой гэж үзсэн. Төрийн үйлчилгээний төсөл нь хамрах хүрээ, хэмжээ, онцлогоосоо хамаараад зайлшгүй ТЭЗҮ-тэй байх шаардлагатай тохиолдол зохих ёсны шаардлагыг хангуулах болно” гэдэг хариулт өгөв. Ирэх оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдээс хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд татварын дарамтыг бууруулах бодлогыг хүлээж байсан ч шийдэл тусгагдаагүй гэдгийг тодотгоод Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагын талаар байр сууриа илэрхийлж байсан.

Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа Төсвийн байнгын хорооноос “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Үргэлжлүүлэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулсан юм. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 86 гишүүний 74.4 хувь нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг, 75.6 хувь нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг, 64 хувь нь “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлахыг, 66.3 хувь нь “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим аргa хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлахыг тус тус дэмжсэн.

“Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Төсвийн байнгын хорооны холбогдох хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэн дэмжсэн байна. Тогтоолын төсөлд Засгийн газарт хэд хэдэн асуудлаар зөвшөөрөл, үүрэг, чиглэл өгөхөөр тусгажээ.

Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаад буй асуудлуудын санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор нийслэлийн дотоод үнэт цаас гаргах асуудлыг холбогдох хууль, бодлогын баримт бичигт нийцүүлэн шийдвэрлэх зөвшөөрөл олгохоор тусгажээ. Мөн боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, ажилтнуудын ур чадвар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, иргэдэд үзүүлэх боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар багш, эмч, эрүүл мэндийн ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа төсвийн байгууллагын үндсэн цалинг хуульд заасан хэмжээгээр нэмэгдүүлэхийг даалгахаар төсөлд тусгасан байна.

Төрийн албаны тогтолцоог шинэчлэн сайжруулж хүний нөөцийн бодит үнэлэмж, бүтээмжийг нэмэгдүүлэх, салбар хооронд үүссэн цалин хөлсний тэгш бус байдлыг арилгах үүднээс төрийн албаны ангилал, зэрэглэлийг шинэчлэн, түүнтэй уялдуулан төрийн албан хаагчийн цалин хөлс, нэмэгдлийн асуудлыг оновчтой тогтоох, эрх зүйн орчныг сайжруулахыг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан хэмээн Д.Үүрийнтуяа гишүүн танилцууллаа.

Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгийг үр ашигтай ашиглах, төслүүдийн хэрэгжилтийн сахилга, хяналтыг сайжруулах үүднээс төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн боловч дуусаагүй, зогссон барилга байгууламж, төслүүдэд дүн шинжилгээ хийх, холбогдох арга хэмжээ авахыг мөн Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

Хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хөгжлийг дэмжих, боловсролын орчныг сайжруулж, сургалтын чанар, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын 6-12 дугаар ангийн нийт сурагчдад “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын санхүүжилтийн эх үүсвэрийг судлан холбогдох эрх зүйн орчныг сайжруулж, 2027 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан байна.

Улсын Их Хурлаас 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр баталсан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдтэй харьцуулж, Үндэсний аудитын газраар аудитын дүгнэлт гаргуулж, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулахыг Засгийн газарт даалгахаар энэхүү Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн, батлуулах нь зүйтэй гэж үзсэн болохыг Д.Үүрийнтуяа гишүүн танилцуулсан юм.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Жаргалан, С.Эрдэнэбат нар асуулт асууж, Боловсролын сайд болон Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяагаас хариулт, тайлбар авав. Гишүүд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар багш, эмч, эрүүл мэндийн ажилтан, эрдэм шинжилгээний байгууллагын албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэн шийдвэрлэхдээ боловсролын салбар дахь багшаас бусад ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлыг орхигдуулсан байгааг шүүмжилж, нөхцөл байдал, гарах үр дүнгийн талаар байр сууриа илэрхийлж, шийдвэрлэх гарцын талаар байр сууриа илэрхийлж байсан. Ингээд Төсвийн байнгын хорооны саналаар “Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 90 гишүүний олонх буюу 63.3 хувь нь дэмжсэнгүй.

Энэ өдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасны дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон “Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай”, “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонсов. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонссоноор өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон Тамгын газрын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтын үеэр Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын талаар танилцуулав.
Тэр бээр, сүүлийн жилүүдэд сургууль, цэцэрлэгийн барилга, засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, “Нутгийн оюутан”, “Багш, сурагч солилцоо”, “Гадаад хэлтэй Сэлэнгэ” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг онцоллоо. Мөн аймгийн хэмжээнд дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэснээр сургууль, цэцэрлэгүүд дулаан орчинд үйл ажиллагаа явуулж байгааг дурдав.
Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилгын зураг төслийн стандартад анхнаас нь анхаарч, нэгдсэн стандартаар чанартай барихгүй бол урсгал зардалд ихээхэн хөрөнгө үрэгдэж байгааг онцолсон юм.
Яг одоо Боловсролын сайд аймгийн боловсролын салбарын 80 гаруй байгууллагын удирдлага, багш, ажилтнуудтай уулзаж байна. Уулзалтын үеэр багш, удирдлагууд салбарын тулгамдсан асуудал, санал хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултуудаа асууж байна.
2025 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, урсгал зардалд нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 2022–2025 онд орон нутгийн хөгжлийн сангийн 6.4 тэрбум төгрөгөөр 23 сургууль, 18 цэцэрлэгийн барилга, дотуур байрны их засварыг хийж гүйцэтгээд байна.
Аймаг гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын их сургууль, НҮБ болон олон улсын байгууллагуудтай боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, “Багийн бага сургууль” санаачилгыг хэрэгжүүлэн Мандал сумын Тарни багт багийн бага сургуулийг шинээр байгуулжээ. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны сургуулийн гал тогооны барилгын төслийг хэрэгжүүлж байна.
“Нутгийн оюутан” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын их сургуулиудад аймгийн 18 оюутан суралцаж байгаа бөгөөд цаашид эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 105 оюутанд тус бүр 5 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөжээ.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна

Published

on

By

Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан салбарын бодлого, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэх, орон нутгийн багш нарын санал хүсэлтийг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
Уулзалтын үеэр дэд сайд Д.Гантулга боловсролын салбарт 2026 онд баримтлах бодлого, хөрөнгө оруулалтын чиглэл, багш, ажилтны цалин хөлсний нэмэгдэл, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, цахим болон хиймэл оюунд суурилсан боловсролын талаар танилцууллаа.
Түүнчлэн багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилт, суралцагч төвтэй боловсролыг бодит ажил хэрэг болгох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, багш нарын санал бодлыг сонслоо.
Багш нарын зүгээс сургалтын орчин, ачаалал, мэргэжлийн хөгжил, цахим сургалтын хүртээмж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал, хүсэлтээ илэрхийлж, цаашид бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хөндлөө.
Боловсролын дэд сайд Д.Гантулга орон нутгийн багш нарын санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийлж, “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутагтай нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо.
Дэлгэрэнгүй

Улс төр

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав

Published

on

By

Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.

Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.

Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.

Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!