Нийгэм
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ
Маргааш тохиох Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээхээр боллоо.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар мэдээлэл өглөө.
Академич С.Нарангэрэлийн Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг ийнхүү үнэлэн алдаршуулж байна.
С.Нарангэрэл нь Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич.
Удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн юм.
Тэр бээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэжээ.
Академич С.Нарангэрэл нь Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын 1 дүгээр орлогч, Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байсан.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагад олгодог.
Мөн улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх болон гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнд хүртээдэг юм.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
- 2006 онд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав
- 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
- 2010 онд төр, нийгмийн зүтгэлтэн, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Р.Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
- 2012 онд УИХ-ын дарга асан, гавьяат эдийн засагч Д.Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
- 2014 онд нэрт эрдэмтэн, физикч, академич Х.Намсрай
- 2015 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
- 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаяр
- 2019 онд The Hu хамтлаг
- 2021 онд сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа
- 2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин
- 2022 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Д.Доржготов, АНУ-ын эрдэмтэн, доктор, профессор Жак Уэтерфорд
- 2023 онд Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулга
- 2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээжээ.
Нийгэм
Батсүмбэр суманд орчин үеийн инженерийн шийдэлтэй шинэ бага сургууль ашиглалтад орлоо
Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Багийн бага сургууль” санаачилгын хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багт 75 хүүхдийн хүчин чадалтай шинэ “Бага сургууль” өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, “Номин Холдинг” ХХК-ийн үүсгэн байгуулагч A.Шагдарсүрэн тэргүүтэй төлөөллүүд болон аймаг, сум, багийн удирдлагууд оролцов.
“Энэхүү санаачилгыг бодит ажил болгоход хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү багийн бага сургууль төр-хувийн хэвшил-хөгжлийн байгууллагуудын түншлэлийн тод жишээ болж байна. Бид ирэх жил илүү олон багт сургуулиуд байгуулахаар төлөвлөж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан онцоллоо.
“Номин Холдинг” ХХК-ны хөрөнгө оруулалтаар баригдсан уг сургууль нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй дулаан, агааржуулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг орчин үеийн инженерийн шийдэлтэй байгальд ээлтэйгээрээ онцлог юм.
Мөн сургалтын орчин нь үндэсний болон олон улсын стандартад нийцсэн өндөр хурдны интернэт, цахим анги, стандартын гал тогоо зэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаж, бага насны хүүхдэд ээлтэй, гэртээ ойр боловсролын үйлчилгээнд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлжээ.
Багш нарыг холимог бүлгийн сургалт болон цахим сургалтын арга зүйгээр чадавхжуулсан байна.



Нийгэм
Өнөөдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 77 жилийн ой тохиож байна
Өнөөдөр хүний эрхийн олон улсын өдөр. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор гишүүн улсууд “дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг уриалсан түүхэн өдөр юм.
Хүн бүр төрөхөөсөө бүхий л эрх, эрх чөлөөг яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалтгүйгээр эдлэх ёстой.
Тунхаглал 30 зүйлээс бүрдэх бөгөөд хүн бүрийн эдлэх иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын зэрэг олон талт эрхийг багтаасан байдаг.
1950 оноос эхлэн жил бүр хүний эрх, эрх чөлөөг цогц байдлаар эрэмбэлэн тодорхойлсон, улс орон бүхэнд үлгэр болохуйц хүний эрхийн жишиг тогтоосон энэхүү баримт бичиг батлагдсан өдрийг олон улсын “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн юм.
Хүний эрх, эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын нэг юм.
“Хүн бүхэн заяагдмал эрхтэй” хэмээх санааг анх дэлхийн түвшинд тунхагласан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн олон улсын гэрээ, үндэсний хууль тогтоомжийн үндэс болсон билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлнэ хэмээн тунхаглаж, Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт “Хүний эрх, эрх чөлөө”-г тодорхойлсон нь түүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын нэг болгосон юм.
Монгол Улс Үндсэн хуулиа баталснаас хойш хүний эрх, эрх чөлөөний төлөө олон улсын болон иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд эдгээрийг үндэсний хууль тогтоомж, эрх зүйн бусад баримт бичигт тусгаж, мөн олон улсын гэрээнд нэгдэн орох замаар баталгаажуулжээ.
Монгол Улс НҮБ-ын гишүүн улс болохын хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт, Эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц, Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг хүний эрхийн талаарх олон улсын 40 гаруй гэрээнд нэгдэн орсон буюу соёрхон баталсан байна.
Түүнээс гадна Монгол Улс 2000 онд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг баталж, Хүний эрхийн Үндэсний байгууллагыг байгуулсан билээ.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд Үндсэн хуулийн цэцийг Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болгон хуульчилсан байна.
Бэлтгэсэн: Х.Бямбадалай
Нийгэм
14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо
“Enjoy AI 2025” олон улсын уралдаанд Говь-Алтай аймгийн Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд дэлхийн аварга боллоо
Монголын бяцхан инженерүүд “Enjoy AI 2025” олон улсын робот, кодчиллын уралдаанд амжилттай оролцож, медаль хүртлээ. Тус тэмцээнд дэлхийн 61 улсын 1000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд манай улсаас 56 оролцогч хүч сорьж, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь улсынхаа боловсролын салбарт томоохон хөшүүрэг болов.
Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, технологийн өсөлт хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Монгол хүүхэд, залуус өөрсдийн чадвараа дэлхийн хэмжээнд сорин, аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Говь-Алтай аймаг “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль, Дархан-Уул аймгийн Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар мөн энэ төрөлд хүрэл медаль хүртжээ.
Өнөөдрийг хүртэл “Enjoy AI” тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч оролцсон бөгөөд Монголын хүүхэд залуус дэлхийн тайзнаа өөрсдийн чадвараа харуулж, шинэ түүхийг эхлүүлж байна. Тус амжилт нь зөвхөн хүүхэд залуусын ур чадварын илрэл төдийгүй, Монголын ирээдүйг технологи, инновацаар цогцлоох зорилгыг бодит болгох томоохон алхам болох нь дамжиггүй юм.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
